COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрснийхөө дараа витамин уухгүй бол чиний биед тохиолдож болох 8 зүйл

2017 оны 10 сарын 18

Жирэмсэн үедээ пренатал витамин уух ёстой талаар бараг бүх эмэгтэйчүүд мэднэ. Гэхдээ хүүхдээ төрүүлсэн мөчөөс эхлэн нэмэлт амин дэмийн хэрэгцээ үгүй болно гэсэн үг огтхон ч биш. Ялангуяа хөхүүл ээжүүдийн хувьд харин ч зарим амин дэмийн хэрэгцээ нь жирэмсэн үеийнхээс ч илүү болж ирдэг.

Мэдээж хэрэгцээт амин дэмээ хоол хүнснээсээ авах нь хамгийн сайн арга. Гэхдээ шинэхэн төрсөн нярай хүүхдийн асаргааны хажуугаар заримдаа бие засах ч завдал гардаггүй байтал төгс шим тэжээллэг хоол бэлдэж иднэ гэдэг бүр хэцүү. Тиймээс биеэ хурдан тэнхрүүлэх, эрч хүчээ эргүүлэн олох, дархлаагаа дэмжих мөн хөхүүл ээжийн хувьд хүүхэддээ “амин дэмлэг” сүү өгөхийн тулд чанартай хооллолтоос гадна чанартай амин дэм нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байдаг.

Саяхан амаржсан ээжүүдээс ямар витамин ууж байгаа талаар нь асуухад “Би юу ч уухгүй байгаа ш дээ. Ууж яах юм бэ?” гэж хариулах нь олон. Тэгвэл одоо төрснийхөө дараа нэмэлт амин дэм хэрэглэхгүй байх нь ямар эрсдэлтэй талаар тайлбарлах гэж байна.

1. Бие чинь байнга сульдаж, ядарна

“Амаржина” гэдэг нэрэндээ таараагүй амаргүй ажлын дараа бие их хэмжээгээр ядарч сульдах нь ойлгомжтой. Гэхдээ үүнээс гадна төрөлтийн үеэр шавхаргаар дамжуулан их хэмжээний цус алдагддаг учраас тэр чинээгээрээ ээжүүд төмрийн дутагдалд орсноор хэвийнээс ч илүү ихээр ядарч сульдах шалтгаан болдог байна. Харин төмрийн бэлдмэл нэмэлтээр ууснаар ядралтаа багасгах боломжтой. 
Зөвхөн төмрөөс гадна пантотены хүчил, B2, B1, Биотин зэрэг амин дэмүүд нь биеийн энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийн зохистой хэрэглээг постнатал буюу төрсний дараа уудаг амин дэмээс нөхөж авснаар мөн л ядралтаа багасгаж, эрч хүчээ эргүүлэн олох боломжтой.

2. Чихээр хатгуулж, дүнгэнэнэ

Төрсний дараа чихээр хатгуулж, дүнгэнэдэг болсон гэх ээжүүд олон байдаг. Энэ нь ерөнхий тамир муудсан, дархлаа суларснаас гадна шим тэжээл дутагдлаас үүдэлтэй. Хэрэв чиний ч бас чих өдөр тутамд үе үе дүнгэнэж байгаа бол энэ нь төмрийн дутагдлын нэгэн шинж байж болно.

3. Төрсний дараах сэтгэл гутралд өртөж магадгүй

D амин дэм бидний биед олон гайхалтай ашиг тусыг хүртээдэг. Сүүлийн үеийн судалгаагаар D амин дэмийн хэрэглээ нь төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэхэд тустай болох нь нотлогджээ. 
Түүнчлэн эхийн хөхний сүү нь D амин дэмээр дутмаг байдаг учир нярай хүүхэд ээжээсээ хангалттай D авч чаддаггүй. Тиймээс нярайн сульдаа буюу рахит өвчнөөс сэргийлэхийн тулд хөхүүл ээж нь D-тэй нэмэлт амин дэм уувал сайн.

4. Арьс амархан хөхөрнө

С амин дэм дархлаа дэмждэг, үрэвсэл намдаадаг байгалийн антиоксидант гэдгийг бид мэднэ. Амаржаад удаагүй ээжүүд голдуу цайны боов, сүүтэй цай, гурилтай шөл гурваар хооллож, заримдаа эмчийн заавраар цитрусын төрлийн жимсийг хориглодог учраас хаа сайгүй хамгийн элбэг байдаг С амин дэмийн ч дутагдалд орох нь түгээмэл. C дутагдлын шинжүүдэд арьс хуурайшах, гар хөлөө багахан цохих төдийд л шууд хөхрөх зэрэг орно.

5. Цахилгаанд цохиулах мэт мэдрэмж

Тархи, төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангадаг B12 витамин дутагдвал үе үе биеэр гүйдэл гүйгээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь мэдрэлийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдсаныг илтгэнэ. Мөн л нялх биетэй ээжүүдэд илүү их илэрдэг шинж мөн.

6. Булчин суларна

Төрснийхөө дараа хэвийн жиндээ хурдан орохоор фитнесст бүртгүүлсэн боловч гар хөлийн чинь булчин цэлцэгнүүр шиг, ямар ч хүчгүй болчихсон байна уу? Энэ нь Е амин дэмийн дутагдалтай холбоотой байж болно. Үүнээс гадна Е амин дэм нь цусны улаан эсийн үйлдвэржилтийг дэмждэг байна.

7. Үс, хумс хэврэг болно

Сайн мэдээ нь: Хүүхдэд хөхний сүүнээс илүү сайн тохирох хүнс гэж үгүй. Онцгүй мэдээ нь: Чиний бие махбодь хүүхдийг кальциар баялаг сүүгээр тэжээхийн тулд өөрийн чинь ясан дах кальциас хэрэглэж магадгүй. Чиний биед кальци дутагдвал үс хугарах, хумс хугарах шинж тэмдгүүд эхнээсээ илэрнэ. Эдгээрийг анзааралгүй “Угаасаа л төрөхөөр ингэдэг юм” гэж явсаар сүүлдээ өвдөгний ясаар сийгэх хүртэл даамжруулсан ээжүүд ч олон байдаг. Тиймээс төрснийхөө дараа кальциар баялаг сүү сүүн бүтээгдэхүүн сайтар хэрэглэж, нэмэлт бэлдмэл хэрэглээрэй.

8. Ой тогтоолт муудна

Ээжийн завгүй амьдралд мартах санах тохиолдол олон. Гэхдээ ганц нэгээс ч илүү, байн байн юмаа мартаад байвал энэ нь кальцийн дутагдлын бас нэгэн шинж байж болно.

Эх сурвалж: Goolingoo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
48291
3 эможи
keyboard_arrow_up