COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мөнгөний бодлогын хүүг 9% болгож БУУРУУЛЛАА

2020 оны 4 сарын 13

Arslan.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүгээ нэг нэгж хувиар буулгаж, есөн хувьд хүргэх шийдвэр гаргажээ. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байв. Үүнээс хойш шинэ төрлийн коронавирусийн халдварын үед эдийн засгийг тогтвортой байлгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс бодлогын хүүгээ хоёр хувиар буурууллаа. Өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг буулгаж, 10 хувьд хүргэсэн юм. 

Түүнчлэн Монголбанк эргэн төлөлт нь хүндэрсэн  зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргасан аж.

Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбөяр “Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзэж эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалаа. Мөн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах, зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэр гаргаж байна” гэлээ.

Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эргэн төлөлт нь хүндэрч, доголдол үүсэж байгаа зээлийн хугацааг 12 сунгах шийдвэр гаргасан. Ингэснээр сард төлөх төлбөр нь багасаж байгаа юм. Харин шинээр олгож байгаа зээлийн хувьд өмнө нь гаргасан журмаараа явна. Мөн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг тооцох аргачлалыг өөрчилж байгаа. Өмнө нь зөвхөн зээл авч байгаа нэг хүний орлогыг харгалзан үздэг байсан бол одоо өрхийн гишүүдийн орлогыг нэгтгэж тооцохоор болсон. Хэрэглээний зээлд тэтгэврийн зээлээс бусад арилжааны банкнаас олгож байгаа хэрэглээний шинж чанартай зээлүүд хамаарна. Мөн цалингийн зээл хамаарна. Өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар хэрэглээний зээлийн шинэ аргачлалыг баталж, арилжааны банкуудад хүргүүлнэ” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615984
0 эможи
keyboard_arrow_up