COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

П.Мөнхбаяр: Он гарсаар ипотекийн зээлийн хөтөлбөрт 236 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилсан

2018 оны 11 сарын 12

Arslan.mn

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ипотекийн зээлийн хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаар ярилцлаа.

-Ипотекийн зээлийн санхүүжилт хийгдэхгүй байгаа гэсэн мэдээллийг банкууд иргэдэд өгөөд байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Монголбанкнаас сар бүр 16.0 тэрбум төгрөгийг олгож байгаа бөгөөд энэ нь 250 орчим зээлдэгчийн асуудлыг сар бүр шийдвэрлэж байна гэсэн үг. Засгийн газраас 120 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэж байгаа. Ингээд 2018 оны эхний хоёр улирлын нийт санхүүжилтээр 860 зээлдэгчийн 60.0 тэрбум төгрөгийг  банкуудад дамжуулан олгосон бол гуравдугаар улиралд 30.0 тэрбум төгрөгийг олгоход бэлэн болоод байна. ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөрийн өмчлөл дэх ипотекийн зээлээр баталгаажсан үндсэн төлбөрийн орлогоор санхүүжүүлж байгаа. Энгийнээр тайлбарлавал, хөтөлбөрийн хүрээнд бий болсон зээлийн эргэн төлөлтөөс орж буй орлогоос хэтрүүлэхгүйгээр буцаан санхүүжүүлж байна гэсэн үг.

-Тэгвэл яагаад банкууд санхүүжилт зогссон гэдэг мэдээллийг өгөөд байна вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн, Монголбанк сар бүр, Засгийн газраас улирал бүр санхүүжилтийг тогтмол олгож байгаа гэдгийг дахин хэлье. Мэдээж, 2013 оноос хойш санхүүжилт олгож байсан үетэй харьцуулбал нийт санхүүжилтийн хэмжээ хязгаарлагдсан, үүнтэй холбоотойгоор банкуудын орон сууцны зээл олголт багассан, зээлийн шийдвэр гарахгүй урт дараалал гарч байгаа хэдий ч санхүүжилт үргэлжилсэн хэвээр байна.

Энэ оны эхний 9 сард Монголбанкны эх үүсвэрээс 2,103 зээлдэгчид нийт 143.7 тэрбум төгрөгийн санхүүжилт, Засгийн газрын эх үүсвэрээс 860 зээлдэгчид нийт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, нийт 2,963 зээлдэгчийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Харин банкуудаас хүсэхэд иргэд, харилцагчдад үнэн зөв мэдээлэл өгч, Монголбанк, Засгийн газраас санхүүжилтийг зогсоосон мэтээр ташаа мэдээлэл өгөхгүй байх нь зүйтэй.

-Орон нутагт хэр хүртээмжтэй байгаа вэ?

-Монголбанкнаас олгосон эх үүсвэрээр санхүүжүүлэх нийт зээлийн 25 хувиас багагүй хэсгийг орон нутагт баригдсан орон сууцыг худалдан авах иргэдэд олгох талаар банкуудад тодорхой чиглэл өгсөн. Гэвч одоогоор 16.5 хувийг банкууд хөдөө орон нутаг дахь орон сууцны зээлд зориулсан байна. Тиймээс Засгийн газраас гуравдугаар улиралд олгох эх үүсвэрийг зөвхөн хөдөө орон нутагт шинээр олгох орон сууцны зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах чиглэлийг банкуудад  өгсөн. Одоогоор хөдөө орон нутагт олгосон орон сууцны ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 756.6 тэрбум төгрөг, үүнээс орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн хэмжээ нийт зээлийн 77.4 хувь буюу 585.7 тэрбум төгрөг байна.

-Зээлийн чанар болоод болоод уг хөтөлбөрийн хүртээмж тэгвэл улам бүр тэлж байгаа юм байна гэж ойлгогдож байна.

-Хөтөлбөр хэрэгжихээс өмнө буюу 2012 онд ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү 15.3 хувь,  нийт зээлдэгчийн тоо 29.8 мянга, зээлийн үлдэгдэл 845 тэрбум төгрөг байсан бол 2018 оны 9 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн хүү 12.8 хувь болон буурч, нийт зээлдэгчийн тоо 94.2 мянга, зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт хүрсэн байгаа. Энэ нь 2017 оны нэрлэсэн ДНБ-ний 15.2 хувьтай тэнцэж,  хөтөлбөр эхэлснээс хойш 5 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр хөтөлбөрийн цар хүрээ ч үлэмж нэмэгдсэн, зээлийн чанар ч харьцангуй сайн байсаар байгаа. Тухайлбал, нийт ипотекийн зээлтэй харьцуулбал хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 2.5 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 3.5 хувьтай байна. Энэ нь системийн нийт зээлийн дунджаас 3 дахин бага үзүүлэлт.Тодруулж хэлэхэд, хөтөлбөрийн зээлийн чанар хэдий чинээ сайн байна, төдий чинээ санхүүжилтийн хэмжээнд эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Тиймээс банкууд болон зээлдэгчид журмын шаардлагыг сайн мөрдөх, санхүүжилтийн талаар үнэн зөв мэдээлэл түгээх явдал маш чухал байна.

-Хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх талаар Монголбанкнаас удаа дараа мэдэгдсэн. Хэрвээ Засгийн газарт шилжүүлсэн тохиолдолд санхүүжилтийн хэмжээ багасах уу. Хөтөлбөрийн шалгуурт өөрчлөлт орох уу?

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн нэг зорилт бол “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Засгийн газарт шилжүүлэх ажил юм. Монголбанк хөтөлбөрийн хэрэгжилтийн тасралтгүй байдлыг хангахаас гадна хөтөлбөрт оролцогч Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжих боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ хүрээнд хөтөлбөрийг шилжүүлэх иж бүрэн төлөвлөгөө, холбогдох журмын төслүүд дээр ажиллаж байна. Хэдийгээр санхүүжилтийн хэмжээ, шалгуур үзүүлэлтүүд эцэслэн шийдэгдээгүй боловч Засгийн газраас хөтөлбөрийг илүү зорилтот хэсэгт чиглүүлэх зарчим баримталж байна.  Улаанбаатар хотын айл өрхийн талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Эдгээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийт хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах нийгмийн том хэрэгцээ шаардлага байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Монголбанк

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597094
0 эможи

keyboard_arrow_up