7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 25, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын мөнгө угаалттай тэмцэх бодлого буюу СААРАЛ ЖАГСААЛТЫН сураг

админ
2019 оны 8 сарын 12

Arslan.mn

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын ээлжит хурал, мөн Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хурал энэ сард болно. Монгол Улсын хувьд тус хурал онцгой ач холбогдолтой. Учир нь манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого, түүний хэрэгжилтийг ФАТФ-аас үнэлж, “саарал жагсаалтад” оруулах уу, ахиулах уу гэдгийг шийдэх юм. Тиймдээ ч энэ асуудал дотоодын банк санхүү, хууль хяналтын байгууллага, бүр нарийн яривал Монгол Улсын төр засгийн хэмжээнд чухал асуудлын нэг болоод байна.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг олон улсад хамгийн их үйлдэгдэж байгааг судлаачид хэлж байгаа. Одоогийн байдлаар олон улсад мөнгө угаах гэмт хэргийн 180 төрөл бүртгэгдсэн. Энэ төрлийн хэргийн улмаас дэлхий дээр бий болсон бохир мөнгөний эргэлт хоёр их наяд ам.доллар байх магадлалтай гэж таамагладаг. Энэ нь Франц улсын жилийн төсвөөс гурав дахин их тоо юм. АНУ-д гэхэд жилд дунджаар 500 тэрбум ам.доллар угаагддаг гэсэн судалгаа бий. Тиймээс бохир мөнгөний эргэлтийг зогсоох үүрэгтэй олон улсын байгууллагууд ажилладгийн нэг нь ФАТФ гэж ойлгож болно. Тиймдээ ч өндөр хөгжилтэй 37 улс орон, хоёр олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгээд буй. Энэ байгууллагын зорилго нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон олон улсын санхүүгийн системийн эрүүл, шударга байдалд учирч буй холбогдох бусад аюул эрсдэлтэй тэмцэхэд чиглэсэн хууль эрх зүйн, бодлогын, зохицуулалтын болон үйл ажиллагааны гэх мэт аливаа үр дүнтэй арга хэмжээний талаарх стандартыг тогтоох, үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал. Энэ зорилгын хүрээнд ФАТФ-ын 40 зөвлөмж гэгдэх стандарт бий болж, гишүүн орнууд дотоодын хууль тогтоомждоо тусган дагаж мөрддөг болжээ.

Монгол Улс 2004 онд ФАТФ-ын бүс нутаг хариуцсан байгууллага болох мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагын гишүүн улс болсон. Анх 2006 онд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоонд анхны харилцан үнэлгээг хийснээс хойш хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг 2016 онд Ази, Номхон далайн бүсийн байгууллагаар дамжуулан хийсэн юм. Тус үнэлгээний тайланд “Монгол Улсын Засгийн газар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулах хүчин чармайлт гаргаж байгаа боловч 2006 оны Харилцан үнэлгээгээр тогтоосон стратегийн дутагдлуудын ихэнх нь одоог хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх ноцтой эрсдэлүүд тулгараад байна. Монгол Улсын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогын дийлэнх хэсэг нь авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх байдлаас бий болж байна. Нийт авлигын хэмжээ 2006-2010 онуудад ойролцоогоор 337 сая ам.доллар болсон нь анхаарал татаж байна” хэмээн дурдсан байдаг. Энэ бол Монгол Улсад мөнгө угаах нэг төрлийн гэмт хэрэг байна гэдгийг олон улсын мэргэжлийн байгууллагууд онцолсон явдал.

Монгол Улс ФАТФ-ын 2016 оны харилцан үнэлгээгээр 40 зөвлөмжөөс 20-ийнх нь хэрэгжилт хангалтгүй, бодит байдал дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх Үр дүнтэй байдал /Шууд хэрэгжилт/-ын 11 үзүүлэлтээс бүгд хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Үүнтэй холбогдуулан 2017 онд манайхыг Өргөтгөсөн /эрчимтэй/ хяналтад оруулж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн билээ. Тэрхүү даалгаврын гүйцэтгэлийг хэлэлцэх хурал нь энэ юм.

Тэгвэл манай улсыг шалгаж буй 11 үзүүлэлтийн тухайд гэвэл ФАТФ аливаа улс орныг үнэлэхдээ тухайн улсын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын үр нөлөө, хууль эрх зүйн орчны бодит байдалд дээрх хэрэгжилтийг сэдэвчилсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэдэг юм байна. Тэгвэл бид зөвлөмжүүдийг хэр хангав, саарал жагсаалтаас аврагдаж чадах уу?

