COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Энхдэлгэр: Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкнаас тогтмол олгож байгаа

2017 оны 9 сарын 21

Related image

“Банкууд найман хувийн ипотекийн зээл олгохгүй байна. Зогсчихсон юм уу” гэдэг асуултыг шинэ байр хайж буй иргэд хамгийн их тавьж буй юм. Харин энэ асуултад Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр дараах хариултыг өгч байна.

 

-Ипотекийн найман хувийн зээл өгч байгаа юу?

-Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар 2016 оны аравдугаар сард ипотекийн орон сууцын санхүүжилтийн журмыг шинэчлэн баталсан. Үүгээр ипотекийн зээлийг эргэн төлөлттэй нь уялдуулж cap бүр тодорхой хэмжээний санхүүжилттэйгээр гаргаж байгаа. Энэхүү санхүүжилт нь тогтмол гарч байгаа юм. Арилжааны банкууд ч энэ санхүүжилтийн дүнд багтаагаад тодорхой хэмжээгээр ипотекийн зээлээ олгоод явж байгаа.

Монголбанкнаас ингэж санхүүжүүлж байснаа 2017 оны тавдугаар сараас эхлээд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дагуу ипотекийн зээлийг Монголбанк болон Засгийн газар хамтран санхүүжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд зээлийн эх үүсвэр Засгийн газрын төсвөөс болон Монголбанкинд эргэн төлөгдөж байгаа зээлийн дүнгээр олгогдоод явж байгаа юм.

Өнгөрсөн сард Засгийн газар, Монголбанк хамтраад 24.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ипотекийн зээлд зориулан гаргасан байна. Монголбанкнаас 254 зээлдэгчийн 15.005 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 142 зээлдэгчийн 8.089 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгожээ. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 393 зээлдэгч ипотекийн зээлд шинээр хамрагдсан гэдэг тоон мэдээлэл байна. Тиймээс ипотекийн зээл олгогдож байгаа.

-Би арилжааны банкуудаар орж үзлээ л дээ. Арилжааны банкууд орон сууцын зээлийг банкны байруудад өгч байгаа. Найман хувийн зээлийг түр зогсоосон гэдэг хариулт өгч байна. Иргэд ч “Ипотекийн зээл өгөхгүй байна” гээд байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийг өгч байна гэж ойлгох уу. Аль эсвэл одоохондоо өгөөгүй юм байна гэж ойлгох уу?

-Арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэртээ тааруулаад ипотекийн зээлээ авч шийдвэрлэж байгаа учраас магадгүй дараалал үүссэн тохиолдолд заримдаа “Ипотекийн зээл олгохгүй байгаа” хэмээн тайлбарлаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монголбанк болон Засгийн газраас cap бүр холбогдох санхүүжилт нь ороод явж байгаа. Тодорхой хэмжээний айл шинэ орон сууцад орж л байгаа гэсэн үг.

Харин арилжааны банкуудын өөрийн санхүүжилтээр олгож буй байрны зээлийг Монголбанкнаас зохицуулахгүй. Энэ нь банкуудын дотоод уйл ажиллагаа буюу эрсдэлээ удирдаж буй нэг хэлбэр юм. Монголбанк арилжааны банкуудын иймэрхүү дотоод үйл ажиллагаанд оролцож, хязгаарлалт тавьдаггүй.

-Уг нь адилхан л орон сууцын зээл. Гэхдээ иргэд Монголбанкны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах сонирхол нь арай түлхүү байна. Гол ялгаа нь юу юм бол?

-Арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгож буй зээлийн хүү Монголбанкны хөтөлбөрөөр санхүүжүүлж буй ипотекийн зээлийн хүүнээс өөр байгаа. Энэ нь банк тус бүр дээр өөр байгаа юм.

-Цаашид ипотекийн найман хувийн зээл үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон гэх юм билээ. Тухайлбал, ирэх онд энэ асуудлыг яаж шийдэх бол?

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дагуу Монголбанк ирэх онд багтаагаад ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх үүрэгтэй. Энэ онд холбогдох судалгааны ажлууд хийгдэж, бэлтгэл ажил тодорхой хэмжээгээр хангагдаад явж байгаа. Гэхдээ ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлчихсэн гээд Монголбанк энэ асуудлыг огт тоохгүй хаяна гэсэн үг бас биш.

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хамгийн боломжийн сайн хувилбар юу байна вэ, ямар хувилбараар яаж шийдвэл илүү хүртээмжтэй болох вэ гэдгийг Монголбанк зөвлөмж хэлбэрээр өгөөд явна. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд оролцох биш зөвлөмж өгөх байдлаар хөндлөнгөөс оролцоно гэсэн үг. Тиймээс ирэх онд ипотекийн зээлийг олгодгоороо л олгох болов уу гэсэн хүлээлт байна. Гэхдээ чухам яаж, ямар журмаар олгох вэ гэдэг хувилбарыг Засгийн газарт бүрэн шилжүүлсэн хойно гаргаж ирэх учраас одоохондоо тэгнэ, ингэнэ гэж хэлэхэд эрт байна.

-Ипотекийн зээлийг орон нутагт амьдарч буй иргэддээ хэр хүртээмжтэй болгосон бэ. Шинэ орон сууц баригдаж, ипотекийн зээл нь шийдэгдсэн ч зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээ их хүлээдэг гэж байсан?

-Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн 4-5 дугаар сард шат дараатай тодорхой арга хэмжээг авсан. Эх үүсвэр тодорхой хэмжээтэй, бага байгаа учраас арилжааны банкууд хуваарилагдсан эх үүсвэрийг зөвхөн нийслэл хотдоо тараадаг. Ийм учраас Орон нутагт зээл нь шийдэгдсэн ч гэсэн эх үүсвэрээ хүлээж байсан 15.9 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бөөгнөрчхөөд байсан юм. Энэ талаарх шийдвэрийг 4-5 дугаар сард гаргаад тавдугаар сард зөвхөн орон нутгийнханд зориулж Монголбанкнаас тусдаа 15 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг гаргасан.

Цаашид Монголбанкнаас cap бүр олгож байгаа ипотекийн зээлийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт хуваарилах чиглэлийг арилжааны банкуудад өгсөн байгаа. Тиймээс Монголбанкнаас cap бүр ойролцоогоор 16 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт гарч байгаа гэж тооцвол сард дөрөв орчим тэрбум төгрөг орон нутгийн ипотекийн зээлд зориулагдаж гарах боломжтой. Хамгийн гол нь орон нутагт тогтмол 100 орчим зээлдэгч эх үүсвэрээ шийдүүлээд ипотекийн зээлдээ хамрагдаад явах боломж бүрдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47277
0 эможи
keyboard_arrow_up