7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Лхагвасүрэн: Монголбанк Ипотекийн зээл санхүүжүүлэхийг ОУВС хориглосон

админ
2019 оны 3 сарын 19

Arslan.mnМанай улс 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Ингэснээр тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлчээр зургаа дахь шатны үнэлгээг хийсэн бөгөөд Арилжааны зарим банк өөрийн хөрөнгөө хэрхэн, ямар эх үүсвэрээр нэмэгдүүлснийг судалж, тодруулах шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу Монголбанкныхан ажиллаж байгаа билээ. Энэ талаар болон ОУВС-гаас Монголбанк Ипотекийн зээл олгохгүй байх зөвлөмжийн талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Арилжааны зарим банкийг өнгөрсөн жил хөрөнгийн дутагдалд орсон, нэмэгдүүлэх шаардлагатай гэж Монголбанкнаас зарлаж байсан. Энэ асуудал юу болсон бэ. ОУВС-гынхан хамгийн сүүлд манай улсад ажиллахдаа дээрх шаардлагыг мөн тавьсан гэсэн. Төвбанк энэ тухайд ямар ажил хийж байна вэ?

-Жил гаруйн өмнө арилжааны зарим банкийг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай буюу өөрийн хөрөнгийн хүрэлцээ шаардлага эрсдэлтэй гэж Монголбанкнаас үзээд холбогдох анхааруулгыг өгсөн. Манайхаас өгсөн чиглэлийн дагуу зарим банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, тэд үүргээ биелүүлсэн гэсэн үг. Харин ОУВС-гаас эдгээр банк ямар эх үүсвэрээр хөрөнгөө нэмэгдүүлсэн бэ гэдгийг шалгах шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу бид холбогдох судалгааг хийж байна.

-Ипотекийн зээлийг Төвбанк санхүүжүүлэх эсэх тухайд ОУВС-гаас байр суурь илэрхийлсэн үү. Бодлого гаргах ёстой Төвбанк нь санхүүгийн үйл ажиллагаанд оролцоод иргэдэд орон сууцны зээл олгох нь зохимжгүй гэж үзээд байдаг шүү дээ?

-Монголбанк дэлхийн бусад банктай зарим талаар төстэй, заримдаа өөр явж байна. Мөнгөний бодлого буюу үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоороо бусад банктай төстэй. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго нь мөн ижил. Гэтэл Азийн орнууд буюу Хятад, Солонгосын Төвбанк дээрх үндсэн үүргээ л хэрэгжүүлдэг, өөр зүйлд ордоггүй. Санхүүгийн тогтвортой байдалд манайхаар бол Санхүүгийн зохицуулах хороо нь хяналт тавьдаг. ОУВС-гийн зүгээс бидэнд ганц л зөвлөгөө өгдөг.

Үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн ажлаа л хий гэдэг. Гэтэл бид “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг төсвийн шинжтэй арга хэмжээнд оролцоод байдаг. Харин Ипотек бол ард түмний амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий дундаж давхаргынханд зориулсан зээл. Энэ ажлыг Засгийн газар хийх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, “Ипотекийн зээл олгох ажлыг Төвбанк биш Засгийн газар хийх ёстой, та нар илүү зүйл рүү ороод байна” гэж зөвлөсөн хэвээр байгаа.

...Заасан хугацаа нь нэгэнт өнгөрсөн учраас ОУВС-гаас өмнөх шаардлагаа дахин тавьсан. “.2020 оны нэгдүгээр сарын 1-нээс цааш Монголбанкнаас Ипотекийн зээлд зориулж нэг ч төгрөг гаргахгүй шүү” гэж үүрэг болгосон...

ОУВС-гаас өгч буй эдгээр зөвлөгөөг Монголбанк цаашдаа сонсоод л яваад байх уу. Хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх юм бэ?

