COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол нүүрсний дөрвөн жил

2014 оны 3 сарын 14

Монгол Улс 175.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүгээрээ дэлхийд эхний аравт ордог. Нэг хүнд ногдох “хар алт”-ны хэмжээгээр бол “номер 1” байх нь ойлгомжтой. Гэвч энэ их баялгаа зохистой ашиглаж чадах уу гэдэг хамгийн чухал. Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцдэг “Coal Mongolia” чуулга уулзалт дөрөв дэх жилдээ болж өнгөрөөд байна.

 

Энэ хугацаанд монгол нүүрс ямар зам туулсныг эргэн харахад... “Coal Mongolia 2011” Нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж ирсэн Хятад улс 2009 оноос “хар алт”-ны олборлолтоо багасгаж, их хэмжээгээр импортолж эхэлсэн. Ингэснээр Монголын нүүрсний салбар гэрлийн хурдаар томорч, эдийн засгийн өсөлтийн хөшүүрэг болсон. 2008 онд манай улс дөрөв хүрэхгүй сая тонн нүүрс экспортолж байсан бол 2011 он гэхэд энэ хэмжээ түүхэндээ хамгийн их буюу 22.5 сая тоннд хүрсэн юм. Тэр жилдээ “хар алт”-ны үйлдвэрлэл зэсийнхийг хол хаяж, нийт экспортын 40 орчим хувийг бүрдүүлж байлаа. Монгол нүүрс моодонд орохын хэрээр салбарын компаниуд нь амжилтаараа гялалзсан. “Энержи ресурс”  буюу “Mongolian Mining Corporation” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, 650 сая доллар босгосон. Харин “Hunnu Coal” Австралийн хөрөнгийн биржид хөл тавьсан нь 2010 оны шилдэг IPO-гоор шалгарч байлаа. Дээрээс нь зургаан тэрбум тоннын нөөцтэй нүүрсний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ид өрнөж байсан үе. Тавантолгойн IPO-г хийхийн тулд дэлхийн хөрөнгө оруулалтын 20 том банкны төлөөлөл Улаанбаатарт цуглан нударга зөрүүлэхдээ тулсан. Баруун Цанхид хөрөнгө оруулах тендерт таван тивийн 15 компани, консорциум өрсөлдөж байв. Харин зүүн Цанхийн нүүрсийг авахын тулд Хятадын  “Chalco” мөнгөө урьдчилж төлөөд, “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ хийж байлаа. Товчхондоо, 2011 онд “Coal Mongolia” анх болж байх үед монгол нүүрс дэлхийн анхаарлын төвд байжээ. Энэ салбарын оргил үе ийм богино хугацаанд дуусна гэж хэний санаанд орох билээ? “Coal Mongolia 2014” Энэ жилийн “Coal Mongolia” чуулганы уур амьсгал дөрвөн жилийн өмнөхөөс тэс өөр байв. Өмнө нь энэхүү уулзалтад ирсэн хөрөнгө оруулагчид Монголыг “Нүүрсний Саудын Араб” болно хэмээн баясаж, манай эрх баригчид “хар алт”-ны орлого үүрд нэмэгдсээр байх юм шиг хөөрч байсан. Гэвч Хятадын эдийн засгийн өсөлт саарч эхэлснээр манай нүүрсний экспорт хоёр жил дараалан хоёр сая тонноор буурсныг графикаас харна уу. Урд хөрш рүү зөөх “хар алт”-ны хэмжээ багасахаас гадна үнэ унасан нь Монголын эдийн засагт хүнд цохилт болсон.  2012 онд бид 1.9 тэрбум ам.долларын нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн жил энэ үзүүлэлт 40 хувиар буурч, 1.1 тэрбум ам.доллар болжээ. Ийнхүү нүүрсний салбар уналтад ороход Хятадын эдийн засгаас гадна Монголын эрх баригчид нөлөөлсөн. Тавантолгойгоор жишээ татахад л хангалттай. 2011 онд “Chalco” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авчихаад, хүн бүрт 21 мянган төгрөг тараасан. Энэ мөнгөө эргэж төлөхийн тулд “Эрдэнэс Тавантолгой” өнөөг хүртэл нүүрсээ хямд үнээр зөөж, алдагдал хүлээж байна. “Chalco”-гийн өрийг энэ улиралд л нэг юм барагдуулж дуусах төлөвтэй аж. Дээрээс нь баруун Цанхийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлыг дагасан будлиан, шуугиан дэлхийн чихэнд хүрсэн. Нүүрсний салбарын “нэрийн хуудас” болсон төслөө улстөрчид ийнхүү баллаж хаячихаад сууж байна. Юун боловсруулах үйлдвэр, юун цахилгаан станц. Өрөө төлөхийн тулд нүүрсээ зөөх ачааны машин ч хүрэлцээгүй байгааг “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Я.Батсуурь ярьжээ. Тиймээс “Энержи ресурс”-ын 300 ачааны машинаар тээвэр хийж, мөн л тус компанийн үйлдвэрт нүүрсээ баяжуулахаар ярьж тохирсноо гайхуулж байна. “Эрдэнэс Тавантолгой”-гоо ийнхүү тэтгэж буй “Энержи ресурс”-ын байдал ч гавихааргүй байгааг сануулах юун. Хөрөнгө оруулагчдын арааны шүлсийг асгаруулж байсан тус компанийн хувьцааны ханш тасралтгүй уруудсаар, 0.8 хонконг доллараас ч доош оржээ. Энэ нь анх IPO хийж байсантай харьцуулахад ес дахин хямдарсан хэрэг. