7 хоногийн тойм 24°C 2392.55 ₮
08 сарын 17, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголчууд хичээлийн бэлтгэлээ хямд базаах боломжийг худалдааны дайн олгов

админ
2018 оны 8 сарын 10

Монголчууд хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ харьцангуй хямд базаахад АНУ, БНХАУ-ын худалдааны дайн туслах нь. Учир нь бие биеэ дөнгөх гэсэн их гүрнүүдийн тэмцэл юанийн ханшийг дэлхий даяар хөвүүлж, ягаан дэвсгэртийн үнэ манайд хүртэл уруудахад хүргээд байна. Энэ оны эхээр бараг 400 төгрөг рүү дөхөж байсан төгрөгтэй харьцах юанийн ханш зургадугаар сар буюу Америкийн өдөөсөн худалдааны дайн идэвхжсэн үеэс уруудаж эхэлжээ.

Ингэснээр сүүлийн хоёр сар дараалан төгрөгтэй харьцах юанийн ханш сулраад байгаа юм. Төв банкнаас зарласан юанийн ханш лхагва гарагийн байдлаар 359 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь 2018 оны оргил цэгээс огцом буурсан дүн. Юанийн ханш ийн уруудсан нь урд хөршөөс бараа бүтээгдэхүүн импортолдог худалдаачдыг багагүй баярлуулав.

Энэ ч учиртай. “Нарантуул” худалдааны төвд бэлэн хувцас борлуулдаг, 35 настай Г.Бурмаагаар жишээ авъя. Бэлэн хувцасны томоохон лангуутай тэрбээр нэг удаад 20 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн БНХАУ-аас татдаг. Юанийн ханш чангарч, 385 төгрөг рүү дөхсөн өнгөрсөн оны хоёрдугаар сард Г.Бурмаагийн 20 сая төгрөг 51.9 мянган юаньтай тэнцэж байлаа. 

Тэгвэл өдгөө юанийн ханш бараг 26 гаруй төгрөгөөр хямдарч, 359 төгрөг болсон. Өнөөдөр Г.Бурмаа нэг удаад 55.7 мянган юаниар бараа бүтээгдэхүүн татаж байгаа аж. Ингэснээр тэрбээр ханшийн уналтад чимээгүйхэн залгиулж байсан 1.3 сая гаруй төгрөгөө хамгаалж чаджээ. Түүн шиг олон худалдаачин жил бүр ханшийн уналт гэх үл үзэгддэг “савар”-аас халаасаа хэмлүүлсээр ирсэн.

Харин энэ жил ханшийн уналтын дарамтыг харьцангуй бага үүрч байна. Энэ хэрээр иргэд, худалдан авагчдын үүрэх үнийн дарамт ч багасгах нь. Намрын сар эхлэв үү үгүй уралдаад өсчихдөг юанийн ханш буурч буйг ирэх өдрүүдэд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базаах эцэг эхчүүд ч таатай хүлээн авч байна. Ялангуяа, намрын их зарлагын үе айлссан. Үүнийг угтаад түлш, шатахууны үнэ өсөж, өргөн хэрэглээний барааны ханш ч дагаад өндөлзчихсөн.

Оюутан, сурагчдын сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл гээд эцэг эхчүүдийн санааг чилээх олон зарлага зэрэг оволзох гэж буй энэ үед юанийн ханш “томоотой” байгаа нь өрхийн төсөвт дэмжлэг болох нь дамжиггүй. Ер нь урд хөршийн импортын барааны үнэ сүүлийн үед харьцангуй тогтвортой байгаа гэж наймаачид хэлж байсан. Зөвхөн тэд төдийгүй урд хөршид боловсрол эзэмшдэг оюутан сурагчдын гэр бүлийн үүрэх ачаа ч хөнгөрч байгаа ажээ.

Импортын 70 хувийг ам.доллар, 13 хувийг юаниар хийдэг

Өнгөрсөн оны өдийд юанийн ханш галзуурч, 2017 оны есдүгээр сард 375 төгрөг хүртлээ өсч байв. Үүнээс үүдэн урд хөршөөс импортолдог бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, өрхийн төсөвт багагүй дарамт болж байсан юм. “Юанийн ханш чангарснаас барааныхаа үнийг нэмэхэд хүрлээ” хэмээн худалдаачид хариулж байв. Тэгвэл үнийг нь өсгөөд байсан юанийн ханш буурчихлаа. Харин одоо бүтээгдэхүүний үнээ тогтвортой байлгахыг худалдаачдаас харах л үлдлээ.