-Монголбанк Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхдээ эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа. Энэ тухайд ОУВС-гаас хязгаарлалт тавьсан. Ингэхдээ буцаж орж ирж буй мөнгөний зөвхөн үндсэн өртэй хэсгийг буцааж гаргаарай. Хүүг нь гаргаж болохгүй гэж байгаа юм. Хүү гэдэг нь 120 орчим тэрбум төгрөгийн тухай ойлголт юм л даа. Энэ хүүг Сангийн яамыг санхүүжүүл гэдэг зөвлөгөөг ОУВС-гаас өгсөн. Тэр бүү хэл, 2018 он гэхэд Монголбанк Ипотекийн зээлээс бүр гарах үүрэг өгсөн. Үүнээс хойш бүтэн жилийн хугацаа өнгөрчихөөд байхад ОУВС-гаас өгсөн зөвлөмжийн дагуу Ипотекийн зээлийг хэн нэгэнд шилжүүлээгүй, хүлээж авах газар ч гарч ирэхгүй байна. Заасан хугацаа нь нэгэнт өнгөрсөн учраас ОУВС-гаас өмнөх шаардлагаа дахин тавьсан. “2020 оны нэгдүгээр сарын 1-нээс цааш Монголбанкнаас Ипотекийн зээлд зориулж нэг ч төгрөг гаргахгүй шүү” гэж үүрэг болгосон. Тиймээс бид энэ талаар ярилцаж байна. Энэ зээлийг Сангийн яам руу хэрхэн шилжүүлэх, яам холбогдох хөрөнгийг төсөвтөө хэрхэн суулгах тухайд судалгаа хийж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд 320 орчим тэрбум төгрөгийг Ипотекийн зээлд гаргасан. Үүний 120 нь Сангийн яамнаас, 200 орчим нь Монголбанкнаас гарсан. Хамгийн анх Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн үед жилдээ 700-800 тэрбум төгрөг гаргаж байсан юм билээ. Одоо эргэн төлөлтөөр санхүүжүүлэхээр 320 орчим болчихоод байгаа юм. Тэгэхээр жилд дунджаар 500 орчим тэрбумаар санхүүжүүлбэл эх үүсвэр олдохгүй гэдэг хэл ам гарахгүй шиг байгаа юм.

-Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажлын судалгаа шинжилгээ үргэлжилж байгаа гэж ойлгож болох уу?

-Бид хүсэлт гаргаад Монголбанкны үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээг саяхан хийлгэсэн. Тэр дүгнэлтэд “Монголбанк Ипотекийн зээл гэх мэт төсвийн шинжтэй арга хэмжээнд оролцсоноор ямар ч үр дүн гараагүй байна” гэж үзсэн. Гэтэл эсрэгээрээ сөрөг үр дагавар гарсан байна. Тухайлбал, Төвбанкы санхүүгийн тайлан 2016 оноос гурван их наядын алдагдалтай гарсан, /түүнээс хойш багассан л даа/ ийм их алдагдалтай байгаа нь Төвбанк шаардлагагүй ажилд оролцсоноос  үүдэлтэй гэж дүгнээд байгаа юм. Ипотекийн зээл банкныхаа салбараар явж болохгүй юү гэхээр хүүгийн асуудал бий. Ипотекийн зээл найман хувийн хүүтэй, гэтэл банкуудын иргэдээс авч буй хадгаламжийн хүү 12 хувь. Тэгэхээр  банк 12 хувиар авчирчихаад иргэдэд найман хувиар өгөхөөр зөрүүг нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Энэ ажлыг Монголбанк хийгээд байгаа нь сайн үйлстэн шиг болчихоод байгаа учраас шилжүүлэх талаар судалж, ярилцаж байна.

-Одоо байгаа 300-г ямар замаар нэмэх вэ. Он гарсны дараахан Засгийн газраас Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэсэн нь үр дүнгүй ажил болсон хэрэг үү?

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолыг үндэслэн Засгийн газраас “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг баталсан. Тус байнгын тогтоолоор Монголбанк, Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг нэг хувь хүртэл бууруулах, банкуудын өөрийн эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлийг өгсөн. Дээрх нөхцөлийн дагуу холбогдох заалтуудыг тусган Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг Монголбанк ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөс орж ирэх 230 тэрбум төгрөгийн орлого, Засгийн газрын улсын төсөвт суусан 115 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 115 тэрбум төгрөг, нийт 460 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр байна. 

-Монголбанк үндсэн үүргийнхээ дагуу ажиллахгүй, Ипотекийн зээл гэх мэт ажилд оролцоод явна. Үүнийг нэг талаас Төвбанкны хараат бус байдал алдагдсан гэж үзэж болох уу. Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог ч аль нам засгийн эрх барьж байгаагаас шалтгаалаад сольдог нь жишиг болсон учраас ингэж асууж байна л даа?

