COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Биткоин Төв банкуудын “толгойны өвчин”

2017 оны 10 сарын 04

Үнэ өсөж л байдаг, унаж л байдаг. Монгол шиг жижиг, нээлттэй, тэгээд ашигт малтмалын үнэ ханшаас хамааралтай улсад ханшийн хэлбэлзэл нэг их сонин биш. Гэхдээ л би цахим валютынх шиг ханшийн савлагааг хэзээ ч харж байгаагүй юм. Тэдгээрээс олны анхаарлыг хамгийн их татаж эхэлсэн нь биткоин.

Arslan.mn

Ердөө “долоон настай” энэ цахим валютын ханш зургаан центээс 5000 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Тэгвэл өнгөрсөн оны есдүгээр сард зах зээлд нэвтрэхдээ ердөө 1.2 ам.доллар байсан этереумын ханш есдүгээр сарын эхээр 380 ам.доллараас давж, 316 дахин өссөн нь хүмүүсийг уулга алдахад хүргэсэн. Виталик Бутерин хэмээх 1994 оны орос залуугийн бүтээсэн энэхүү цахим валют ганц жилийн дотор Монголын эдийн засгийг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний том зах зээлтэй болчихож. Биткоин, этереум, риппл, лайткоин гээд гүйлгээнд орсон цахим валютын жагсаалт хэдийнэ 800-гаас давжээ. Тэдгээрийн зах зээлийн нийт үнэлгээ есдүгээр сарын 25-ны байдлаар 137 тэрбум ам.доллар байгааг coinmarketcap.com цахим хуудаснаас харж болно. Үүний хамгийн том хэсгийг 65 тэрбум ам.долларын үнэлгээтэй Биткоин эзэлж байгаа бол 28 тэрбум ам.доллараар этереум хоёрдугаарт жагсаж байна.
 
Ийнхүү гарт баригдахгүй, гагцхүү комьютерийн дэлгэцэн дээр л үзэгдэх цахим валютын зах зээл тэлсээр. Америкийн нэртэй судалгаа, зөвлөгөөний байгууллага болох “Fundstrat”-аас эхлээд Монголын “Ард” санхүүгийн нэгдлийн удирдлагууд биткоиныг хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалт хэмээн зарлаж байна. Биткоинд ирээдүйн валют, цахим алт мэтийн сүртэй гуншин өгөх хүн цөөнгүй. Үүний зэрэгцээ луйвар, хэзээ мөдгүй хагарах үнийн хөөс гэж тодорхойлох хэсэг хүн ч бий. Тухайлбал, саяхан “JPMorgan” хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Жэми Димон биткоины наймааг луйвар, залилан болохыг онцлоод, “Энэ чинь жинхэнэ биш, эцэстээ хаагдаж л таарна” гэсэн байна. Мөн  “JPMorgan” –д хэн нэгэн биткоины наймаа хийж байвал “ёс бус, тэнэг хэрэг” хэмээн үзэж, шуудхан ажлаас нь халахаа мэдэгджээ. Гэхдээ Димон өөрийнх нь охин биткоин авчихаад баясаж явсныг нуусангүй. Ийнхүү биткоиныг зарим нэгэн нь үзэн ядаж, зарим нь (ялангуяа залуу үеийнхэн) шүтэн биширч эхлээд байна.
 
Нууцлаг, дур булаам, бас эрсдэлтэй...
 
Нобелийн шагналт эдийн засагч Роберт Шиллер “Quartz” дижитал сэтгүүлд ярилцлага өгөхдөө биткоины үнийн өсөлтийг хөөс хэмээн тодорхойлсон байна. Биткоины нууцлаг, дур булаам түүх залуу үеийнхний сэтгэлийг татаж, улмаар үнэ хөөсөрч байгааг тэрбээр онцолжээ. 
 