Ер нь юанийн ханшийн ялимгүй өөрчлөлтийн цаана хэтэвч нимгэн амьдрал түм бумаараа нуугдаж байгаа. Намар галзуурдаг юанийн ханш яагаад унав. АНУ БНХАУ-ын багагүй хэмжээний бараа бүтээгдэхүүний импортын татварыг өсгөсөн. Өндөр татвар төлж, Америкийн хил давснаар Хятадын бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ өсөж, өрсөлдөх чадвар нь буурч буй. Энэ хэрээр өнөөг хүртэл экспортоороо эдийн засгаа тэжээж ирсэн БНХАУ-ын хилийн чанадыг чиглэсэн худалдаа багасгах эрсдэлтай нүүр тулж байгаа юм.

Тиймээс экспортоо дэмжихийн тулд Хятадын төв банк юанийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж, ханшийг нь хүчээр унагаж эхэлсэн. Өнгөрсөн сард гэхэд Хятадын төв банк 502 тэрбум юанийг (74 тэрбум ам.доллар) банкны системдээ нийлүүлсэн. Хятадын энэ хариу мэхээс ч өмнө юанийн ханш сул байсан.

Учир нь тус улс юанийг ОУВС-гийн нөөц валютын сагсанд багтаахын тулд сүүлийн жилүүдэд юанийн ханшийг суллах бодлого баримталж буй.

Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өдгөө сүүлийн хэдэн жилийн доод цэгт хүрээд буй нь тус улсын мөнгөн тэмдэгтэд давхар дарамт болж буй юм. Энэ мэт санаатай болон санаандгүй хүчин зүйлээс үүдэн юанийн ханш олон улсын зах зээлд сүүлийн таван жилийн доод цэгтэй ойр түвшинд хөвж байна. Тэгвэл энэ чөлөөт уналт нь манайд ч ажиглагдаж, Монголын эдийн засгийн микро түвшин буюу өрхийн төсөвт богино хугацаанд эерэгээр нөлөөлөхөөр байгаа юм.

Гэхдээ хэрэглээний эдийн засагтай, үйлдвэрлэгч бус Монгол улсад юанийн ханшийн уналт нь алсдаа импортыг өдөөх эрсдэлтэй. Ингэснээр түүхий эдээ зараад олсон багахан валютаа бид буцаан гадагш гаргачихыг ч үгүйсгэхгүй юм. Тэр тусмаа өмнөд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд үлэмж хамааралтай Монгол улсад юанийн ханш хүчтэй нөлөөлнө.

Манай улсын гадаад худалдааны гол хэрэгсэлд ам.долларын араас юань бичигддэг. Ялангуяа, Монголоос гадагш чиглэсэн худалдааны урсгал буюу импортын 70 хувийг ам.доллар, 13 хувийг юаниар хийдэг гэж төв банк мэдээлсэн байна. 2017 оны байдлаар манай улсын нийт импорт 4.3 тэрбум ам.доллартай тэнцсэн гэж үзвэл монголчууд жилд дунджаар 560 орчим сая ам.доллартай тэнцэх юанийн санхүүжилтээр гадагш худалдан авалт хийдэг аж. өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум юанийг импортод зарцуулдаг гэсэн тооцоо гарч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593686
1 эможи

Иргэн
2018-08-10 15:11
Мөн баясваа.Үндэсний үйлдвэрлэлийг бий болгож,Хятадаас бэлэн хувцас энэ тэр юм авахаа болчихвол мөн сайхнаа.Монгол үйлдвэрлэв гэсэн бренд бий болж,дэлхийн өндөр технологийг монголд оруулж ирэх нь Төр болоод иргэний үүрэг.Алийн болгон Хятад руу шуудай үүрч явах гэсэн улс юм болдоо.Нэг муу Хужаа гутал,таавчик,үзэг харандаа... Монголын залуус ажилгүй,архичин, гуйлгачин болж дууслаа.Хөдөлмөрийн насны залуусын хийдэг гол ажил Харуул,Хамгаалагч нэртэй Манаач.Эмэгтэйчүүд нь тогооч,угаагч,үйлчлэгч. Соц нийгмийн үед /ХҮН/ төрийн бодлогын гол төвд байлаа.Одоо бол Хятадын ХАА-н орон болох шив.Хятадын саварт өдрөөс өдөрт өөрсдөө сайн дураараа гүйж ороод байх юм. Энэ олон архичид хаанаас гараад байна.Ажилгүйдээ л шүү дээ.Тэгээд хоёр том гүрний худалдааны дайнаас их олз олчихож гэнэ.Монголчуудыг ажилгүй байлгана гэдэг,аажимаар устгаж байгаа хэрэг.Ичиж үхээсэй.
keyboard_arrow_up