Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголын жоншны дараагийн зах зээл хятад болох уу

2014 оны 4 сарын 03

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд улсын геологийн зураглал, нүүрс, төмөр, газрын ховор элемент, зэс зэрэг дэд хөтөлбөр боловсруулж буйн нэг нь “хайлуур жонш”. Энэ дэд хөтөлбөр нь хайлуур жоншны хайгуул, олборлолт, боловсруулалт, экспортын бодлогыг тодорхойлох аж.

 

Яам, тамгын газар, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулан баримт бичиг боловсруулж байх зуур хайлуур жоншны экспорт улам хумигдаж буй таагүй мэдээ чих дэлсэв.

ОХУ-аас гадна Украин манайхаас хайлуур жонш худалдан авах хэмжээгээ багасгаж эхэлсэн гэнэ. Уг нь хайлуур жонш нь зэс, нүүрс, алтны дараа “жагсах” манай экспортын гол бүтээгдэхүүн юм.

Энэ үйлдвэр 2013 оныг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хайлуур жоншныхоо 80 хувийг ОХУ, Украинд, үлдсэнийг зах зээлийн үнэ, эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Америк, Тайвань, Тайландад экспортолдог байжээ.

Монгол Улс 2012 онд 428 мянган тонн хайлуур жонш экспортолж дэлхийн зах зээлээс 102 сая ам.долларын орлого олжээ. Гаалийн ерөнхий газрын гаргасан статистик мэдээгээр нэг тонн хайлуур жоншийг дунджаар 236 ам.доллараар борлуулсан аж. Харин өнгөрсөн оноос жоншны экспорт огцом буурчээ.

Манай улс 2013 онд 331 мянган тонн хайлуур жонш экспортолсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс 97 мянган тонноор багассан үзүүлэлт юм. Хэдийгээр манайхан өнгөрсөн жил нэг тонн жоншоо 246 ам.доллар буюу 2012 оныхоос 4.2 хувийн өндөр үнээр борлуулсан ч экспортын орлого 17 сая ам.доллараар бууран 85 сая “ногоон” болжээ.

Экспортын орлого огцом буурсан нь “Монголросцветмет” компанитай холбоотой. Уг компанийн харьяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр нь жилд 120 мянган тонн 95 хувийн агуулгатай хайлуур жонш боловсруулах хүчин чадалтай. Энэ үйлдвэр 2013 оныг хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хайлуур жоншныхоо 80 хувийг ОХУ, Украинд, үлдсэнийг зах зээлийн үнэ, эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Америк, Тайвань, Тайландад экспортолдог байжээ.

Харин “Монголросцветмет” гол зах зээл болох ОХУ-ын компаниудтай үнэ тохиролцож чадаагүйн улмаас экспорт нь ийнхүү буурсан байна. Бор- Өндөрийн үйлдвэр өнгөрсөн жил 40 мянган тонн хайлуур жонш баяжуулсан аж. Энэ жил ч 40 орчим мянган тонн хайлуур жонш баяжуулах төлөвтэй байгааг Монголын экспортлогчдын холбооныхон дуулгаж байв. “Монголросцветмет” компани өндөр агуулгатай хайлуур жоншоо хойд хөршийн “Урсал”, “Галлеген” зэрэг томоохон химийн үйлдвэр үүдэд нийлүүлдэг байсан гэнэ.

Өнгөрсөн жил ОХУ-ын химийн үйлдвэрүүд “Монголросцветмет”-ээс тонн хайлуур жоншийг 280 орчим ам.доллараар худалдан авах санал илгээжээ. Бор-Өндөрийн уул баяжуулах үйлдвэр тоног төхөөрөмжийнхөө зарим хэсгийг шинэчилсэн ч өндөр зардалтай хэвээр байгаа аж.

Тиймээс үйлдвэрлэлийн зардал, борлуулалтын үнэ бараг тэнцсэн тул жоншоо худалдахаас татгалзсан байна. Харин “Монголросцветмет” компани өнгөрсөн жил 40 мянган тонн жонш баяжуулан тонныг нь 350 ам.доллараар борлуулсан гэнэ. Уул уурхайн салбарынхан жоншны экспорт буурсныг “Монголросцветмет”-ийн шинээр томилогдсон ерөнхий захирал Х.Болор-Эрдэнийн менежментийн алдаа гэж тайлбарладаг. Тэгвэл тус компанийн удирдлага Бор-Өндөрийн хүчин чадлыг төмрийн хүдэр баяжуулахад ашиглаж, үйлдвэрийг санхүүгийн хүндрэлээс аварч байгаагаа дуулгасан.

ОХУ-ын хими, хөнгөн цагааны үйлдвэр үүдийн жоншны хэрэглээ багассан нь АНУ болон Европын холбооны улсууд руу экспортолдог бүтээгдэхүүний борлуулалт буурсантай холбоотой гэж Монголын экспортлогчдын холбооноос дүгнэлээ. “Монголросцветмет”- ээс гадна “Монголчехметалл” тэргүүтэй 75 хувийн агуулгатай жонш үйлдвэрлэдэг 50 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээрийн үйл ажиллагаа ч энэ жилээс саарах хандлагатай байгааг тус холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж хэлэв.