Хэрэв саарал жагсаалтад орчихвол тухайн улс орны хувьд санхүүгийн хоригт орж байгаа хэрэг. Энгийнээр хэлэхэд гадаад улсаас орж ирэх зээл тусламж, мөнгөн гуйвуулга, шилжүүлэг, манай улсаас гадагшаа гаргах мөнгөн гуйвуулгаас эхлээд гадагшаа чиглэсэн санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа саадтай болж, олон давхар шалгалтад орох болдгийг эдийн засагчид хэлж байгаа.

Юуны өмнө манайд ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаа, прокурор, бүртгэл, оюуны өмч, гаалийн зэрэг төрийн 15 байгууллага энэ цаг үед ажиллаж байгааг дуулгах ёстой. Манайх 2016 оны харилцан үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн гол шалтгаан бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлт хангалтгүй байгаатай холбоотой байв. Үнэндээ манай улсад авлига албан тушаал, мөнгө угаахтай холбоотой олон хэрэг бүртгэгдэж, шалгагдаж байсан ч шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол 2016 он хүртэл манай шүүх, хуулийн байгууллагад бүртгэгдээгүй. Тиймээс ФАТФ-ын үнэлгээчид Монголыг тогтолцоогоороо мөнгө угаах гэмт хэргийн хор хохирлыг ойлгохгүй байна гэж дүгнэсэн байдаг. Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг өргөн хүрээнд авч үзсэнээр шүүхийн кейс гарч эхэлсэн юм. Тодруулбал, хууль хэрэгжиж эхэлсэн жилдээ мөнгө угаахтай холбоотой нэг хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бол 2018 онд таван хэрэгт эрүүгийн хэрэг нээж, хоёр хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, гуравт нь ял оноосон байгаа юм. Түүнчлэн 15 хүн энэ төрлийн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ. Тэгвэл мөнгө угаахтай холбоотой зүйл анги өөр бусад онц хүнд хэргүүдтэй давхар зүйлчилсэн тохиолдол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш цөөнгүй гарчээ. Шүүхээс мөнгө угаахтай давхар зүйлчилсэн 50 хэрэгт 68 хүн ял шийтгэсэн мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс саяхан мэдээлсэн. Энэ бол ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн, эерэг үр дүн гарсан бодит жишээ гэдгийг зөвлөмж хэрэгжүүлэгч байгууллагууд онцолж буй.

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийж буй айлчлалын хүрээнд оффшор бүсэд байршуулсан хөрөнгийг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх, оффшорт данстай монгол иргэдийн мэдээллийг олж авах эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдсэн. Энэ нь нэг талаар Монгол Улсын хувьд мөнгө угаахтай тэмцэж байгаагийн бас нэг илрэл юм.

Харин ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манай нэр бүхий банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгийн эх үүсвэр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой байх вий гэсэн болгоомжлол байх магадлалтай гэж эдийн засгийн шинжээчид дүгнэж байгаа. Тиймээс энэ асуудал ФАТФ-ын үнэлгээнд нөлөөлөх магадлалыг үгүйсгэхгүй юм.