Энэхүү системийг 2007 онд боловсруулж, зах зээлд нэвтрүүлсэн Сатоши Накамото 2010 оноос ор сураггүй алга болсон. Түүнийг хэн ч харж байгаагүйг Шиллер тэмдэглээд, “Үл таних, нууцлаг хүн гэнэт л блокчэйны тун ухаалаг санаа гаргаж ирээд, тэрийг нь засгийн газрууд хүртэл зогсоож чадахгүй байна. Хэн ч үүнийг хянаж чадахгүй. Залуучуудын анхаарлыг татах сонин түүх биш гэж үү” гэжээ.  
 
Гол асуудал нь үнийн хөөс бий болсон л бол хагарч таарна. Харин хэзээ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Роберт Шиллер Америкийн моргэйжийн (орон сууцны) зээлийн хөөсрөл болон түүнээс үүдэх үр дагаврыг 2003 онд амжилттай таамагласан учраас хүмүүс түүнд итгэдэг. Тэгэхээр биткоины өнөөгийн ханш үнэхээр хөөс бөгөөд хэзээ мөдгүй хагарах эрсдэлтэй гэж үү? 2013 онд биткоины ханш огцом өсөж байснаа гэнэт л 50 гаруй хувиар навс унасан удаатай.
 
Ханшийн эрсдэлээс гадна хакердуулах аюул ч бас бий. Цахим валютын арилжаа хийдэг компаниудын “халаас” руу хакерууд халдсан тохиолдол цөөнгүй гарсан. Тухайлбал, биткоины арилжааны дийлэнхийг буюу 70 гаруй хувийг явуулж байсан Японы “Mt. Gox” 2014 онд 450 сая ам.доллартай дүйцэх хэмжээний биткоиноо хакердуулж алдсанаас болж дампуурсан гэдэг.  
 
Биткоин ба мөнгөн тэмдэгт
 
Ингэхэд хүмүүс яагаад цахим валютууд, тэр дундаа биткоиныг ингэтлээ сонирхох болов оо? Аливаа улсын мөнгөн тэмдэгтийг төвбанк нь хэвлэдэг бол биткоиныг хэн ч “олборлож” болно. Үүний тулд тусгай програм хангамж татаж авах шаардлагатай бөгөөд SHA-256 хэмээх криптографикийн алгоритмыг тооцоолж эхэлснээр биткоины олборлолт эхэлнэ. Олборлогчид дэлхий даяар хийгдэж буй шилжүүлгийг хянахад хувь нэмэр оруулж, ингэснээрээ биткоиноор урамшуулал авч буй хэрэг. 
 
Зарим улсын төвбанк дураараа мөнгө хэвлэж, улмаар мөнгөн дэвсгэрт үнэгүйдэх аюулд хүргэдэг бол биткоины нөөц хязгаартай. Нийт 21 сая биткоин гаргахаар програмчлагдсан бөгөөд өнөөдөр 16.5 сая нь эргэлтэд оржээ. Хамгийн сүүлчийн биткоиныг 2140 онд олборлох тооцоотой гэдэг. Гүйлгээ нэмэгдэхийн хэрээр олборлогчдын биелүүлэх даалгавар хүндэрч, илүү хүчтэй компьютер, илүү их эрчим хүч шаардлагатай болно. Эдүгээ биткоины олборлолтоор дагнан ажилладаг технологийн компаниуд бий болсон бөгөөд зөвхөн үүнд зориулсан чип үйлдвэрлэн борлуулж байна. Тухайлбал, Японы GMO компани биткоин олборлоход зориулсан хүчин чадал өндөртэй чип бүтээж үйлдвэрлэхэд гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ саяхан зарлажээ. 
 
Биткоины ард ямар ч Төвбанк, ямар ч Засгийн газар байхгүй. Мөн биткоиноор төлбөр тооцоо хийхэд Visa, MasterCard, PayPal мэтийн хөндлөнгийн оролцоо хэрэггүй. Уламжлалт аргаар бол онлайн төлбөр тооцоо хийхэд 3-8 хувь, улс дамнасан мөнгөн гуйвуулга хийхэд 5-10 хувийн шимтгэл төлөх хэрэгтэй байдаг бол биткоиноор гүйлгээ хийж, бэлэн мөнгө болгоход ердөө нэг хувийн шимтгэл төлдөг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь төлбөр тооцоог хамгийн хямд, хамгийн хурдтай, хамгийн найдвартай хийх боломжийг бүрдүүлж чаджээ.   
 
