COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэ намрын чиг хандлагыг тодорхойлох 10 хувцас загвар

2017 оны 9 сарын 06

Дэлхийн хамгийн загварлаг хот гэгддэг Парисын бүсгүйчүүд, энэ намар ямар хувцсаар гоёхоор төлөвлөж байгаа тухай танд мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Тэд үргэлж загварын шинэ хандлагыг шингээсэн хувцсыг сонгож өмсдөг тул тэднээс санаа  авахад хэзээ ч буруудахгүй. Энэ намар илүү чөлөөтэй, хуучинсаг хувцаснууд эргэн ирэх бөгөөд 20 гаруй жилийн өмнө үед өмсдөг байсан урт савхи, саарал гадуур хүрэм зэрэг хувцас загварт эргэн ирж байгаа ажээ.

1 Өндөр суудалтай хувцаснууд

Зөвхөн өндөр суудалтай өмд гэлтгүй бүсэлхий давсан юбка, жинсэн өмд зэрэг загварт орж байгаа гэнэ. Ийм төрлийн хувцас хөлийг илүү урт, бэлхүүсийг илүү нарийн харагдуулдаг учир олон эмэгтэйчүүд сонгон өмсөх дуртай байдаг. Үүнээс гадна ямар ч хувцастай хослуулан өмссөн ч классик, стиллэг, орчин үеийн бүсгүй шиг харагдах болно.

Эмэгтэйлэг шинж чанарыг тодотгон харуулдаг тул хүлээн авалтууд, баяр ёслол болон нээлтийн ажиллагаанд хамгийн тохиромжтой. Хэрэв өдөр тутамдаа өмсөх гэж байгаа бол суналттай материалтай шулуун, шагайны дээгүүр урттайг сонгож болно. Таны биеийн галбирыг тодотгоод зогсохгүй, олон хүний дундаас ялгарч харагдахад тусална.

Өндөр суудалтай хувцаснууд

2 Бага зэрэг томдсон хослол

Сүүлийн үеийн эмэгтэйчүүдийг та анзаарсан бол бага зэрэг сул гадуур хувцас, цамц, өмдийг сонгон өмсөх болсон. Ийм хувцсыг "хөдөлгөөнтэй" хувцас гэдэг бөгөөд бусдын анхаарлыг татаж, сонирхлыг өдөөх чадвартайгаас гадна биед эвтэйхэн байдлаараа давуу талтай. Салхи гарах үед намирч, хийсэх хувцас эмэгтэй хүний биеийн хэлбэрийг тодотгон, илүү амьд, натурал харагдуулдаг гэнэ.

Энэ намар сул загвартай, бага зэрэг томдсон мэт харагдах эмэгтэй хослол зонхилох бөгөөд хослолынхоо дотуур нимгэн цамц, хоолойтой өнгө дагуу цамц өмсөж, ээмэг зүүн, ханцуйгаа шууж, цаг зүүх эсвэл шагайны дээгүүрх өмдтэй хослуулбал гайхалтай имидж бүрдэнэ. Ийм хувцас нь ажил хэрэгч болон чөлөөт байдлыг зэрэг тодотгож чаддаг тул ямар ч гуталтай хослуулж болно.

Бага зэрэг томдсон хослол

3 Пиджак

Чимэглэл багатай, цулгуй загвартай жигд өнгөтэй пиджак энэ намрын загварт эргэн ирж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд биеийн бүх хэсгийг тодотгон харуулсан бариу хувцаснаас илүүтэй өөрт эвтэйхэн боловч, классик загварыг голлон баримталж байгаа юм.

Холливуудын одод ч энэ загвараар аль хэдийн хувцаслаад эхэлсэн бөгөөд энэ нь огтхон ч эрэгтэйлэг харагдахгүй тул санаа зовох хэрэггүй. Ийм пиджакыг бүх төрлийн юбкатай хослуулан илүү энхрий, эмэгтэйлэг загвар бүтээж болно. Мөн жижиг гар цүнхийг гадуур хувцастайгаа хослуулан барьж өдөр тутмынхаа стилийг бүрдүүлээрэй.

Пиджак

4 Хөлнөөсөө толгой хүртлээ улаан

Улаан өнгө нь бусдын анхаарлыг ихээр татаж, өөртөө итгэлтэй харагдуулах хүчтэй. Энэ намар та улаан өнгийн урт түрийтэй гутал эсвэл гадуур хүрэм аль нэгийг нь биш хоёуланг нь нэг дор өмссөн ч болох гэнэ. Улаан өнгийн дэгжин өндөр өсгийт- улаан ноосон цамц, улаан өмд-улаан пиджак зэргээ хослуулан өмсөж бусдын анхаарлыг татаарай. Мэдээж энэ өнгөөр дагнан хувцаслаж байгаа бол хэт их нүүрээ будаад хэрэггүй шүү. Хөнгөн крем түрхэж, сормуусаа будаад уруулаа өнгөлөгчөөр өнгөлөхөд хангалттай. Илүү дэгжин харагдахыг хүсвэл нарны шил нэмж зүүж болно.

