Д.ЭРДЭМБИЛЭГ: Би-план АНГИОГРАФИЙН аппаратын тусламжтайгаар 50 гаруй үйлчлүүлэгчид амжилттай мэс засал хийлээ Д.ЭРДЭМБИЛЭГ: Би-план АНГИОГРАФИЙН аппаратын тусламжтайгаар 50 гаруй үйлчлүүлэгчид амжилттай мэс засал хийлээ

2
Д.ЭРДЭМБИЛЭГ: Би-план АНГИОГРАФИЙН аппаратын тусламжтайгаар 50 гаруй үйлчлүүлэгчид амжилттай мэс засал хийлээ
Зочин:
Д.ЭРДЭМБИЛЭГ
Байгууллага:
УНТЭ
Албан тушаал:
УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч
Ажиллах арга барил:


2020 оны 11 сарын 09

УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай эмнэлэг Би-план ангиографийн аппаратыг суурилуулсан. Өнөөдрийн байдлаар нийт хичнээн өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн байна вэ?

-Сайн байна уу. УНТЭ-гийн стратеги төлөвлөгөөнд харвалт болон шигдээсийн нэгжийг байгуулна гэж заасан. Эдгээр өвчний яаралтай тусламжийн үед эмчилгээнийх нь салшгүй нэг хэсэг нь ангиографийн тусламж үйлчилгээ буюу судсан дотуурх мэс засал байдаг. Тиймээс манай эмнэлэг 2020 оны 10-р сарын 19-ний өдөр Би-План ангиографийн аппаратаа суурилуулж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус аппаратын тусламжтайгаар титэм судасны бөглөрөл, нарийсал байгаа эсэхийг оношилох, судсан дотор стент байрлуулж, шигдээсийг эмчлэх мэс ажилбарыг хийх бүрэн боломжтой болсон гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар нийт Би-план ангиографийн аппаратын тусламжтайгаар зүрхний төв маань 50 гаруй үйлчлүүлэгчид яаралтайгаар болон төлөвлөгөөт мэс заслыг амжилттай хийлээ. Эдгээр иргэдээс хүндрэлтэй тохиолдол гараагүй сайн үр дүнтэй байна. Үйлчлүүлсэн иргэдийн 50 гаруй хувь нь зүрхний шигдээс оношоор ЯТТ-аар ирж мэс засалд орсон. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Төв аймгийн Зуун мод хотоос хүлээн авах дээр яаралтай түргэн тусламж дээр ирсэн иргэн хоёр удаа зүрх зогсож, зүрхний хэм нь алдагдаж яаралтай тусламж үйлчилгээ авсан. Бид 40 минутын дотор багаараа ажиллан судсан доторх мэс заслыг хийж, судсанд стенд суулгасан. Өнөөдөр өвчтөний биеийн байдал тогтворжсон байдалтай байна.

Зүрхний шигдээс гэдэг өвчин нь маш өндөр эрсдэлтэй бөгөөд бид ажилбарыг хийхдээ маш богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай. Тиймээс эрсдэлийн менежментийг маш сайн зөв тооцоолох хэрэгтэй болдог. Энэ бүх секунд долиор хэмжигдэх шийдвэрийг оновчтой гаргахад сайн чанарын багаж тоног төхөөрөмж нэн чухал.

-Судсан доторх мэс заслын төрлүүдийг нэрлэж өгнө үү?

-Ангиографийн буюу судсан дотуурх мэс засал нь дэлхий нийтэд маш хурдацтай хөгжиж байгаа мэс заслын шинэ салбар юм. Зүрх судасны өвчлөлийн үед уг технологиор яаралтай тусламж буюу зүрхний шигдээсийн үед стент тавих, баллон тэлэх гэх мэт эмчилгээг хийнэ. Зүрх судасны салбарт гэвэл зүрхний төрөлхийн гажгууд буюу таславч хоорондын цоорхой, аорт уушигний артерийн битүүрээгүй цоорхой гэх мэт эмгэгүүдэд шүхэр суулгах буюу тухайн хэсэг газрын нүхийг бөглөж өгснөөр нээлттэй мэс заслыг орлуулж хийдэг гэсэн үг.

