COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мэдүүштэй: Бүтээмжээ нэмэгдүүлье гэвэл энэ 7 зүйлийг хийхээ боль

2017 оны 9 сарын 15

Arslan.mn

Завгүй байх, бүтээмжтэй байх хоёрын хооронд том ялгаа бий. Завгүй байна гэдэг нь бүтээмжтэй байна гэсэн үг биш. Харин бүтээмжтэй байна гэдэг нь цагийн менежмент гэхээсээ энергиэ удирдах тухай асуудал юм. Тэгэхээр бид хэрхэн бага энерги зарцуулж ихийг хийж бүтээхэд суралцах хэрэгтэй. Их ажиллахаас илүү ухаалаг ажиллах нь таныг амжилтад хүргэнэ. Тиймээс энэ долоон зөвлөгөөг дагаад үзээрэй. Үр дүнд нь, та магадгүй 7 хоногт 60 цаг ажилладаг байсан бол 40 цаг ажилладаг болж, энэ хугацаанд урьдынхаасаа ч илүү ихийг амжуулаад эхэлж мэдэх юм шүү.

1. ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХЫН ОРОНД ЦӨӨН ЦАГААР ҮР ДҮНТЭЙ АЖИЛЛА

7 хоногт 40 цаг ажиллах ёс ер нь хаанаас гарч ирснийг та мэдэх үү? 1900-аад оны эхээр АНУ-д үйлдвэрийн ажилчид 7 хоногт 100 цаг ажилладаг байжээ. Үүнийг 1940 оны хуулиар 40 цаг болгон бууруулсан аж. Яагаад ийм өөрчлөлт хийсэн нь ихээхэн сонирхолтой бөгөөд та бидний сайн мэдэх Форд Моторс компанийн захирал Хенри Фордтой холбоотой. Тэрээр ажлын 6 өдрийг 5 болгон багасгаж, өдөрт ажиллах цагийг 10-аас 8 болгож бууруулсан туршилт явуулаад, хоёр дахь хувилбар нь ажилчдад ч тустай, үйлдвэрт ч ашигтай болохыг олж мэджээ.

7 хоногт 60-аас илүү цагаар ажиллах нь 2 сараас дээш хугацаанд үргэлжилбэл энэ хугацаанд бүтээмжийн алдагдал нь хуримтлагдсаар 7 хоногт 40 цагаар 2 сар ажиллаад дуусгах даалгаврыг ижил хугацаанд ч хийж чадахааргүй хэмжээнд хүрдэг байна.

АНУ-ын армиас явуулсан судалгаагаар "долоо хоногт өдөр бүр 1 цагаар бага унтвал цусан дахь алкохолын хэмжээ 0.10 байгаатай дүйхүйц хэмжээнд танин мэдэхүйн чадвараа алддаг" гэдгийг тогтоожээ. Ажилдаа согтуу ирвэл халагдаж мэдэх ч шөнөжингөө нойргүй хоносон байвал "окэй"-д тооцогддог нь харамсалтай.

Ийм учраас бид хэт олон цагаар ажиллалгүй хангалттай нойр авч, үр бүтээмжээ өндөр байлгах нь чухал юм. Хэрвээ дараагийн удаа гараас юм гарахгүй байгаад байвал шалтгаан нь ердөө л хангалттай нойр авдаггүй хүмүүсийн тоонд буюу хүн амын 70 хувьд багтах болсонтой тань холбоотой байж магадгүй.

2. "ТИЙМ" ГЭСЭН ХАРИУГ АЛЬ БОЛОХ ЦӨӨН ХЭЛ

Паретогийн зарчмаар бол бидний хийж буй зүйлсийн 20 хувь нь амжилтын 80 хувийг авчирдаг. Гэтэл үлдсэн 20 хувийн амжилтыг авчирдаг зүйл нь бидний хийж буй зүйлсийн 80 хувийг эзэлдэг. Тиймээс бид дааж давшгүй их ажил хийхийн оронд амжилтын 80 хувийг авчирдаг тэр 20 хувийн ажлыг л хийхэд хангалттай. Ингэж чадвал чухал ажлууддаа ч илүү анхаарал хандуулж чадна. Тэгэхээр үр ашиг багатай зүйлсэд "тийм" гэж хэлэхээ больж заншъя.

"Амжилтанд хүрсэн ба асар өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн гол ялгаа нь, сүүлийн хэсэг нь бараг ихэнх зүйлсэд "үгүй" гэж хэлдэгт байдаг."
- Уоррен Баффет

Гэхдээ ямар зүйлд үгүй, ямарт нь тийм гэж хариулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс та өөрийн хийдэг бүх зүйлсийг жагсаан бичээд хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгаад үзээрэй. "Тийм" гэж хэлэх нь "үгүй" гэхээс амархан тул бидний ихэнх нь хэрэггүй зүйлтэй зууралдаж яваагаа анзаардаггүй.