Хөлнөөсөө толгой хүртлээ улаан

5 Дөрвөлжин хээ

Дөрвөлжин, хэрээсэлсэн хээтэй бүхий л хувцас, аксессуар энэ жилийн намрын загварт тооцогдож байгаа. Тиймээс та өмнө нь өмсдөг байсан хуучин ороолт, цамц гадуур хүрмээ гаргаж өмсөж болно. Эсвэл ийм хээтэй юбкаар гоёж имиджиндээ илүү хөгжилтэй, загварлаг элемэнтийг нэмээрэй. Хамгийн чухал нь нэг дор ийм хээтэй олон хувцас өмсөж болохгүй шүү.

Дөрвөлжин хээ

6 Саарал өнгийн гадуур хувцас

Загварын оргилуудын нэг Кристиан Диор энэ жилийн загварынхаа гадуур хувцсанд бараавтар саарал өнгийг голчлон сонгосон бөгөөд энэ нь илүү хүйтэн, феминист загварыг илэрхийлсэн байсан юм. Ийм хүрмийг, өөр төрлийн материалтай хослуулж, илүү гайхшрам төрх бүрдүүлээрэй. Жишээ нь: Саарал хүрмэн доогуураа, бор савхин өмд, ноосон эсвэл нэхмэл цамц гэх мэтээр хослуулж өмсөх хэрэгтэй.

Саарал өнгийн гадуур хувцас

7 Савхин хувцас

90-ээд оны эхэн үеэр загварлагт тооцогддог байсан урт савхин хүрэм, урт түрийтэй нарийн өсгийтэй гутал, юбка зэрэг нь 2017 оны намрын загварт эргэн ирж байна. Заавал 100% арьс гэх хэрэггүй бөгөөд дуураймал арьс байсан ч, загварын хандлагат нийцнэ гэжээ. Өнгөний хувьд улаан, хар ногоон, хар хөх, хар зэрэг өнгөнүүд голлох ажээ.

Савхин хувцас

8 Өнгийн трико

1990 оны эхээр залуу эмэгтэйчүүдийн хувцас загварт зонхилж байсан өнгө өнгийн триконууд энэ намар эргэн ирж байна. Та энгийн биеийн өнгөтэй эсвэл хар өнгөтэй триконоос илүүтэй дурын өнгийн трикогоо өмсөхийг хүсдэг бол энэ улиралд багтаж заавал нэгийг өмсөөрэй. Хэрэв та өнгөөр тоглож чадвал таныг илүү гоолиг, урт хөлтэй харагдуулж чадна.

Өнгийн трико

9 Цагаан өнгийн гутал

Цагаан өнгийн гутал нь 80-иад оны хувцаслалтын гол хэв маяг байсан билээ. Энэ жилийн хувьд бага зэрэг өсгийтэй, цагаан өнгийн гутал нь намрын гоёлд илүү өнгө нэмж, загварлаг харагдах гэнэ. Цагаан гутлаа бор, саарал, хүрэн улаан өнгийн өмдтэй хослуулан өмсөж болох юм. Хэрэв цагаан гутал өмсөж байгаа бол бусад хувцсаа өөр өнгөтэйг сонгох хэрэгтэй бөгөөд мөнгөлөг бугуйн цаг, сувдан ээмэг зэрэг жижиг аксессуартай хослуулж болно.

Цагаан өнгийн гутал

10 Феминист бичигтэй футболк

Өнгөрсөн жилээс эхэлсэн "феминизмийн давалгаа" энэ жил ч хүчээ авсаар байна. Энгийн сул цагаан футболкан дээр феминист үг бичсэн футболкатай бол та загварлаг эмэгтэйд тооцогдоно. Энэ нь бусад загварын трэндүүдийг бодвол үнэ хямд, олдоц элбэг тул авч өмсөхөд буруудахгүй. Үүнийгээ чокер болон хар өнгийн хүрэмтэй хослуулан, сул жийнсэн өмдтэй доогуураа өмсөөрэй. Ийм хувцаслалтан дээр нүүр будалтаа хурц хийвэл таныг илүү стиллэг, хүчирхэг харагдуулах болно.

Феминист бичигтэй футболк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46735
0 эможи
keyboard_arrow_up