COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 29, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нь эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болно

админ
2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

-Мөнгөний бодлогын хүүг 1 нэгж хувиар буулгаж 10 хувь болгох шийдвэр гаргасан нь эдийн засгийн нөхцөлд байдалтайгаа хэрхэн уялдуулсныг юуны өмнө тайлбарлана уу?

Ковид-19 вирусийн тархалттай холбоотойгоор тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил суларч байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих бүхий л боломжуудыг судалж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Эдийн засгийн өсөлт сүүлийн 5 улирал дараалан буурч, 2020 эхний хагаст ч үргэлжлэн саарахаар байна. Уул уурхайн салбар 4-р улиралд өмнөх оны мөн үеэс 16.2 хувиар буурсан нь 2019 оны өсөлт хүлээлтээс доогуур гарахад голлон нөлөөлсөн бол энэ онд цар тахлын нөлөөгөөр уул уурхайн салбараас гадна уул уурхайн бус салбарын өсөлт саарахаар байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт саарах нь тээврийн салбарт, хөл хорио нь аялал жуулчлал, нийтийн хоол, зочид буудал, бусад үйлчилгээ болон худалдааны салбарт сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ бүтээгдэхүүний цэвэр татварын орлого багасахаар байна.

Дотоод эрэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, эдийн засгийн идэвхжил сэргэх үед зээлийн хүүний харьцангуй таатай нөхцөлийг бий болгоход энэхүү бодлогын арга хэмжээ дэмжлэг болно. Хамгийн гол нь инфляцийн түвшин сүүлийн жил хагасын хугацаанд буурч, 6 орчим хувьтай байгаа нь энэ боломжийг олгож байна. Мэдээж дунд хугацаандаа эдийн засгийн гадаад тэнцэл алдагдахгүй нөхцөлд иргэдийн хэрэглээ нэмэгдэж, хувийн секторын хөрөнгө оруулалтын өртөг буурснаар эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ гэж төсөөлж байна.

-Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгж хувиар бууруулах саналыг оруулна гэж байсан боловч 1 нэгж хувиар буурууллаа, бодлогын хүүний өөрчлөлт инфляци болон гадаадын валютын ханшинд дарамт болох уу гэдэг болгоомжлол байдаг.

2020 оны эхний 2 сард экспорт 30 хувиар, импорт 10 хувиар буурч, нийт гадаад худалдааны эргэлт өмнөх оны мөн үеэс 21 хувиар бага буюу 1,521 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 235 сая ам.доллараар буурсан хэдий ч гадаад худалдааны тэнцэл 21 сая ам.долларын ашигтай гарлаа. Ковид-19 вирусийн нөлөөгөөр манай нүүрс, төмрийн хүдэр, газрын тосны экспорт түр зогссоны зэрэгцээ Хятадын эдийн засгийн өсөлт сааран, дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байгаа нь экспортод сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ цаашид экспортоо сэргээх нь хамгийн чухал бөгөөд Засгийн газрын зүгээс эхний алхмууд хийгдэж эхлээд байна. Вирусийн халдварын эсрэг аюулгүй байдлыг сайн хангасны үндсэн дээр нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх гэж байгаа нь зөв алхам гэж харж байгаа. Түүнчлэн түүхий эдийн зах зээлд бий болсон алтны үнийн өсөлт, нефтийн үнийн бууралт, Оюу толгойн хөрөнгө оруулалт валютын урсгалд дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, одоогийн байдлаар нефтийн үнэ 45%-иар буураад байна. Өнгөрсөн жил нефтийн үнэ дунджаар 64-65 ам.доллар байхад Монгол Улсын бензин болон дизель түлшний бүлэг барааны импортын төлбөр 1.2 орчим тэрбум ам.доллар байсан. Энэ жилийн хувьд нефтийн гэлтгүй нийт импорт ялангуяа хөрөнгө оруулалтын импорт үргэлжлэн саарна гэж хүлээж байна. Төв банкны гадаад валютын нөөц манай улсын импортын 9 сарын хэрэгцээг хангахаар байгаа бөгөөд энэ нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр дүн юм. Мөн энэ онд төлөгдөхөөр хүлээгдэж байгаа томоохон өр төлбөрүүдийг валютын нөөц болон ханшид дарамтгүйгээр шийдэхээр ажиллаж байна.

-Энэ удаагийн бодлогын шийдвэр хүүг өөрчлөхөөс гадна банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулсан. Энэ арга хэмжээ бодит эдийн засагт яг ямар үр нөлөө үзүүлэх вэ?

Энэхүү бодлогын арга хэмжээ нь банкуудын зээлд гаргах боломжтой эх үүсвэрийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах, улмаар эдийн засаг дахь санхүүгийн зуучлалыг дэмжих үндсэн зорилготой. Мөнгөний бодлогын хорооноос банкуудын төгрөгийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хувьд тогтоосон заавал байлгах нөөцийн хувийг одоо мөрдөгдөж буй 10.5 хувиас 8.5 хувь болгон бууруулах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр системийн хэмжээнд банкуудын 324 тэрбум төгрөг заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж байна. Бодлогын хүүтэй харьцуулахад тус арга хэмжээний нөлөөлөл нь эдийн засаг болон санхүүгийн системд илүү хурдан илэрдэг. Тэр утгаараа өнөөдрийн энэ төвөгтэй нөхцөлд шууд нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэн хосолмол арга хэмжээ авч байна гэж ойлгож болно.

-COVID-19-ийн нөлөөнөөс болж ерөнхийдөө эдийн засгийн идэвхжил буурсан нь банкуудад зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учруулж болохоор нөхцөл байдал үүсч мэдэхээр байна шүү дээ. Иймд энэ эрсдэлээс сэргийлсэн бодлогод Мөнгөний бодлогын хороо хэрхэн анхаарсан бэ?