2012 оны нэгэн судалгаагаар 120 оюутнуудыг 2 групп болгож хуваасан ба нэг групп нь "Би чадахгүй", нөгөө групп нь "Би тэгдэггүй" гэсэн үгийг байнга ашиглахаар болжээ. Судалгааны үр дүн тун ч сонирхолтой гарч. Тэднээр чихэр идүүлж үзэхэд, "Би чадахгүй" гэж хэлдэг оюутнуудын 61 хувь нь чихрээ идсэн бол "Би тэгдэггүй" гэж хэлдэг хэсгийн ердөө 36 хувь нь чихрээ идсэн аж. Тэгэхээр зөвхөн өөр үг ашиглах нь л магадгүй таны эрүүл хоол идэх эхлэлийг тавьж болох юм. Дараагийн удаа "тийм" гэж хэлэхийг хүсэхгүй байвал "Би тэгдэггүй юм аа" гэж хэлж сураарай.

3. Бүхнийг өөрөө хийхээ больж, бусдын туслалцааг авч бай

Та брэндүүдэд яагаад хэрэглэгчдийн бүтээсэн контентууд (user-generated contents) чухал байдгийг мэдэх үү? Юу хүсэж байгаагаа хэрэглэгчид хэнээс ч илүү мэддэг. Octoly-ийн судалснаар Youtube дээр хэрэглэгчдийн бүтээсэн видеонууд брэндүүдийн өөрсдийнх нь бүтээсэн видеонуудаас 10 дахин их хандалт авдаг аж. Жишээ нь америкчуудын талаас илүү нь (51%) аль брэндийн талаар мэдээлэл хайх үедээ хэрэглэгчдийн бүтээсэн контентыг тухайн брэндийн вэб дээрх контентоос (16%), мөн медиа дээрх мэдээллүүлдээс (14%) илүүд үздэг байна.

Жишээ нь сайн контент маркетер байя гэвэл та сайн контент бүтээхээс илүү танд зориулан сайн чанарын контент бүтээж өгөх хүмүүсийн нэгдлийг (community) бий болгох нь илүү чухал юм. Түүнчлэн шаардлагатай үед тусламж эрэх нь чухал гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн таны зарим ажлыг аваад танаас илүү хийх нь танд л сайн. Та чухал зүйлсэд илүү цагийг гаргах боломжтой болно шүү дээ. Юмны учрыг өөрөө л олох гэж цаг алдаж байснаас мэддэг чаддаг хүмүүсээр туслуулахыг зөвшөөрсөн нь дээр.

Зүгээр л найзууд дэргэд байх нь зарим тохиолдолд илүү бүтээмжид хөтөлдөг гэнэ шүү. Массачусетсийн анагаахын мэдрэлийн сэтгэл зүйч Дэвид Новелл "Анхаарал дутагдлын хэт идэвхт өөрчлөлтийн (ADHD) эмчилгээнд бие давхарлах (body double) хэмээх ойлголт байдаг. Анхаарал нь сарнимтгай хүмүүс, дэргэд нь ямар ч туслалцаа, зөвлөгөө өгөөгүй хэн нэгэн байхад л, ажлаа илүү сайн хийдэг" хэмээн ярьсан юм. Тэгэхээр шүүгээгээ цэвэрлэх, татварын тайлангийн үеэр баримтуудаа нэгтгэх гэх мэт сонирхолгүй, хэцүү ажилтай тулгарсан бол дэргэдээ найзаа авчрах нь тустай байж мэдэх юм.

4. Төгс зүйлийг хүлээхээ боль

"Төгс төгөлдөр байдлыг хүлээх нь профессоруудын судалгаанд хэрхэн нөлөөлдгийг бид судалсан. Төгс үр дүнг хүлээх тусмаа профессорууд бүтээмж муутай болдог" гэж сэтгэл зүйн профессор Др. Саймон Шерри хэлсэн юм. Тэрээр энэ хоёр ойлголтын хамаарал өндөр байдгийг олж тогтоожээ: Төгс төгөлдрийг эрхэмлэгч хүмүүс тухайн үүрэг даалгаварт шаардагдах цагаас илүү их цагийг зарцуулдаг байна. Тэд ажлаа хойшлуулж, цаг ирж тохироо бүрдэхийг хүлээдэг. Бизнест бол, хамгийн тохиромжтой цаг ирлээ гэвэл тэр нь хэдийн хожимдсон цаг байдаг. Тэд жижиг зүйлсэд төвлөрч, том зургаар харж төсөөлж чадахаа болдог. Хамгийн тохиромжтой цаг бол ОДОО!

