COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Энэ удаагийн хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрт ИПОТЕКИЙН ЗЭЭЛ хамаарахгүй“

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Мөнгөний бодлогын хорооны 8 дугаар сарын 7-ны өдрийн хурлын шийдвэрийн хүрээнд бүх хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу?

Үгүй. Зөвхөн Ковид-19 цар тахлын улмаас эргэн төлөлтөд хүндрэл учирсан бөгөөд өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй зээлүүдийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах боломжтой.  Харин орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй.

Өмнө нь зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан зээлдэгчид хэрэглээний зээлийн хугацааг дахин сунгах боломжтой юу?

Тийм.  Гэхдээ өмнө нь сунгасан хугацаа болон энэ удаагийн сунгах хугацааны нийлбэр нь 12 сар хүртэл байна.  Өөрөөр хэлбэл, өмнөх шийдвэрийн хүрээнд зээлдэгч хэрэглээний зээлийн хугацааг 6 сараар сунгасан гэж үзвэл энэ удаагийн шийдвэрийн хүрээнд 6 хүртэлх сараар зээлийн хугацааг дахин 1 удаа сунгах боломжтой. 

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

Энэ удаагийн шийдвэр нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Энэ удаагийн шийдвэрт ипотекийн зээл хамаарч байгаа юу?

Үгүй.  Энэ удаагийн шийдвэр нь зөвхөн хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд чиглэж байгаа.  Ипотекийн зээл хамаарахгүй.

Хэрэглээний зээлд ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд багтдаг вэ?

Өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг.

Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу?

Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах (хүүг капиталжуулах) дүнгээр өсч болно. Бусад тохиолдолд өөрчлөлт орохгүй.

Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

Орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож болно.

Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг царцаах гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ?

Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүсч байна.  Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зориулалттай зээлийн хувьд хугацааг нь 12 хүртэлх сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа. Энэ арга хэмжээ нь нэг удаагийн арга хэмжээ бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл банкууд, зээлдэгчид тохиролцон эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ.

Банкуудад албан ёсны шийдвэрийг хүргүүлсэн үү? Бодлогын шийдвэр гаргалт, түүний хэрэгжилтийн уялдаа, холбоог хэрхэн хангаж байна вэ?

Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрийн тогтоол дээр үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч банкуудад хүргэгдсэн. Тиймээс хэрэглээний зээлийн хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх шийдвэр нь 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн бүх банкин дээр хэрэгжээд явна. 

Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй болсон иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болсныг нотлох шаардлагатай.

Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?

Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно.

Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу?

Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэчлэх шаардлагатай байдаг. Банкны зүгээс таны банк болон бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг, орлогод харьцуулан тооцоолно.

Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу?

Болно. Ялангуяа өмнө нь өндөр өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?

Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой. Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм. Харин Монголбанкнаас тогтоосон макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой.

Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү?

Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
619232
12 эможи
keyboard_arrow_up