COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрэлт, нийлүүлэлтийн холбоос тасарчээ

2014 оны 4 сарын 10

“Байранд ормоор байна. Яаж мөнгөтэй болох вэ” гэж Ерөнхий сайдаас асуувал “Тэгж тансаглахаа болиорой. Гэр гэж сайхан сууц байхад” гэж загнах болов уу. Гэр хорооллоос орон сууцанд нүүж орох, хуучин байраа зарж банкны урьдчилгаанд өгөөд шинэ байранд орох гэсэн хүн олон.

 

“Байраа зарах гэтэл борлогдохгүй байна. Нэг ч хүн сонирхож ч утасдсангүй” хэмээн танил маань ярингаа “Байр авах хүн байвал хэлээрэй” гэж захив. Энэ бол ганцхан түүнд тохиолдож буй гачлан биш. Орон сууцны зах зээл ороо бусгаа цагийн салхинд цохиулчихжээ. Бэлэн мөнгө тоолоод байр авах хүн олдохоо байсан нь бэлтэй цөөнхийн орон сууцны хэрэгцээ ханасных. Нэг хүн 50 гуталтай байж болох ч 50 байраар яах билээ дээ.

Өнгөрсөн жилийн зургадугаар сараас найман хувийн хүүтэй зээл өгч эхлэхэд иргэд нэг хэсэг байр авахаар хошуурч, хамаг байдгаа шавхсан. Тэр үед шинэ байрны урьдчилгаа төлж чадах нь шинийг, арай дөнгөхгүй нь хуучин байр авцгаасан. Нэг хэсэг борлуулалт нь саараад байсан орон сууцнууд тэр үед эрэлттэй бараа болж, үнэ ханш нь ч хадсан. Харин одоо орон сууц зарна гэсэн зар сонины хуудас, телевизийн дэлгэцээс тасрахгүй байгаа ч авдаг нь алга. Банкны зээлд хамруулж өгнө гээд байхад л сонирхох хүн олдохгүй байгаа нь иргэдийн түрийвчинд мөнгө байхгүйг илтгэнэ. Түүнээс биш монголчууд бүгдээрээ байранд ороод, Улаанбаатар эсгий хот нэрээсээ салсных биш. Барилга барьдаг инженер хүртэл байранд амьдрахыг мөрөөдсөөр байгаа. Гэр хорооллын умгар хашаанд гурав, дөрвөн гэрээрээ шахцалдсан айлууд хэвээрээ байгаа. Хэрэгцээ нь байсаар, байр нь эзнээ хүлээсээр байтал эрэлт, нийлүүлэлт хоёрыг холбох мөнгө л алга.

БАРИЛГЫНХАН ЭНЭ ЖИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТАТАХ ШИНЖТЭЙ БАЙНА

Орон сууцны өнөөгийн зах зээлийн талаар Монголын барилгын үндэсний ассоциацын дэд захирал Г.Түмэнжаргалаас тодрууллаа.

-Орон сууц бол үл хөдлөх хөрөнгө. Тийм болохоор үнэ нь хэзээд өсөж байх ёстой. Гэтэл манайд орон сууцны үнийг хямдруулъя гэж яриад байгаа. Жишээ нь, нэг иргэн яаж ийж байгаад хоёр өрөө байр худалдаад авчихлаа гэж бодоход орон сууцны үнэ цэнэ буураад байвал ямар байх вэ. Орон сууц худалдан авсны дараа үнэ нь өсөж байх ёстой. Харин орон сууц аваагүй, авч чадахгүй байгаа хүмүүст зориулж, төр, засаг тэтгэлэг, татаас өгөх ёстой. Тиймээс иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны стратеги боловсруулж гаргах ёстой. Үүнийг гаргахын тулд манайх БХБЯ-тай хамтран орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа хийж байгаа. Судалгаагаар орон сууц авахыг хүсэж байгаа хүмүүсийн 20 хувь нь орон сууц худалдан авах чадвартай байна гэсэн дүн гарсан. Үлдсэн 80 хувьд багтах иргэдийг хэрхэн худалдан авах чадвартай болгох, тэднийг ажилтай, орлоготой байлгах, эсвэл тэдэнд зориулсан орон сууц барих ажлыг төр хийх ёстой болохоос биш орон сууцны үнийг буулгана гэх нь буруу.

