COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Банкны тухай хуульд орох гол өөрчлөлтүүд юу вэ?

2018 оны 1 сарын 18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийх Банкны тухай хуулийн төсөлд дараах зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөөр оруулсныг танилцуулж байна.

Arslan.mn

ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ 1. Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн(ТУЗ) гишүүн, ТУЗ-ийн хараат бус гишүүн болон Гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг нэмэгдүүлэв.

Монгол Улсын арилжааны банкууд засаглалын индексээр 65.3 хувийн оноо авч, хангалтгүй буюу засаглалын суурь тавигдаж байгаа тухай Компанийн засаглалын Үндэсний зөвлөл 2015 онд хийсэн судалгаандаа дурджээ. Санхүүгийн секторын 95.3 хувийг нуруун дээрээ үүрч байгаа арилжааны банкны салбарын удирдлагыг мэргэжлийн, ашиг сонирхлын зөрчилгүй байх шаардлагыг улам чангатгаж буй нь энэ хуулийн үндсэн өөрчлөлтүүдийн нэгээр нэрлэгдэж байна.

ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ 2. Банк нь өөрийн тогтворжуулах төлөвлөгөөтэй байх бөгөөд тус арга хэмжээнд банк өөрийн онцлог, эдийн засгийн тухайн нөхцөл байдлаас хамаарч үүсэж болох эрсдэлийг урьдчилан тооцох, банкны төлбөрийн болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалахад чиглэсэн хариу арга хэмжээг тусгасан төлөвлөгөөг боловсруулан Монголбанкинд ирүүлнэ.

2000 оны үед гарсан банкны хямралаар 10 гаруй банк дампуурсан байдаг. Мөн гурван томоохон банк өнгөрсөн хугацаанд хямралд оржээ. Үүний "төлбөр" нь Засгийн газраас буюу ард түмнээс гарсан түүхтэй. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн чуулган дээр мэдээлснээр банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой үүссэн 480 тэрбум төгрөгийг эзэнгүй авлага төрд байдаг аж. Цаашид банк эрсдэлд орвол татвар төлөгчдийн мөнгөөр аврах бус, банкийг дотроос нь аврах боломжийг бүрдүүлэх нь энэ хуулийн онцлох өөрчлөлт болж байна.

ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ 3. Монголбанк нь банканд активын чанарын үнэлгээ болон эрсдэлийн сорил хийх эрхтэй байх бөгөөд эрсдэл үүссэн, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан зэрэг хүндрэл үүсгэх зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд банканд сануулга өгөх, хугацаатай үүрэг даалгавар өгөх, банкны дотоод хяналт, үйл ажиллагааг сайжруулах, банкны үйл ажиллагаа явуулахыг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, удирдлагыг түдгэлзүүлэх, бусад Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд банканд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авна.

Ингэснээр Төв банкны хүч нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлж чадна.

ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТ 4. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шуурхай, үр нөлөөтэй байх, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор банкийг төлбөрийн чадваргүй болсон, цаашид хэвийн үйл ажиллагаа хангагдахгүй болсон тохиолдолд хэрэгжүүлнэ.

Тус арга хэмжээг банкийг дахин хөрөнгөжүүлэх, тусгай төлөөлөгч томилох зэргээр хэрэгжүүлэх зохицуулалтууд нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн төсөлд тусгагдсан байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52501
0 эможи
keyboard_arrow_up