Түүнээс гадна мөнгө угаах ойлголт манай улсад олон улсынхтай ижил том хэмжээний бүлэглэлийн хооронд хар тамхи, хүний наймаа зэргээс бус энгийн хялбар, хүний нүдэнд өртөхөөргүй нөхцөл байдлаар үйлдэгдэж байж болзошгүйг хууль хяналтынхны судалгаа харуулдаг. Тухайлбал, олон улсын байгууллагын санхүүжилтээр сайн санааны, хүмүүнлэгийн сан байгуулах үзэгдэл газар авсан. Дээрх сангийн зорилго, үйл ажиллагааны чиглэл нь хүмүүнлэгийн, буцалтгүй тусламжаар хөгжингүй болон ядуу буурай орны иргэдийн амьдралд дэмжлэг үзүүлэх зорилгоор өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг учраас тухайн сангийн санхүүжилт, мөнгөний эх үүсвэрийг төдийлөн шалгадаггүй. Харамсалтай нь үүний ард сан байгуулах нэрээр оруулж ирж байгаа мөнгө ямар ч хүний нүдэнд буцалтгүй тусламж хэлбэрээр харагддаг учир татвараас зайлсхийх тун энгийн мөртлөө хялбар арга болдог ажээ. Олон улсын практикт мөнгө угаах гэмт хэрэг ихэвчлэн ийм аргаар үйлдэгддэг судалгаа байна. Судлаачдын ярьснаар практикт тохиолдож байгаа гаднын улсын хөрөнгө оруулалттай банк үүсгэн байгуулаад дараа нь дампууруулах, хараа хяналтгүй байдал, хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт гэх мэт үйлдлүүд нь мөнгө угаах гэмт хэргийн энгийн элемент гэж байна. Тэгвэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын тоо хэрээс хэтэрсэн. Гэтэл тэдний олонхын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, шашны секторуудын үйл ажиллагаанд мөнгө угаах гэмт хэрэг агуулагдаж байж болзошгүйг учир мэдэх хүмүүс анхааруулж байгаа юм. Манай улсад мөнгө угааж буй дараагийн нэг хэлбэр бол хөрөнгө оруулалт, хувь эзэмших явдал. Зарим аж ахуйн нэгжүүд гадны мөнгөн тусламж, эсвэл хувь нийлүүлсэн хөрөнгө гэдэг утгаар хууль бусаар орлого оруулж, барилга заран хууль ёсны орлого болгох явдал хамгийн далд хэлбэрийн мөнгө угаалт гэж үздэг аж. Үүнээс гадна авлигад авсан зүйлийг бусдын нэр дээр шилжүүлэх, дүрсийг нь хувиргах, эдийн засгийн эргэлтэд оруулж болзошгүй нөхцөл манай улсад бий болсон нь анхаарал татаж эхэлсэн. Хамгийн энгийн жишээ гэхэд хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж худалдаанд оруулах явдал байсхийгээд л гардаг. Энэ бол мөнгө угаалтын нэг хэлбэр гэж албаныхан үздэг юм билээ.

Ямартаа ч ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд манай улс тодорхой алхмууд хийсээр байгаа нь сайшаалтай. Дээр өгүүлсэн Эрүүгийн хууль тогтоомжид оруулсан шинэчлэлээс гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлт, эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд журам, заавар, аргачлал, гарын авлага зэргийг гаргаж, олон нийтэд багагүй ойлголтыг өгөөд байна. Дотоодын болон олон улсын түвшин дэх хамтын ажиллагааг өргөжүүлсэн, 15 сарын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Үндэсний хөтөлбөрийг Засгийн газраас баталж хэрэгжүүлсэн олон алхмыг нэрлэж болно. Нэг ёсондоо ФАТФ-ын өгсөн зөвлөмжүүд дээр тодорхой алхам хийгдсэн гэдгийг харж болохоор байгаа юм.

Харин цаашид хэрэгжүүлэх шаардлагатай олон алхам байгааг мэргэжлийнхэн онцолсон. Тухайлбал, “УИХ-д өргөн мэдүүлсэн Терроризмтой тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагаж гарах хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэн батлуулах, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах талаар аргачлал заавар гарган мөрдөж ажиллах, мөнгө угаах гэмт хэргийг шалгах, эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ төрлийн гэмт хэргээс олсон хөрөнгө орлогыг хураах, хөрөнгө хураахад баримтлах үйл ажиллагааны аргачилсан заавар боловсруулах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлт, гэмт этгээдийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх хүсэлтийг бүртгэж, хяналт тавих нэгдсэн бүртгэлийг үүсгэх шаардлага бий болсон. Түүгээр зогсохгүй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой статистик мэдээлэл гаргах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээн Монголбанкны ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Б.Гантуяа ярьж байгаа.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын албаныхан өргөтгөсөн эрчимтэй хяналтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа дэлгэрэнгүй тайланг Ази, Номхон далайн бүсийн байгууллагад хүргүүлээд байгаа аж. Үүний хариуд хангалтгүй үнэлгээ авсан 20 зөвлөмжөөс 14 зөвлөмжийн үнэлгээг сайжруулах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтийг авчээ. Хэдий ийм ч Монгол Улс шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс хамгийн багадаа зургаан үзүүлэлтэд дундаас дээш үнэлгээ авах шаардлагатай байгаа юм.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606671
2 эможи

keyboard_arrow_up