Энэ нь манай жонш экспортлогчид хэрэглэгчдээ алдаж, дан ганц Хятадын зах зээлээс хамаарч эхэлснээс үүдэлтэй гэнэ. Хэрэглээ гэснээс жонш гэдэг ашигт малтмал ямар ач тустай вэ гэдгийг олон нийт мэддэггүй. 75 хувийн агуулгатай жоншны баяжмал металлургийн үйлдвэрийн гол түүхий эд болдог бол 95 хувийн агуулгатай нь хими, хөнгөн цагааны үйлдвэрүүдийн “амтат хоол” гэнэ. Үйлдвэрүүд металл болон хуванцар гэх мэт биетийг хайлуулахдаа жоншийг ашигладаг аж. Жонш нь металл хайлуулалтыг нэмэгдүүлдэг байна.

Одоогоор жоншны нөөц илрээд буй гол бүс нутаг нь Дорноговийн хойд, Хэнтий аймгийн өмнөд хэсэг юм. 2012 онд жоншны үйлдвэрлэл, экспортын хэмжээгээрээ Мексик улсын дараа манайх жагсжээ

Металлыг хурдан хайлуулах нь мэдээж цахилгааны зарцуулалтыг бууруулна. Металл хурдан хайлахаар үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ, цахилгаан бага хэрэглэвэл зардал хэмнэнэ. Жонш гэж ийм ашигтай эрдэс санж. Тонн металл хайлуулахад 3-4 кг жоншны баяжмал хэрэглэдэг аж.

95 хувийн агуулгатай жоншны баяжмалыг цөмийн үйлдвэрүүдэд ашигладаг гэсэн. Манай улсад одоогоор 16 сая тонн хайлуур жоншны нөөц илрээд байгаа аж. Жоншны нөөц цаашид 60 сая тоннд хүрэх боломжтой гэсэн таамгийг геологичид гаргаад буй.

Одоогоор жоншны нөөц илрээд буй гол бүс нутаг нь Дорноговийн хойд, Хэнтий аймгийн өмнөд хэсэг юм. 2012 онд жоншны үйлдвэрлэл, экспортын хэмжээгээрээ Мексик улсын дараа манайх жагсжээ. Нэгэн цагт дэлхийн олборлолт, экспортын 60 хувийг дангаараа бүрдүүлдэг байсан Хятад улс дотоодын хэрэгцээндээ жоншоо зориулахаар шийдэн хил давуулах хэмжээгээ танаснаар манай улс нэг байр урагшилсан нь энэ. Хоёр сая орчим тонн жонш экспортолдог байсан Хятад улс 2012 онд 168 мянган тонн болгон бууруулсан юм. Хятадад металлург, химийн үйлдвэр хөгжихийн хэрээр тэдгээр нь олборлосон жоншоо “залгих” болсон гэнэ.

Түүнчлэн хятадууд жоншийг бүрэн боловсруулан дэлхийн зах зээлд борлуулж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд хятадууд манайхаас жонш худалдан авах нь ихэссэн гэнэ.

Бор-Өндрийн жонш баяжуулах үйлдвэр

Өнгөрсөн жилийн дүнгээс харахад нийт экспортын 30 хувь нь Хятадад ногдож байна. Өөрөөр хэлбэл, урд хөрш рүү 100 гаруй мянган тонн хайлуур жонш экспортолсон гэсэн үг.

Тэд манайхаас худалдаж авсан хайлуур жоншоо гүн боловсруулаад дотоодынхоо үйлдвэрүүдэд нийлүүлэх юм уу, эсвэл Европын орнууд руу далайн тээврээр экспортолдог аж.

Гүн боловсруулан их ашиг олохын тулд хятадууд манай жижиг компаниас 75 хувийн агуулгатай жоншийг тонныг нь 90 ам.доллараар худалдан авах тохиолдол ч гардаг гэсэн. Одоогоор 95 хувийн агуулгатай хайлуур жоншийг урд хөршийн далайн боомтуудад 300 гаруй ам.доллараар борлуулж байна. Хайлуур жоншны үнэ 2011 онд дэлхийн зах зээлд 526 ам.доллар хүрсэн дээд амжилт болон тэмдэглэгджээ. Хятадын эдийн засаг хэрхэхээс хамаарч жоншны үнэ өсөж, буурна гэж шинжээчид таамагладаг. Тус улс монголчуудын жоншоо борлуулах дараагийн том зах зээл байх боломжтой. Гэвч урд хөршийнхөн ОХУ-ын гарыг харсан, далайд гарцгүйгээр нь далимдуулан манай жоншны үнийг өндийлгөхгүй байх эрсдэлтэй. Ажлын хэсгийнхэн ийм нөхцөл байдалд хайлуур жоншны олборлолт, экспортыг нэмэгдүүлэх ямаршуухан бодлого, үзэл баримтлалтай хөтөлбөр боловсруулах нь сонирхол татаж байна.

Дэлхийд 500 сая тонн жоншны боломжит нөөц бий аж. Хайлуур жонш газрын хөрсөнд хамгийн түгээмэл байдаг 20 эрдсийн нэг ч 40-50 жилийн дараа нөөц нь шавхагдана гэж түүхий эдийн шинжээчид таамагласан нь бий. Юутай ч ОХУ-аас бусад зах зээлд хайлуур жоншны хэрэглээ өссөөр байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1081
0 эможи
keyboard_arrow_up