Дээрх 2 арга хэмжээн дээр нэмээд хүүний коридорын өргөнийг мөнгөний бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувь байхаар шинэчлэн тогтоолоо. Ингэснээр бодлогын хүүний коридорын дээд хязгаар буюу Төв банкны овернайт репо санхүүжилтийн хүүг нэмэлт 1 нэгж хувиар буюу нийт бодлогын хүүний бууралтыг оролцуулан тооцвол 2 нэгж хувиар буурууллаа. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Төв банкны санхүүжилтийн өртгийг бууруулж, зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалсан хөрвөх чадварын болзошгүй эрсдэлээс банкны системд учирч болох санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой. Энэ үед олон Төв банкууд бодлогын хүүгээ бууруулж байгаагийн үндсэн шалтгаан нь санхүүгийн системийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглүүлж улмаар санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжилж, санхүүжилтийн өртөг нь бага байлгахад дэмжлэг болохыг зорьж байна.  АНУ-ын Холбооны Нөөцийн банкны удирдлагын олон нийтэд өгсөн мэдээлэлд маш тодорхой тайлбарласан байгаа. Бодлогын хүүг бууруулснаар вирусийн тархалтыг зогсоохгүй ч санхүүжилтийн өртөг зардлыг бууруулснаар эдийн засагт дэмжлэг үзүүлнэ гэж мэдээлсэн.

Бодлогын шийдвэр гарснаар нааштай өөрчлөлтүүд гарахаар болж байгаа хэдий ч хорио цээрийн дэглэм тогтоосноор бизнесийн үйл ажиллагаа саарч, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний салбарынханд маш хүнд тусч байна. Төв банк, банкны салбарын зүгээс тодорхой ямар нэг дэмжлэг үзүүлж болох уу?

Төв банк буюу Монголбанкны тухай хуулиар тухайлсан хувь хүн, хуулийн этгээд, салбарыг онцгойлон зээл, санхүүжилт олгохыг хориглосон байдаг. Бусад улс орнуудын Төв банк ч ийм л хуулийн зохицуулалтад үйл ажиллагаа явуулж байгаа. Төв банкууд ийм эх үүсвэр, тийм санхүүжилт олгохоор боллоо гэдэг нь бүгд л аль нэг банк, санхүүгийн зуучлагчаар дамжин эцсийн зээлдэгчид буюу бизнес эрхлэгчдэд очно. Эх үүсвэр санхүүжилт хэр хүртээмжтэй байх, санхүүжилтийн зардал хэр хэмжээтэй байх гэдэг нь Төв банкны бодлогын шийдвэрээс тодорхой харагдаж байгаа. Төв банк мөн хуулиараа банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон бүтээгдэхүүн үйлчилгээний хүү, шимтгэлийн үнэ хэмжээг тогтоох, бууруулах, зогсоохыг хориглосон байдаг. Энэ утгаараа зээл хүүтэй холбоотой асуудалд зөвлөмж чиглэл өгөхөөс өөрөөр шууд нөлөөлөх, оролцох эрхгүй. Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны удирдлага Монголын банкны холбооны төлөөлөлтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнээр уулзан, өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед санхүүгийн системийн хэвийн ажиллагааг хангахад хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон. Мөн зээл төлөлтийн хуваарь зөрчигдөх, үндсэн өр, хүү төлөлттэй холбогдуулан ямар арга хэмжээ авч болох, зохицуулагчийн зүгээс үүссэн нөхцөл байдалтай  нийцүүлэн холбогдох хууль журам, эрх зүйн баримт бичигт ямар өөрчлөлт оруулах боломжтой талаар зөвлөлдсөн. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан банкуудын зүгээс харилцагч бизнес эрхлэгчдийг түр хугацаанд торгууль, алдангиас чөлөөлөх, хорио цээрийн дэглэмийн үед зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах боломжтой талаар зөвлөж, зохицуулагчийн зүгээс нөхцөл байдалтай уялдуулан журам заавраа зөөллөх боломжтойг уламжилсан.        

-Таны бодлоор цаашид анхаарах гол асуудал юу вэ?

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны шийдвэр нь нэлээд цогц, жорын шинжтэй шийдвэр гэдгийг өмнөх хариултуудаас анзаарсан байх. Хэдийгээр улс орнуудын Төв банкууд мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих шийдвэр гаргаж байгаа хэдий ч хямралын суурь шалтгаан эмчлэгдэхгүй бол цаашид хэчнээн мөнгөний бодлогыг өөрчлөөд ч үр дүн хязгаартай гэдгийг бид ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ хямралт нөхцөлийн шалтгаан бол өвчин, түүнээс үүдэлтэй эдийн засгийн сааралт. Тиймээс уг шалтгаан буюу өвчний тархалт буурч, эмчилгээ үр дүнтэй болсноор иргэдийн айдас арилж, хэвийн ажил амьдрал эхэлнэ. Ингэснээр хөл хорио тавигдаж, дотоод борлуулалт нэмэгдэж, гадаад худалдаа сэргэж, бизнесүүд сэргэнэ. Төгрөгийн үнэ цэнийг хадгалах, улмаар өсгөх, ханшийг тогтвортой байлгах  чиглэлд тодорхой арга хэмжээ авах талаар судалгаа, тооцоолол хийж байгаа, удахгүй захиргааны шинжтэй шийдвэрүүд гаргана. Тухайлбал, валютаар хийгдэж байгаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, валютын харилцах хадгаламжийн дансыг цэгцлэх, хадгаламжийн даатгалд хамруулах эсэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх зэрэг алхмууд ойрын үед хийгдэнэ.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615046
0 эможи
Монголбанк

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up