COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС: Монголын улс төрийн орчин тогтворжоогүй байгаа нь эрсдэл дагуулж байна

2018 оны 4 сарын 05

Arslan.mn

"Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд ойрын хугацаанд нүүрсний экспорт төдийлөн дэмжлэг үзүүлэхгүй. Үүнд хилийн боомтын гацаа нөлөөлнө" гэж Олон Улсын Валютын Сан үзэж байна. Олон Улсын Валютын Сангийн гурав дахь шатны үнэлгээний баг болон Захирлуудын зөвлөлийн шийдвэрийн дэлгэрэнгүй тайланд онцолсноор нэгдүгээрт нүүрсний боомтын гацаа экспортыг сааруулна, хоёрдугаарт “Оюу Толгой” төсөл болон “Таван Толгой”-ийн нүүрсний ордын төслүүд хэрхэн үргэлжлэхээс ихээхэн хамаарна гэж харж байгаа аж. Харин гуравдугаарт эдийн засгийн төрөлжилт хязгаарлагдмал байгаа, дөрөвдүгээрт Монгол Улсын улс төрийн орчин тогтворжоогүй байгаа нь гол эрсдэл гэж тодорхойлжээ. Улс төрийн орчин тогтворгүй бол “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлөхөөс гадна донор орнуудын санхүүжилтийг хойш татах эрсдэлтэй гэж Олон Улсын Валютын Сан дүгнэж байна. Мөн Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьтай тэнцэж байгаа нь маш өндөр хувь хэмжээ болохыг онцлоод хөтөлбөрийн гүйцэтгэлд сөрөг нөлөөтэй гэж дүгнэжээ.

Түүнчлэн гүйцэтгэлийг ч мөн дэлгэрэнгүй үнэлсэн байна. Үнэлгээний тоон үзүүлэлтүүдийг дийлэнх нь зорилтдоо хүрсэн гэж Олон Улсын Валютын Сан үзсэн байна. Харин бүтцийн жишиг /structural benchmark/ зорилтууд харьцангуй холимог үр дүнтэй байгаа гэжээ. Энэ удаагийн үнэлгээгээр бүтцийн шинж чанартай 10 зорилтын тавыг нь амжилттай биелүүлж, гурав нь УИХ-ын энэ хаврын чуулганаар шийдэгдэх хүлээлттэй байгааг онцолсон байна. Эдгээр гурван бүтцийн өөрчлөлтөд Татварын ерөнхий хуулийн багц шинэчлэл, хөрөнгийн дахин үнэлгээний хуулийн төсөл зэрэг багтаж байгаа юм. Мөн үнэлгээний явцад Монгол Улсын Засгийн газар гурван зорилтоос буцсан байгааг тайландаа дүгнэжээ.

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурав дахь шатны үнэлгээний дараа Монгол Улсад 30.55 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү санхүүжилт гуравдугаар сарын 30-ны өдөр Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлсэн тухай Монголбанкнаас мэдээллээ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрээд байна.

Үүнээс гадна өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55726
0 эможи
keyboard_arrow_up