Мөн гол судсанд ханатай стенд тавих, захын судсанд том хэмжээний стэндийг тавих гэх мэт нээлттэй мэс заслыг орлох өндөр технологийн мэс заслуудыг хийх боломж бүрддэг. Үүнээс гадна тархины судсанд цүлхэн буюу аниверизмын үед /даралт ихсэх, судас хатуурлын үед/ тухайн судсанд coil буюу спираль хэлбэрийн гадны биетийг байршуулдаг. Энэ нь цүлхэний наана байршсанаар цусны бүлэн үүсгэж цүлхэнд цус орж судас хагарах эрсдэлээс сэргийлдэг.

Мөн элэг болон бусад хавдрын үед хавдрыг тэжээж буй судсыг тосон болон химийн гаралтай бодисоор бөглөж хавдрын тэжээлийг үгүй хийх эмчилгээг хийдэг. Ингэснээр зарим тохиолдолд хавдар үхжиж бүрэн эдгэрэх, нээлттэй мэс заслыг орлох, хугацаа хожих гэх мэт давуу тал үүсдэг.

Үүнээс гадна томоохон судаснуудад бүлэн үүссэн үед соруулах эмчилгээг хийх боломж бүрддэг гэх мэт нээлттэй мэс заслыг орлуулах шинэ технологийн мэс заслууд хийгдэж эхэлсэн.

Эмчилгээний үед хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд нь нэг удаагийн хэрэгслүүд байдаг. Манай эмнэлэг зүрхний шигдээсийн үед ангиографийн аппаратаар хийх мэс заслын үед хэрэглэгдэх нэг удаагийн хэрэгслээр бүрэн хангагдсан. Ирэх жилээс эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжиж гүйцэтгэлээрээ санхүүжих боломж бүрдэж байгаа тул эмнэлгүүд эмчилгээний тоо хэмжээ, үр дүнгээ сайжруулах бусад төрлийн эмчилгээг нэвтрүүлэхийн тулд нэг удаагийн хэрэгслүүдийн нэр төрлүүдийг нэмэх болов уу гэж бодож байна.


ХОЁР. Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судасны шалтгаант нас баралт тэргүүлж байна

-Аппаратыг эмчилгээнд нэвтрүүлснээр гарах давуу талуудыг нэрлэвэл.

-Энэ аппарат нь хамгийн сүүлийн үеийн аппарат. Энгийн ангиографи нь нэг толгойтой буюу нэг байрлалаас зураг авдаг бол Би-План нь нэг тодосгогч бодисын шахалтаар хоёр байрлалаас зэрэг зураг авдгаараа цаг хугацааг хэмнэдэг, өвчтөний аюулгүй байдал талаасаа илүү сайжирсан юм. Техник технологийн дэвшил хурдацтай явагдаж байгаа энэ цаг үед эмнэлгийн тоног төхөөрөмж ч гэсэн үүнийгээ дагаад хөгжиж байна. Тархины эмчилгээ, оношилгоог хийхэд маш олон төрлийн программ хангамжаар тоноглогдсон аппаратыг хэрэглэж байна. Энэ нь эмчийн ажлыг их хөнгөлж байгаа. Манай энэ аппаратны рентген цацруулах туяа нь маш бага. Тэгэхээр тэнд ажиллаж байгаа эмч, сувилагч, нар болон өвчтөний аюулгүй байдал хангагдаж байна гэсэн үг. Мөн дүрсийг маш өндөр нягтаршилтай харуулдаг тул тодосгогч бодис бага хэрэглэж байна. Ингэснээр тухайн өвчтөн бага хордоно гэж ойлгож болно.

Зүрх бол хөдөлгөөнт эрхтэн. Ийм эрхтэн дээр ажилбарын үед тус болох программ өмнө нь байдаггүй байсан.

