COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ВАЛЮТЫН зээлээр төсвийн “ЦООРХОЙ“-г нөхнө

2017 оны 12 сарын 08

Та анзаарав уу. Монголын эдийн засгийг шил шилээ дарсан шинэ мөнгөний сураг чимээ чиглэж буйг. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл 120 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад олгохоор боллоо. Мөн хэдхэн хоногийн өмнө буюу мягмар гарагт Япон улс 32 тэрбум иен буюу 283.3 сая ам.доллартай тэнцэх хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Эдгээрийг бодлогын зээл буюу төсвийн алдагдал нөхөхөд зарцуулах юм.

Сангийн яамны эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр санхүүжилт тун удахгүй Монголыг чиглэх аж. Тухайлбал, Дэлхийн банкны 120 сая ам.долларын санхүүжилт энэ долоо хоногт багтан орж ирэх бол Японы зээл арванхоёрдугаар сард манай улсын дансанд шилжинэ гэж албаны хүн мэдээллээ. Өөрөөр хэлбэл, тохиролцоо ёсоор энэ онд багтан 400 сая гаруй ам.доллар Монголын “данс”-нд орно. Гэхдээ шинэ мөнгөний урсгал ингээд дуусахгүй. Энэ сарын 15-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Монгол Улсад хэрэгжүүлж буй хамтарсан хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэж, санхүүжилтийн багц олгох эсэхээ шийдэх юм.

Энэ онд багтан 400 сая гаруй ам.доллар манай “данс”-нд орно

Хэрэв удаах санхүүжилтийг баталбал ойролцоогоор 75 сая ам.доллар энэ онд манай улсын хэтэвчийг зузаатгах боломж гарах юм. Ийнхүү багагүй хэмжээний ам.долларын урсгал Монгол Улсад орж ирэхээр байна. Эдгээр мөнгө эхний ээлжинд Төв банкийг чиглэнэ. Тухайлбал, Дэлхийн банк болон Япон улсын санхүүжилт төв банкин дахь Засгийн газрын дансанд орно.

Энэ мөнгийг захиран зарцуулах эрхтэй Засгийн газар шаардлагатай тохиолдолд ам.долларын санхүүжилтээ төгрөгөөр хөрвүүлдэг. Ингэхдээ тухайн оны төсөвт суулгасан ам.долларын ханшаар тооцдог билээ. Ирэх оны төсөвт төгрөгтэй харьцах ам.долларын ханшийг 2501 төгрөгөөр тооцсон. Ийнхүү Засгийн газар гадаад валютаа төгрөгөөр хөрвүүлснээр төв банкны гадаад валютын нөөц зузаардаг зүй тогтолтой. Харин ОУВС-гийн улирал тутам олгох санхүүжилт төлбөрийн тэнцлийг сайжруулахын тулд шууд төв банкийг чиглэж байгаа.

Тэгвэл ойрын өдрүүдэд Монголыг чиглэх санхүүжилт төв банкны гадаад валютын нөөцийг зузаатгахаар байна. Арваннэгдүгээр сарын байдлаар хоёр тэрбум ам.доллар даваад буй төв банкны албан нөөц энэ оны эцэст 2.5 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй гэж үзэж буй. Түүнчлэн, төв банкны тооцож буйгаар ирэх онд олон улсын байгууллагууд болон донор орнуудаас ойролцоогоор нэг тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх төлөвтэй байгаа юм. Монголыг чиглэх ам.долларын орох урсгал ийм байгаа бол ирэх онд хүлээгдэж буй зарим эргэн төлөлт байгааг мартаж болохгүй. Тухайлбал, ирэх оны нэгдүгээр сарын 5-нд Монгол Улс олон улсын зах зээлд босгосон таван жилийн хугацаатай “Чингис” бондын төлбөрийг барагдуулна. Засгийн газар аравдугаар сард Чингис бондын эзэмшигчидтэй тохирч 370 гаруй сая ам.долларыг дахин санхүүжүүлэх хувилбараар сольсон билээ.

Нэг тэрбум ам.доллар ирэх онд Монголыг чиглэх төлөвтэй

Харин ирэх сард 100 гаруй сая ам.долларын санхүүжилтийг олон улсын хөрөнгө оруулагчдад төлөх юм байна. Манай улсын валютын орох, гарах урсгалыг харвал эерэг дүр зураг ажиглагдаж байгаа. Төв банкны өсөж буй албан нөөцийн мэдээлэл мөн бие биенээ дагасан шинэ санхүүжилт наашлахын хэрээр төгрөгтэй харьцах гадаад валютын ханш суларч байна.

Тогтвортой байсан ам.долларын ханш буурч эхэлсэн. Мөн сүүлийн өдрүүдэд огцом чангарч байсан бусад валютын ханш сулрав. 2900 төгрөг шүргэж байсан еврогийн ханш эргэн буурч байна. Тэгвэл төгрөгийн ханшийн муруй цаашид хааш чиглэх бол. Хэдийгээр албан нөөц нь өсөж буй ч төв банк интервенц хийхгүй гэдгээ мэдэгдэж байгаа.

Зөвхөн төгрөгийн ханшид огцом өөрчлөлт ажиглагдсан тохиолдолд бодлогын арга хэрэгслээ ашиглана гэсэн байр суурь илэрхийлж буй. Одоогоос 6-7 жилийн өмнө Монгол Улсыг чиглэх ам.долларын урсгал нэмэгдэж, төв банкны албан нөөц зузаарч байсан. Энэ үед төв банк зах зээлд их хэмжээний валют нийлүүлснээр 1500 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханшийг 1190 орчимд хүргэж байсан юм. Гэхдээ ийм бодлогын аргыг ирэх онд харах магадлал бага байна.

Г.Байгал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50861
0 эможи
keyboard_arrow_up