COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Зөв дадлыг хэвшүүлэхэд туслах 20 секундын арга

2017 оны 9 сарын 13

Зөв сайн дадлыг хэвшүүлж, буруу зуршлуудыг арилгах хэцүү. Гэхдээ хэцүү гэдэг нь боломжгүй гэсэн үг биш. Өнөөдөр бид дадал хэвшүүлэхтэй холбоотой жижиг хэрнээ үр дүнтэй нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Та туршаад үзээрэй.

Сайн, муу ямар ч дадал хүсэл зоригоос эхэлдэг. Харвардын Их Сургуулийн судлаач Шаун Акор "The Happiness Advantage" хэмээх номондоо ажил тарсны дараа гитар тоглох дадлыг хэвшүүлэх гэж бүтэлгүйтэж байснаа дурддаг. Гитар тогловол тэрээр илүү аз жаргалтай болох байсан ч шүүгээнээс гитараа авч зочны өрөөрүүгээ явах 20 секундын ажил түүнд маш том саад болж байжээ. Хэдэн өдөр өөрийгөө хүчлэн байж тоглосны дараа гитар тоглох нь түүнд хэтэрхий түвэгтэй санагдсан тул үргэлжүүлэхээ бүрмөсөн больсон аж. 20 секундын илүү ажил л гитар тоглосноор олж авах үр дүнгээс түүнийг татгалзахад хүргэсэн байна.

Ийм буруу шийдвэр гаргахад нөлөөлдөг нэг хүчин зүйл бол бидний тархи юм. Өдрийн турш бидний тархи яг л бензиний танк мэт ажиллах тусам бага багаар хүсэл зоригийг иддэг аж. Өөрөөр хэлбэл өдрийн турш ямар хоол идэх вэ, юу худалдаж авах вэ, ямар хувцас өмсөх вэ гэх мэт жижиг сажиг шийдвэрүүдийг гаргасаар орой болоход тархи тань ядарч ямар нэг эерэг дадлыг хэвшүүлэх шийдвэрүүдийг тоохоо больдог байна. Телевиз үзэх, утсаа оролдох зэрэг сөрөг дадлуудыг байнга хийх нь дасгал хийх зэрэг эерэг дадлуудыг хийхээс илүү хялбар байдаг. Гэхдээ үүнийг шийдвэрлэх арга байгаа юу?

Шауны шийдэл маш энгийн байсан ба энэ нь гитараа авахад зарцуулах тэр 20 секундыг л алга болгох байсан юм. Тэрээр 2 долларын гитарын тавиур худалдаж аван гитараа зочны өрөөнд яг гарынхаа дор байрлуулжээ. 3 долоо хоногийн дараа гэхэд Шаун 21 өдөр дараалан гитар тоглосон байв.

"Миний хийсэн зүйл бол хийхийг хүсэж байгаа зүйлээ гүйцэтгэхэд саад болох зүйлсийг холдуулж хамгийн хялбар замыг бий болгох байсан юм. Үүнийг би 20 секундын арга гэж нэрлэх дуртай. Учир нь ердөө 20 секундын саад арилснаар эерэг дадлыг хэвшүүлэх гарц нээгдсэн юм.
- Шаун Акор

Шинээр олж мэдсэн энэ аргаа тэрээр мөн сөрөг дадлуудад хэрэгжүүлсэн бөгөөд мөн ижил үр дүн гарчээ. Ямарваа нэг сөрөг дадлыг эхлэхэд 20 секунд илүү зарцуулахаар байлгах нь тэднийг хийх хүслийг унтрааж, амьдралаасаа хасахад хялбар болгодог аж.

Өдөр бүр гэртээ ирээд зурагт үздэг байсан зуршлаасаа салахын тулд Шаун удирдлагынхаа зайг аваад өөр өрөөнд аваачиж тавьжээ. "Дараагийн хэдэн өдөр гэртээ ирээд сурсан зангаараа байнга удирдлаганыхаа асаах товчийг хэд хэд дардаг байсан ч удалгүй нөгөө өрөөнөөс зайг эргүүлж авах шаардлага нь энэ зуршлаас салахад хангалттай байсан" хэмээн тэрээр ярьсан юм.

Тэгвэл энэ энгийн хэрнээ үр дүнтэй 20 секундын аргыг та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Орхимоор байгаа ямар нэг зуршлаа үргэлжлүүлэхэд тань юу нөлөөлж байна вэ? Ууттай чихрээ шүүгээнийхээ өөр өрөөнөөс сандал авчирч байж л хүрч болох хамгийн дээд тавиур дээр тавь. Тамхиа хаана ч авч явах цүнхэндээ байлгахын оронд машиныхаа хайрцганд хий. Утаснаасаа сошиал медиа апп-уудаа бүгдийг нь устга эсвэл хэрэглээг тань хязгаарлах апп суулга.

Эерэг дадлын хувьд ч мөн адил. Өдөр бүр фитнесст явмаар байгаа бол очиход ойрхон газар сонго. Хувцсаа үргэлж дэргэдээ бэлэн байлга. Эрүүл хооллохыг хүсэж байвал өмнө нь 7 хоногийн эрүүл хүнсээ бэлдчихсэн бай.

Аливаа дадлыг хэвшүүлэхэд хэцүү. Гэхдээ ердөө 20 секундын хичээл зүтгэл гаргаснаар эерэг дадлыг бий болгох, муу зуршлыг хаях эхлэл тавигдах юм.

Холбоотой: Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх 4 апп, "Дадал хэвшлийн хүч" номын тухай + Онцлох эшлэлүүд

Эх сурвалж: Everyone Should Know the “20-Second Rule” for Breaking Bad Habits, The 20-Second Rule: How to Build Better Habits (in 1/3 of a Minute)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46924
0 эможи
keyboard_arrow_up