-Монгол Улсад банкны хоёр шатлалт тогтолцоо бий болоод 1991 онд хоёр бүлэгтэй хууль баталсан байдаг. Нэг бүлэг нь арилжааны, нөгөө нь Төвбанкны зохицуулалтай хууль байж байгаад 1996 онд Төвбанк болон бусад банк тусдаа хуультай байхаар зааж өгсөн байдаг. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр болтол Монголбанкнаас гарсан бүх шийдвэр нэг л хүнийх байсан. Төвбанкны ерөнхийлөгч аливаа асуудлыг өөрийнхөө зөв гэж үзсэнээр шийдвэр гаргадаг байсан гэсэн үг. Аливаа асуудлаар шийдвэр гаргахад намаас ч юмуу өөр хаа нэгтэйгээс чиглэл өгдөг, үгүй бол хамт олонтойгоо ярьж байгаад шийдвэрээ гаргаж ирсэн байдаг. 27-28 жил ийм байдалтай явж ирсэн гэсэн үг. Өнгөрсөн жил хуульд өөрчлөлт оруулснаар хамтын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын хороотой бол сон. Үүнд гурван ерөнхийлөгч болон гаднаас буюу УИХ-аас дөрвөн хүн томилдог болсон. Тэгэхээр Төвбанкнаас гарч буй бүх шийдвэр хамтынх болсон. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Тиймээс УИХ-аас томилгоо авч ирсэн хүн гэхээр бас л иэг улстөрч байж таарна гэж хараад байдаг. Гэтэл тухайн хүн нь өөрөө мэргэжлийнх байвал асуудалд шал өөрөөр ханддаг л даа. Өнөөдрийн байдлаар жишээлж үзэхэд, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны дөрвөн гишүүний гурвыг томилсон. МУИС-ийн багш Ч.Хашчулуун доктор байгаа. Хэдийгээр түүнийг УИХ-аас томилсон ч өөрөө академик хүн. СЭЗДС-ийн багш Батсүх гэж доктор хүн бий. Мөн л УИХ-аас томилгоотой ирсэн ч их сургуульд багшаар ажиллаж байгаа. Дараагийнх нь УИХ-ын даргын Эдийн засгийн зөвлөх Мөнхбаяр гэж хүн бий. Монголбанкинд хуучин ажиллаж байсан хүн л дээ. Энэ гурав академик тал руугаа хүмүүс. Одоогоор ийм зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнийг нарийвчилж хэлээд байгаагийн учир нь Монголбанкнаас гарч буй шийдвэрийг элдвээр хардах шаардлагагүй болсон. Товчхондоо, бүх шийдвэрийг хамтын зарчмаар гаргаж буй Мөнгөний бодлогын зөвлөлийн долоон гишүүний олонх буюу гурзан ерөнхийлөгчөөс бусад нь санхүү, эдийн засгийн чиглэлийн хүмүүс байна. Ерөнхийлөгч нарыг яах вэ улс төрийн томилгооных гэж харсан ч эцсийн шийдвэр хамтын зарчмаар явааг ойлгох хэрэгтэй. Энэ утгаараа Төвбанкны тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт хийсэн нь энэ. УИХ-д 60 гаруй гишүүнтэй том нам олонх байгаа ч тэдний томилсон хүмүүс хүссэн шийдвэрийг нь гаргах албагүй шүү дээ. 

 

-Аливаа шийдвэр гаргахад Мөнгөний бодлогын хорооны гишүүд санал зөрөх тохиолдол гардаг уу. Ер нь ямар тохиолдолд санал зөрөх вэ?

 

-Мэдээж амьдралд санал зөрөх тохиолдол гаралгүй яах вэ. Гэхдээ Мөнгөний бодлогын хороо хоёр удаа хуралддаг. Шийдвэр гаргасан өдрөө л хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг болохоор үүнээс наана хоёр удаа хуралдана. Түүгээр аливаа асуудлыг судалгаа шинжилгээний хүрээнд авч хэлэлцээд санал нийлэхгүй бол шалтгаан үндэслэлээ тайлбарлаж, эцсийн хуралдаанд дахин танилцуулах үүрэг өгдөг. Ингэхдээ мэдээж тооцоо судалгаа дахин хийгээд оруулж ирэхийг хүсдэг. Эдгээрийг хийсний дараа Мөнгөний бодлогын хорооны гишүүд хувь үзэл бодлоор саналаа өгнө, эцсийн шийдвэр дийлэнх олонхын саналаар гардаг. Мөнгөний бодлогын хорооны гишүүд ямар асуудлыг ямар үндэслэлээр дэмжсэн, эсвэл дэмжээгүй үндэслэлээ эргээд тайлбарлах зохицуулалттай байдаг. Үүнийг Мөнгөний бодлогын хорооны журмаар зохицуулдаг, тэр дагуу л ажиллана. Шийдвэр гарахаас өмнө бүгд өөр өөр байр суурьтай байсан ч эцсийн шийдвэр гарахад олонхын саналыг дагана. Гэхдээ ямар асуудалд хэн, ямар саналтай байсныг одоо хэлэх боломжгүй. Арван жилийн хугацааны нууцлалтай байдаг. Үүнээс хойш тэр хүн тэгж хэлж, тийм байр суурьтай байсан нь ил болох боломж бүрддэг.

 

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601246
0 эможи

ИРГЭН
2019-03-26 14:02
ЯМАР НЭГ ШАЛТАГ ТООЧИЛГҮЙ, ЖААХАН СЭТГЭЛ ГАРГАХАД Л БОЛМООР ЮМ.ИПОТЕКИЙН МӨНГӨӨР ӨӨРСДДӨӨ АШИГТАЙ ЮМ ХИЙЖ БАЙДАГ БАЙХ Л ДАА
Зочин
2019-03-19 12:53
Мөнгний нийлүүлэлтээ шинжлэх ухааны үндэстэй хийхгүй бол вальютын хомсдолд орсоор байхуу Монгол банкаа
keyboard_arrow_up