Цахим валютын зах зээл мөн шинэ төрлийн санхүүгийн үйлчилгээг бий болгоод байна. Тухайлбал, ICO (initial coin offering) буюу олон нийтэд зоосоо санал болгох нь компаниудад тун хямд, хялбар аргаар хөрөнгө босгох боломж олгоод байна. Тэгвэл саяхан хятадууд ICO-г “хууль бус мөнгө босгох үйл ажиллагаа” хэмээн зарлаад,  биткоины арилжааг ор тас хориглосон юм. БНХАУ-ын шийдвэрийн үр дүнд есдүгээр сарын 2-нд 4900 ам.доллар даваад байсан биткоины ханш хоёр долоо хоногийн дотор 2977 ам.доллар болтлоо хямдарсан нь үнийн хэт савлагааны бас нэг тод жишээ.
 
Ийнхүү биткоины арилжаа наймааг хориглох улс орнууд байхад дэмжих нь ч цөөнгүй бий. Жишээ нь, Японд “Mt. Gox”-ын дампуурлын сүүдэр арилаагүй байтал эрх баригчид нь биткоиныг төлбөр тооцооны хууль ёсны арга хэрэгсэл хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сард хуульчилсан байна. Цахим валютын зохицуулалтыг тус улсын Санхүүгийн үйлчилгээний агентлаг (Financial Services Agency) хариуцаж байгаа аж. 
 
Ер нь биткоины зах зээл тэлэхийн хэрээр олон хүний “толгойны өвчин” болж байна. Өмнө нь энэ бүхнийг “хүүхдийн тоглоом” гэж хардаг байсан эрх баригчид болон банкируудын толгойд одоо түмэн асуулт эргэлдэж эхэлжээ. 
Аюулгүй байдлыг хангах чиглэлд маш их цаг, мөнгө зарцуулсан банкууд дэвшилт технологиор “зэвсэглэсэн” шинэ тоглогчдод зах зээлээ булаалгахаас эмээж байна. Цахим валютын гүйлгээ ихсэх тусам төвбанкууд төлбөр тооцооны системээ хянаж чадахаа байх эрсдэл нэмэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ, ямар ч хараа, хяналтгүй цахим валютын зах зээл санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх вий хэмээн болгоомжилж буй. Харин засгийн газрууд цахим валютын гүйлгээ терроризм болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд нь саад болох вий хэмээн айж эхэлжээ. Биткоины төлбөр тооцоог нууц байдлаар хийж болдог учраас гэмт хэргийг өөгшүүлэхэд нөлөөлөх талтай аж.  
 
