COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын инфляцын талаас илүү хувь нь мах, шатахуун, хатуу түлшний үнийн өсөлттэй холбоотой

2019 оны 1 сарын 22

Монголбанк нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүрэгтэй бөгөөд инфляцыг нам тогтвортой байлгах замаар иргэдийн бодит, орлого, хөрөнгийг нь үнэгүйдүүлэхээс хамгаалах зорилт тавьж, инфляцыг онилох бодлогот аажмаар шилжиж буй. Энэ хүрээнд инфляцыг анхааралтай ажиглаж, сар, улирал бүр тайлан судалгаа гаргадаг билээ. 

Arslan.mn

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд инфляц 8.1 хувьтай байсан бол Улаанбаатар хотод 9.3 хувь, суурь инфляци 8.9 хувь байв. Арваннэгдүгээр сард инфляц 2.25 хувь болж огцом нэмэгдсэн шалтгаан нь эрэлт нэмэгдэж байгаагаас илүүтэй нийлүүлэлтийн үнийн өсөлт өнгөрсөн оны сүүлийн саруудад огцом нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзжээ. 

Тодруулбал, мах, шатахуун, хатуу түлш гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүний үнэ нийлүүлэлтийн шалтгаантайгаар өссөн нь 2018 оны сүүлийн саруудын инфляцын огцом өсөлтөд нөлөөлсөн байна. Зөвхөн Улаанбаатар хотын жилийн инфляцын 53.8 хувь буюу 5 нэгж хувийг энэ гурван бүтээгдэхүүн дангаар тайлбарлаж буй юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын инфляц 9.3% байгаагийн нь 5.0 нь мах, хатуу түлш, шатахууны өсөлтөөс үүдэлтэй гэсэн үг.  

Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлтийн 12.6%-ийг тээвэр дангаараа тайлбарладаг. Тиймээс шатахууны үнийн өсөлтийг дагаад хэрэглээний сагсан дахь бараа, үйлчилгээний бүлгүүдийн үнэд нөлөөлдөг. Тийм ч учраас 2018 оны сүүлийн гурван сард нийтийн хоолны үйлчилгээ, хувцас, барааны бүлгийн үнэ мөн өсөж, инфляцыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. 

Зураг 1. Улаанбаатар хотын жилийн инфляцын бүрэлдэхүүн (голлох бараа, бүтээгдэхүүнээр)

Эх сурвалж: Монголбанк, ҮСХ

Хонь, ямааны махны экспортын тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад аравдугаар сард 264%, арваннэгдүгээр сард 169 хувиар нэмэгдсэн байна. Мөн 2018 онд хожуу хүйтэрснээс дотоодын өвлийн мах бэлтгэл хойшилсон зэрэг гадаад, дотоод хүчин зүйлсээс үүдэн дотоодын махны үнэ өсжээ. 

Арваннэгдүгээр сард,

  • Шатахууны үнэ 4 орчим хувь
  • Хэрэглээний хатуу түлшний үнэ 14 орчим хувиар тус тус нэмэгдэв.

Ийнхүү нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан инфляц арваннэгдүгээр сард огцом өссөн нь өмнөх төсөөллөөс давах гол хүчин зүйл болсон хэмээн Монголбанк тайлбарлаж байна. 

Энэ жил болон ирэх онд цалин ба төсвийн зардал өсөж, дотоод эрэлт нэмэгдсэнээр инфляци, тэр дундаа хүнсний бус бараа, үйлчилгээний үнэ өсөх хандлагатай байгаа ч 2019 оны сүүлчээс инфляци буурч, өмнөх төсөөллийн орчимд хүрэхээр байгаа хэмээн төв банк төсөөллөө. Тодруулбал, нийлүүлэлтийн хүчин зүйл эрчимжихээргүй байгаагаас гадна хүнсний инфляц буурах төсөөлөлтэй байна. 