5. Механик ажлуудыг давтан давтан хийхээ больж, автоматжуул

Орчин цагт бидэнд байнга хийдэг механик ажлуудаа автоматжуулах үй түмэн боломж байгаа. Хэрвээ програм бичдэг бол өөрөө бичих, үгүй байлаа гэхэд тийм програм, апп-ийг олох, худалдаж авах боломж бий.

Хүмүүс заримдаа цаг бол мөнгө гэдгийг мартдаг. Амархан, зүдэргээ багатай учраас хүмүүс механик ажлуудыг хийсээр байдаг. Магадгүй 3 хүнтэй баг удирдахад, 10 хүнтэй харилцахад автоматуулах хэрэгцээ нэг их мэдрэгддэггүй байж болно. Харин 30 хүн удирдаад ирэхээр, 100 хүнтэй харилцаад ирэхээр та ажлаа зайлшгүй автоматжуулах шаардлагатай. Ажлаа автоматжуулахын тулд шаардлагатай бол мөнгө зар. Мөнгө олохын тулд мөнгө зарах хэрэгтэйгээ мэддэг байх хэрэгтэй. Цаг бол таны хамгийн үнэ цэнтэй бараа шүү дээ.

6. Таамаглахаа больж, тоо баримт дээр үндэслэн шийдвэр гарга

Хэрвээ та вэбсайтаа хайлтын систем дээр дээгүүр харагдуулах тохиргоог хийж чадаж байвал амьдралынхаа ч гэсэн "тохиргоог" хийж, дээд хүчин чадалдаа хүрч чадна гэсэн үг. Таны гайхаж эргэлздэг зүйлсэд хариулт өгөх судалгаанууд зөндөө л байдаг. Жишээ нь та ихэнх хүмүүс 12-16 цагийн хооронд анхаарал нь амархан сарнидгийг мэдэх үү? Энэ судалгааг жишээ нь Пеннсилванийн их сургуулийн сэтгэл зүйн ассошиэт профессор Роберт Матчок тэргүүтэй баг хийсэн юм.

Та хэрэгтэй тоо баримтаа олж чадахгүй байлаа ч аливаа таамаглалыг шалгаад үзчихэд нэг ч их цаг орохгүй. Жишээ нь твиттерт сурталчилгааны жиргээг ямар хэлбэрээр бичих хэрэгтэйг хэд хэдэн янзаар хэдэн удаа бичиж үзээд л хариуг нь мэдэж болно. Тэгэхээр хийдэг зүйл бүрээ яаж хэмжиж байхаа өөрөөсөө байнга асууж байгаарай.

7. Ажиллахаа больж, юу ч хийдэггүй цагтай бай

Ямар нэг юманд хэт төвлөрөх нь яг л өөрсдийгөө хайрцганд цоожилж байгаатай адил гэдгийг ихэнх хүн ухаардаггүй. Тэгэхээр ажлаасаа хааяа холдож ганцаараа цагийг өнгөрүүлэх нь чухал юм. Ганцаараа байхын хүчy нийтлэлд дурдсанаар бол ганцаараа байх нь тархинд ч, сэтгэл санаанд ч сайн гэнэ.

Одоо үргэлжлэн хийгдэж буй Харвардын нэг судалгаанаас үзэхэд, хүмүүс ямар нэг зүйлийг ганцаараа үзэж туулж байна гэж итгэдэг бол урт хугацааны, хурц ой санамжийг бий болгож чаддаг гэнэ. Мөн тодорхой хугацааны ганцаардал нь хүнийг илүү энэрэнгүй болгодог гэнэ. Хэдийгээр бага насанд хэт их ганцаардах нь сайнгүй гэдгийг хүн бүр мэдэх ч, тодорхой хэмжээнд ганцаараа байх нь өсвөр насныханд сэтгэл санааны байдлаа засах, хичээлдээ дүнгээ ахиулахад эерэг нөлөө үзүүлдэг байна.

Тэгэхээр бодож эргэцүүлж цагийг гаргаж байх нь чухал. Бид заримдаа шийдэл хайгаагүй үедээ хариуг нь олдог. Бид нэг өдрийн дотор л жигтэйхэн үр бүтээмжтэй болчихгүй. Амьдрал дахь бусад зүйлсийн адилаар энэ нь хүчин чармайлт шаарддаг. Зүгээр суугаад л хүлээж байхад өөрчлөлт ирдэггүй. Тэгэхээр өөрийн биеийг сайн судалж чагнаж, энергиэ зөв хуваарилж сурах нь илүү амжилттай, аз жаргалтай амьдралд хөтөлнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47052
1 эможи
keyboard_arrow_up