Биткоиноос суралцах нь
 
Блокчэйн гэдэг нь интернэтэд технологийн хувьсгал авчирж буй ойлголт юм. Биткоины гүйлгээг блокчэйнд суурилан хийхдээ “peer-to-peer” буюу хэрэглэгчээс хэрэглэгчийн хооронд, ямар нэгэн дундын оролцоогүй явуулдаг. Ингэхдээ “hashcash” алгоритм ашигладаг учраас мэдээллийг устгах, өөрчлөх боломжгүй. Мөн гүйлгээний мэдээллийг “distributed ledger” буюу төвлөрсөн бус, тархсан бүртгэлийн технологи ашиглан хадгалдаг ажээ. Энгийнээр бол, энэ нь нээлттэй, ил тод, найдвартай, хараат бус, төвлөрсөн бус төлбөр тооцооны систем юм. Үүнийг ашиглан гүйлгээ хийхэд ямар нэгэн хөндлөнгийн зохицуулалт, зуучлагч, аудит хэрэггүй учраас үйлчилгээний зардлыг гайхамшигтай ихээр бууруулж, үр ашгийг нэмэгдүүлж байгаа юм.  Тиймээс ч зарим улс блокчэйнийг судлаад, өөрийн гэсэн цахим валют, эсвэл мөнгөн тэмдэгтийнхээ цахим хувилбарыг гаргахаар зэхэж байна.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Етереум” сангийн үүсгэн байгуулагч Виталик Бутеринтэй уулзаж, цахим валютын технологийг ашиглах боломжуудын талаар ярилцсаныг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байв. Путин үүгээр “өвчилсөн” тухай тус улсын Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов хэвлэлийнхэнд ярьсан гэдэг. Үүний өмнөхөн Оросын Төвбанк рублийн цахим хувилбар гаргахаар судалж байгаагаа мэдэгджээ. Тэгвэл Эстонийн засгийн газар эсткоин буюу өөрийн гэсэн цахим валют гаргахаа албан ёсоор зарласан бөгөөд мөн л Виталикаас зөвлөгөө авсан гэдэг. 
 
Биткоины хэрэглээг хориглоод, хязгаарлаад байгаа урд хөрш маань ч ийм санаачилга гаргаад явж байна. Тодруулбал, Хятадын Ардын банк өөрийн гэсэн цахим валютын загвар гаргасан бөгөөд ийм валют зах зээлд нэвтрүүлэх анхны томоохон төвбанк болохоор ажиллаж буй. “Томоохон” гэдгийг онцолсны учир нь зарим улс орон хэдийнэ түрүүлээд хөдөлчихсөн. Тухайлбал, Данийн төвбанк өөрийн гэсэн цахим валюттай болчихоод, түүнийгээ яаж ажилладгийг илүү сайн ойлгож, туршихын тулд дотоод хэрэгцээндээ ашиглаад эхэлжээ. Тэгвэл Японы төвбанк болон Европын төвбанк хамтран цахим валютын технологи болох “distributed ledger”-ийг зах зээлийн дэд бүтэц болгон ашиглах судалгаа хамтран хийж буй аж. АНУ-д бол зохицуулагчдаас гадна томоохон банкууд нь биткоины технологийг сонирхож байгаа юм байна.
 
Цахим валютын гүйлгээг хянаж, зогсоож чадахгүйгээ төвбанкууд, засгийн газрууд хэдийнэ ухаарсан. Энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ байгааг ойлгосон банкирууд биткоины технологиос сурах зүйл их байгааг олж харсныг дээрх жишээнүүд батална. 
Энэ боломжийг хамгийн түрүүнд мэдэрсэн хүмүүсийн нэг нь яах аргагүй Бен Бернанке. Тэрбээр Холбооны нөөцийн системийн тэргүүн байхдаа л цахим валют төлбөр тооцоог хурдан бөгөөд аюулгүй хийх утгаараа маш их ирээдүйтэйг онцолж байсан юм. Харин одоо биткоины технологийг сонирхогчдын хүрээ тэлсэн учраас энэ сэдвээр хурал, чуулган, семинарууд ч дэлхийн өнцөг булан бүрт болж байна. Энэ оны аравдугаар сард Торонтод болох блокчэйны чуулга уулзалтад Бен Бернанке илтгэгчээр оролцох ажээ.  
 
Германы Бундесбанкны удирдах зөвлөлийн гишүүн Карл-Людвиг Тиелле блокчэйнийг төвбанкууд өөрийн хэрэглээнд ашиглах боломж үнэхээр байвал биткоиноос хамаагүй сонирхолтойг тэмдэглэсэн байдаг. Биткоин төвбанкууд, засгийн газруудын “толгойны өвчин” болсон боловч түүний технологи төлбөр тооцооны системийг шинэ шатанд гаргах асар том боломжийг нээж байж мэдэх нь. Судалгаа, туршилтууд үргэлжилсээр. Биткоиноос суралцах зүйл их ажээ. 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47737
0 эможи
keyboard_arrow_up