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхтэй адил байгаа. Өсөөгүй, буураа ч үгүй. Уг нь бол өсөх ёстой байсан. Ам.долларын ханш 30 хувиар нэмэгдсэн. Манай барилгынхан долларын ханш өсөөгүй байхад барьсан барилгаа одоо зарж байгаа. Тэгэхээр одоохондоо үнэ өсөхгүй байгаа хэрэг. Ам.долларын ханш өссөний дараа буюу энэ жил орон сууцанд хөрөнгө оруулалт хийх, эсэхээ шийдэж чадахгүй байна. Учир нь маш их эрсдэл дагуулж мэднэ. Банкууд ч барилгын салбарынханд зээл өгөхгүй байна. Ер нь барилгынхан энэ жилдээ хөрөнгө оруулалтаа татах шинжтэй байна. Зах зээл хямарсан, худалдан авагчид бараг байхгүй болсон. Цаашид найман хувийн хүүтэй зээлд хамрагдах хүн ч байхгүй болно. Томоохон компаниуд ялангуяа уул уурхайн компаниуд ажилчдаа халж, цомхотгоод эхэллээ. Үүний уршгаар дандаа зээлтэй иргэд ажилгүй болж байна. Ажилгүй болсон хүмүүс зээлээ төлж чадахгүй. Тэдэнд уул уурхайд ажиллаж байсан шиг нь өндөр цалин өгөх өөр салбар байхгүй. Энэ мэтээр улам л хүнд болно доо. 2016 он хүртэл эдийн засаг сэргэхгүй гэсэн таамаглал байгаа.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХЭЗЭЭ Ч БУУРДАГГҮЙ

“Заг” компанийн борлуулалтын менежер П.Мөнхтогоо:

-Манай компани орон сууцныхаа үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад төдийлэн өөрчлөөгүй. Борлуулалт өвөл дууссан. Орон сууцны үнэ хэзээ ч буурдаггүй. Байнга өсгөж, зах зээлийнх нь ханшаар л борлуулдаг. Барилгын ажил улирлын чанартай. Энэ сараас барилгын ажлыг эхлүүлж зунжингаа барьсаар аравдугаар сард угсралтаа дуусгана. Үүний дараа дулаанд холбуулан, дотор заслаа хийнэ. Ингээд хоёрдугаар сар гэхэд Улсын комиссоор шалгуулж, хүлээлгэн өгч, оршин суугчдаа оруулна. Бид одооны ханшаар захиалга авч, ирэх жил борлуулна гэсэн үг. Тиймээс захиалга авсан үнэ нь ашиглалтад орсон үеийнхтэй харьцуулахад арай хямд юм шиг санагдаж болох. Гэхдээ зарим компани бэлэн барьсан байраа тэртэй тэргүй найман хувийн хүүтэй зээл гарч, иргэд авах юм чинь гээд үнээ хэт хөөрөгдсөн. Орлого олох гэсэн зорилготой компани орон сууц барьчихаад үнээ үндэслэлгүй өндөр тогтоодог тал бий. Харин үндэсний 10 гаруй компани орон сууцны үнийг төдийлэн хөөсрүүлдэггүй. Дундаж үнээ л барьдаг. Найман хувийн хүүтэй зээл анх олгож эхлэхэд журам нь нэлээд хатуу байсан. Дараа нь журамд нэмэлт өөрчлөлт оруулж, урьд нь байр авч байгаагүй зэрэг шалгуурыг нь байхгүй болгосон. Ингээд шалгуур багатай болчихоор олон хүн хамрагдаж эхэлнэ. Тэгэхээр компаниуд үнээ өсгөнө шүү дээ. Манай хүн ам цөөн. Найман хувийн хүүтэй зээлд цөөнгүй хүн хамрагдсан. Ингээд урьдчилгаа болох 30 хувь төлөх санхүүгийн чадвартай хүн цөөн үлдсэн. Дараа жилээс ер нь хүндэрч магадгүй.

БАЙРНЫ ҮНЭ ХЯМДАРЧ БАЙНА

“Мэско-Арвис” компанийн ерөнхий захирал, Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал П.Одгэрэл:

-Стандарт зэрэглэлийн буюу дунд болон дундаас доош зэрэглэлийн орон сууцны үнэ 10-15 хувиар хямдарсан. Стандартаас дээш зэрэглэлийнх нь үнэ таван хувиар өссөн. Найман хувийн хүүтэй зээл гаргасны дараа үнэ нэлээд өссөн ч энэ сараас буурч байна. Урьдчилгаагаа өгөөд байр захиалсан иргэд найман хувийн зээл гаргангуут Улсын комисс хүлээж аваагүй, гэрчилгээ гаргаагүй гэдэг нэрийдлээр захиалгаа буцаагаад 80 ам метр талбайтай хуучин байр авч, хувь хүнд хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр барилгын компаниуд хэцүү байдалд орж байгаа. Энэ онд нийт 37 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар 204 төсөл хэрэгжүүлж байгаа. Үүний 6000 гаруй нь 80 ам метрээс бага талбайтай. Цаашид үнэ нэлээд тогтвортой байх болов уу гэсэн дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ ам.долларын ханшийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Борлуулалтын хувьд 3-4 өрөө амины орон сууц эрэлттэй байна. Энэ нь дундаас дээш орлоготой хүмүүс байраа сольж, сайжруулах болсонтой холбоотой. Харин стандартаас доош зэрэглэлийн орон сууцны борлуулалт буурсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1293
0 эможи
keyboard_arrow_up