Тэгвэл сүүлийн үеийн манай Azurion biplane angiography аппарат нь зүрхний цохилттой тохируулаад, судас зүрхний хаагуур яаж урсаж байгаа замыг нь дүрсээр харуулдаг. Рентген тодосгогч бодис шахаагүй байх үедээ хүртэл судас хаагуур явж байгааг харчихдаг, нарийн чиглүүлэгчийн хаашаа явахыг нь тодосгогчгүйгээр явуулах боломжтой болсон. Стент тавьсны дараа судсандаа гүйцэд суусан байна уу үгүй юу гэдгийг харах боломжтой программ байгаа. Эдгээр нэмэлт програмын тусламжтайгаар ажлын бүтээмж, аюулгүй байдал нь нэмэгдэж байгаа юм.

-Жилд хичнээн тохиолдолд энэ төрлийн ажилбарыг хийж байна вэ?

-2020 он гарсаар бид 300 гаруй ажилбарыг хийсэн байна. Монгол улсын хэмжээний тоо баримтыг харахад УНТЭ-т жилдээ 400-600 зүрхний шигдээстэй өвчтөн, мөн төдий тооны зүрхний ишеми өвчтөнд эмчилгээ хийх боломжтой. Тэгэхээр манай тасаг нийтдээ 1000-1200 хүнд зүрх судасны асуудлын тусламж, мэс заслын үйлчилгээг үзүүлэх боломжтой гэсэн үг юм.

Ер нь Монголд энэ төрлийн өвчлөл маш их байна. Буруу хооллолт, хөдөлгөөний хомстол, стресс, тамхидалт, чихрийн шижин нь энэ төрлийн өвчнийг үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судасны шалтгаант нас баралт тэргүүлж байгаа. Тэр дундаа зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг харвалт, шигдээс хоёр тэргүүлдэг.

-Таны хувьд мэргэжил дээшлүүлэх олон сургалтад хамрагдсан байсан. Сурсан мэдсэн зүйлээ ажлын байран дээрээ хэрэгжүүлэх хамгийн сайхан байдаг шүү дээ. Энэ талаар. Мөн тасгийнхаа хамт олны талаар дурдвал.

-Хүний амь насыг хариуцаж ажиллаж байгаа учраас эмч хүн байнга л суралцаж, шинийг эрж хайх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд УНТЭ, УГТЭ-т дотрын эмчийн резидент, зүрх судасны эмчээр суралцаад БНСУ-д 2013 онд, ДЭМБ-аас Мянганы сорилтын сантай хамтран зохион байгуулсан “Харвалт шигдээсийн төсөл”-ийн хүрээнд ангиографийн эмчээр зургаан сар суралцаж, үүгээрээ дагнан долоон жил ажиллаж байна. Манай эмнэлэгт энэ төрлөөр суралцсан таван эмч байгаа. Ганц эмч өдөр бүр ажиллаж чадахгүй учраас эмч нар маань ээлжинд орж ажилладаг. Харин эдгээр эмчийн гурав нь титэм судасны мэс ажилбараар, хоёр эмч маань хэм алдагдлын чиглэлээр мэргэшин ажиллаж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасаг нь 44 жилийн түүхтэй. Манай хамт олон 2020 онд Зүрхний шигдээсийн нэгж, Зүрх судасны мэс заслын нэгжийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа маань өргөжин 2020 оны 10-р сараас эхлэн Зүрхний төв болсон. Зүрхний төв нь эмийн эмчилгээний хэсэг, Зүрхний шигдээсийн эрчимт эмчилгээний нэгж, судсан доторх мэс засал, зүрхний нээлттэй мэс засал, зүрхний хэм алдагдлын эмчилгээ, мөн амбулаториор зүрхний дүрс, үйл оношилгооны тусламж үйлчилгээг үзүүлж, зүрх судасны өвчнийг цогцоор нь шийддэг болох бодлоготойгоор ажиллаж байна. Өнөөдөр манай төв нь 27 хүний бүрэлдэхүүнтэйгээс 12 эмч, 13 сувилагч, хоёр асрагчтайгаар ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.


keyboard_arrow_up