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ унаснаас уул уурхайн компаниудын үнэлгээ буурч байгаа нь үнэн. Гэвч монгол компаниуд хамгийн хүнд цохилтод орж байна. Үүний адилаар мөн л эрдэс баялгийн салбараа түшиглэсэн эдийн засагтай Австралийн орлого багассан ч Монгол шиг хямраагүй. Хэргийн учир Австрали улс нүүрс, төмрийн хүдрээ Хятадаас гадна Энэтхэг, Тайланд, Япон, БНСУ төдийгүй Тайван, Америк, Шинэ Зеланд зэрэг зах зээлд гаргадаг. Тиймээс ч  австрали нүүрс манайхаас хоёр, гурав дахин өндөр үнэлэгдэж чаддаг. Харин Монголын баялаг одоог хүртэл зөвхөн Хятад, тэр дотроо Хятадын хамгийн хямд нүүрсний бүс нутаг болох Өвөрмонголын мужуудад л хүрч байна. Урд хөршид нийлүүлж буй нүүрсний хэмжээгээр монголчууд 2013 онд Австралийн дараа буюу хоёрдугаарт оржээ. Гэвч бид “хар алт”-аа бусад улсаас хоёр дахин бага үнээр борлуулж байгааг Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцолсон юм. Гурван асуудал Нүүрсний салбараа Австралийн дайнд хүргэхийн тулд гурван асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дөрвөн жилийн өмнөх “Coal Mongolia”-гийн үеэр л ярьж байв. Одоо ч тэр гурвыгаа ярьсан хэвээр байгаагаас үзэхэд ахиц дэвшил ер гараагүй аж. Нэгдүгээрт, зах зээл. Монгол нүүрсийг зөвхөн хятадууд авч байна. Гэтэл ганц худалдан авагч түшин хөгжилд хүрнэ гэдэг худлаа. Тиймээс бид нүүрсийг өндөр үнээр авдаг Япон, БНСУ зэрэг оронд нийлүүлэлт хийж, шинэ зах зээл нээх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар. Гэтэл манай эрх баригчид урд хөрш рүү гаргах “хар алт”-ны хэмжээгээ л нэмэх тухай бодож байна.  Ирэх 20 жилийн хугацаанд Хятадад нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцсоноороо бахархах аж. Хоёрдугаарт, тээвэрлэлт. Нүүрсээ өнөөгийнх шиг  ачааны машинаар зөөсөөр байвал урд хөршөөс өөр худалдан авагч олдохгүй нь тодорхой. Энэ нь тоос шороо босгохоос эхлээд байгаль орчинд хөнөөлтэй, эдийн засгийн хувьд ч өртөг зардал ихтэй. Тиймээс нүүрсээ төмөр замаар тээвэрлэх нь зөв гэж ярьсаар мөн л дөрвөн жилийг үджээ. Сайн мэдээ гэвэл Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 225 км төмөр замын газар шорооны ажил 70 хувьтай байгаа аж. Гэвч царигийн асуудлыг шийдэхээс нааш энэ төмөр замаар нүүрс тээвэрлэнэ гэдэг худлаа. Гуравдугаарт, боловсруулалт. Нүүрсээ түүхийгээр нь зөөх биш, боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаад экспортлох нь ашигтайг хүн бүр мэддэг, бас ярьдаг. “Энержи ресурс” л гэхэд баяжуулсан нүүрсээ дотоодын бусад компанийг бодвол хавьгүй өндөр үнэд хүргэж чадаж байна. Тэгвэл нүүрсээ цахилгаан, хий, эсвэл шингэн түлш болгоод экспортлох юм бол бүр ч ашигтай байх юм. Эцэст нь Энэ онд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт 1.42 их наяд төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Үүний 40 гаруй хувь буюу 590 тэрбумыг зөвхөн нүүрсний салбар бүрдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн үйлдвэрлэл эхэлж, экспортын гол бүтээгдэхүүн эргээд зэсийн баяжмал болсон ч улсын орлогын ихэнх хэсгийг нүүрсний компаниуд бий болгосон хэвээр. Улс ийнхүү нүүрснээс орлого олж байгаа юм хойно эргээд энэ салбарынхаа өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарах учиртай.  “Coal Mongolia 2014” чуулганы үеэр төр, засгийн төлөөллүүд ярьдаг л юмаа ярьсан. Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө, Монгол нүүрс хөтөлбөр зэрэг баахан цаас боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Мөн нүүрснээс хий, түлш гаргахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн. Тэгээд мэдээж Тавантолгойн үлгэрээ яаж мартах вэ. “Эрдэнэс Тавантолгой” хоёр жилийн дараа гэхэд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болох аж. Тэгээд нүүрс угаах үйлдвэртэй болж байгаад алдарт IPO-гоо хийх гэнэ. Энэ мэдээлэл “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй монгол хүн бүрийн сэтгэлийг баясгах учиртайсан. Гэтэл тэгсэнгүй. Төр, засгийн ажил, амлалтад хөрөнгө оруулагчид ч, хувь хүмүүс ч итгэхээ байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
734
0 эможи
keyboard_arrow_up