1
П.ӨЛЗИЙТОГТОХ: Айл, өрх бүрт “Ханан пийшин, сайжруулсан зуухны янданг хэрхэн хөөлөх зааварчилгаа”-г тараан ажиллаж байна
Зочин:
П.Өлзийтогтох
Байгууллага:
ЦЕГ
Албан тушаал:
НХЖХОНАБХА-ны мэргэжилтэн, цагдаагийн ахмад
Ажиллах арга барил:


2020 оны 09 сарын 18

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад П.Өлзийтогтохтой ярилцлаа. 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. “Яндангаа хөөлье” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Угаарын хийн хордлогод өртөх явдал гарсаар байна. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа вэ? 

Сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье” аяныг есдүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү аянд цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх тал дээр хамтран ажиллаж байна. 

2019 оны аравдугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 2568 хүн угаарын хийнд хордож эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч, үүнээс 1435 нь насанд хүрэгсэд, 1133 нь хүүхэд байсан. Түүнчлэн угаарын хийн хордлогыг сууцны төрлөөр нь авч үзвэл гэрт 279, байшинд 575 гарсан байна. Тиймээс төрийн бүх шатны байгууллагууд хамтран энэхүү эрсдлээс ард иргэдээ урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж ажиллаж байна. 

Угаарын хийн хордлого нь яндангаа хөөлөөгүйгээс болсон гэж ойлгож болох уу? 

Зөвхөн яндангаас гэж ойлгох нь буруу. Тухайн өрхийн галлагааны зуух, пийшин нь эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байх нь ч бас чухал. Ялангуяа зуухны таг, яндангийн сойлт, яндангийн хөөлөлт зэргээс шалтгаалж энэ төрлийн хордлого бий болдог.
Угаарын хийн хордлого нь зөвхөн 2019-2020 онд бүртгэгдэж байгаа асуудал биш, өмнө нь ч гарч байсан асуудал. Улсын хэмжээнд 2010-2020 онд ахуйн хүрээнд угаартаж нас барсан нийт 64 хэрэг бүртгэгдэж, 94 хүн нас барсан байна 

Бүртгэгдсэн угаарын хийн хордлогын шалтгаан нөхцлийг нь авч үзвэл зуух, ханан пийшин эвдэрсэн, битүүмжлэл муутай 200, зуух яндангийн холбоос засвартай 118, яндан хөө тортогтой 108, үнс дүүрсэн 95, түлш буруу түлсэн 143, яндан намхан 94, яндангийн сойлт хаасан 189 байна. 

Мөн айл өрхүүдийн зуухыг төрлөөр нь авч үзвэл энгийн зуух 584, төслийн зуух 192, нам даралтын зуух 38, эдгээрээс зуух нь 261 ханан пийшинтэй судалгаатай байсан.

Иймд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу яндангаа хөөлж, сайжруулсан шахмал түлшийг зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэж чадвал өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос сэргийлж чадна. 

Цагдаагийн алба хаагчид энэ аянд яг ямар чиг үүргийн ажлуудыг хийж байна вэ?

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд улсын хэмжээнд гэр хороолол, хашаа байшинд галлагаа хийдэг айл, өрх бүрт “Ханан пийшин, уламжлалт болон сайжруулсан зуухны янданг хэрхэн хөөлөх зааварчилгаа”г тараан ажиллаж байна. 

Угаарын хийн хордлогоос иргэдийн амь насыг хамгаалах нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш бусад байгууллагын ч гэсэн оролцоо маш чухал байгаа.

Иймд иргэд та бүхэн аянд идэвхтэй оролцож, мэргэжлийн байгууллагаас өгч буй аргачлал, зөвлөмжийг дагаж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


keyboard_arrow_up