Зураг 2. Инфляцын төлөв

Эх сурвалж: Монголбанк

Нийлүүлэлт талаас нийт инфляцын 5.0 нэгж хувийг бүрдүүлээд буй нэг удаагийн шинжтэй шатахуун, хатуу түлш зэрэг хүчин зүйлийн нөлөө энэ оны эхнээс саарна хэмээн үзэж байгаа аж.

Нэг удаагийн нөлөөний талаар тодруулбал суурь инфляцыг тайлбарлах хэрэгтэй болно. 

Манай улсад цаг агаарын байдлаас шалтгаалан мах, сүү, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт богино хугацаанд хумигдаж, үнийн хэлбэлзэл үүсгэдэг онцлогтой. Иймд дээрх нэр төрөлд багтах 41 бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хэрэглээний сагснаас хасаж, суурь инфляцыг тооцдог. 

Зураг 3. Суурь болон жилийн инфляц ба нэг удаагийн нөлөөлөл

Эх сурвалж: Монголбанк, ҮСХ

Дээрх зурагт үзүүлсэнчлэн махны үнэ л гэхэд 2015 онд дунджаар 12.0%, 2016 онд 9.9%-аар хямдарснаар ерөнхий инфляци суурь инфляциас бага байх нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2016 оны сүүлийн хагаст дефляцитай байв. Харин 2017 оны сүүлийн хагасаас эхлэн мах, сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлт аажим нэмэгдэж, их хэмжээний ургац алдсаны улмаас хүнсний ногооны үнэ огцом өссөн. 

Нийлүүлэлтийн шалтгаантай энэхүү үнийн өөрчлөлт нь 2018 оны сүүлийн хагаст суурь нөлөөгөөр эргээд агшиж, ерөнхий инфляц богино хугацаанд өндрөөр хэлбэлзэхэд хүргэжээ. Ерөнхий инфляц 2018 оны 7-9 дүгээр сарын хооронд 2.9 нэгж хувиар буурч, 5.9 хувьд хүрсэн бол аравдугаар сард эргээд 6.8% болж өссөн. Харин суурь инфляц оны эхнээс харьцангуй тогтвортой хадгалагдаж байгаа бөгөөд сүүлийн хагас жилийн хугацаанд 6.4-7.5 хувийн орчимд байгааг Монголбанк онцолсон байна. 

2019-2020 онд инфляцын төсөөлөлд нөлөөлж болзошгүй тодорхой бус байдал:

  • Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол эсвэл илүүдэл нь төсөөллийг өөрчлөх эрсдэлтэй. Тухайлбал, цаг агаарын нөхцөл, зуншлагын байдлаас шалтгаалан мах, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, үнэ өсөх, урьдчилан зарлаагүй төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ(шатахууны үнэ)-ний үнэ төсөөллөөс давж нэмэгдэх зэрэг нь инфляцийн төсөөллийг өөрчлөх эрсдлийг бий болгоно.
  • Цалин өсч, Засгийн газрын хэрэглээгээр дамжин эрэлтийн чанартай хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц төсөөллөөс давж нэмэгдэж болзошгүй. 
  • Газрын тосны үнэ сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд буурч байгаа хэдий ч эргээд өсөх эрсдэл өндөр хэвээр. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд үйлдвэрлэлээ танах хэлэлцээрт зөвшилцөлд хүрсэн боловч АНУ-аас Ираны газрын тосны экспортод тавьсан хориг арга хэмжээ нь бүрэн шийдэгдээгүй хэвээр, Венесуэлийн үйлдвэрлэл үргэлжлэн буурах, ОПЕК-ийн орнуудын нөөц доогуур байгаа зэрэг эрсдлээс шалтгаалан газрын тосны үнэ өсөх нь нийлүүлэлтийн шинж чанартайгаар инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.
Эх сурвалж: Монгол банк
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599551
1 эможи

keyboard_arrow_up