COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хатавч руу гулсах "ноён" доллар

2015 оны 9 сарын 04

-Америк доллар дэлхийн нөөц валютын үүргээ аажим боловч эргэлт буцалтгүй алдсаар байна-

Гадаад худалдаанд доллар ашигладаг улсын тоо цөөрч эхэлж байгаа нь дэлхийн санхүүгийн гүйлгээнд ноёлогч валютын байр суурийг ганхуулж байна.

“Тусгаар улсуудын холбоонд оролцогч орнуудын валютын нэгдмэл зах зээл байгуулахад хамтран ажиллах хэлэлцээр”-ийн хүрээнд төлбөр тооцоонд америк доллар, еврог хэрэглэхээс татгалзах тухай хуулийн төслийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Төрийн думээр хэлэлцүүлэхээр орууллаа. Хууль батлагдвал ОХУ, Армен, Беларусь, Казахстан, Кыргыз, Тажикстан зэрэг улс санхүүгийн нэгдсэн зах зээлтэй болж хувирна. Мөн “ЕАЭС” буюу Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд гишүүн улсууд нь санхүүгийн тооцоогоо тус тусын үндэсний валютаар хийхээр хэлэлцэн тохирчээ. Хэлэлцээрээр ОХУ, Беларусь, Армен, Казахстаны хооронд хийх гадаад худалдааг 2025-2030 оны үеэс зөвхөн үндэсний валютаар хийнэ.

Мөн БНХАУ, БНСУ-ын хоорондох гадаад худалдааг зөвхөн тус улсуудын үндэсний валютаар хийж байхаар Засгийн газрууд нь энэ оны долдугаар сард гэрээ байгуулсан. Үүний зэрэгцээ "Bank of China" 2014 оноос хойш Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт клирингийн ажиллагааг юаниар тооцон хийж эхэлсэн. Уг арга хэмжээний ачаар Өмнөд Солонгосын санхүүгийн байгууллагууд өдөр тутмын гүйлгээндээ юань чөлөөтэй хэрэглэх боломжтой болжээ. Өмнөд Солонгосын воныг дээрх нөхцөлөөр Хятадад хэрэглэж байхаар талууд мөн тохиролцжээ.

"Bank of China" болон Хятадын Бүтээн босголтын банк (China Construction Bank) клирингийн ажиллагааг юаниар хийж байх гэрээг 2014 онд Их Британи, Франц, Германтай байгуулсан. Тус улс нь валютын своп хэлцлийг юаниар хийх талаар хөгжиж байгаа орнуудтай, ялангуяа Ази-Номхон далайн бүсийн улсуудтай гэрээ хэлэлцээ идэвхтэй явуулж байна. Эдүгээ юаниар хийх своп солилцоонд Австрали, Шинэ Зеланд, Бразил, Сингапур, Хонконг, Тайланд, Аргентин, Малайз зэрэг улс нэгдээд байгаа юм.

Анх 2001 онд дэлхийн санхүүгийн 900 орчим байгууллага юаниар гүйлгээ хийдэг байсан бол эдүгээ 10 мянга гаруй байгууллага нийт 143 тэрбум ам.доллараар үнэлэгдэх гүйлгээг юаниар хийж байна. Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл тус зөвлөлийн гишүүн орнуудын хоорондох худалдаанд америк долларын оронд өөрийн гэсэн нэгдсэн валют ашиглах асуудлыг мөн идэвхтэй хэлэлцэх болсон. Европын холбооны улсуудтай хийдэг гадаад худалдааны нийт хэмжээ нь АНУ-тай хийж буй худалдаанаас их Бахрейн, Кувейт, Катар, Саудын Араб гэсэн дөрвөн улс нэгдмэл валют ашиглах саналыг идэвхтэй дэмждэг юм.

Өнгөрсөн зууны дунд үе хүртэл мөнгөний үнэ цэнэ алттай холбогддог байжээ. Ямар ч банкны зээл олгох хэмжээг ердөө алтны нөөцтэй нь уялдуулан тогтоодог байв. Харин 1944 онд Бреттон-Вүүдсийн тогтолцоо үүссэнээр валют хөрвөх шинэ арга хэлбэр бий болсон. Шинэ тогтолцооны хүрээнд аливаа улсын мөнгөний хөрвөх ханшийг ам.доллартай, долларын ханшийг алттай харьцуулан тогтоож байхаар болжээ. Гэвч 1960-аад оны сүүлчээс Герман, Японы эдийн засаг хүчирхэгжиж, Вашингтон санхүүгийн бодлогоо алтны үнэтэй уялдуулан өөрчлөх хүсэлгүй болж ирмэгц тогтолцоо ашиггүй болов. АНУ-ын Ерөнхийлөгч Никсон 1971 онд долларын ханшийг алтны үнэтэй уялдуулдаг аргыг халах шийдвэр гаргаснаар валютын тогтмол ханштай тогтолцоо нурсан түүхтэй.

Тухайн үед долларын ханшийг тогтоогч шинэ хүчин зүйл гарч ирсэн нь газрын тос байв. Ерөнхийлөгч Никсон Саудын Арабт зэвсэг техник нийлүүлж, аюулгүй байдлыг нь батлан даах гэрээ байгуулахдаа газрын тосыг зөвхөн америк доллараар худалдаж байх шийдвэр гаргуулж дөнгөсөн. ОПЕК буюу газрын тос экспортлогч орнууд Саудын Арабын шийдвэрийг дагахаар болсны ачаар америк валют дэлхийн зах зээлд ноёлсон хэвээр үлдэж чаджээ. Газрын тосонд дулдуйдсан америк доллар одоогоор бараа, үйлчилгээний төлбөр тооцоонд гол валют хэвээр байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24908
0 эможи
keyboard_arrow_up