1
Т.МӨНХСАРНАЙ: хаан зиндааны үйлчилгээ авахыг хүсвэл хаанд байх ЁС СУРТАХУУНЫГ өөртөө бий болгох хэрэгтэй
Зочин:
Т.Мөнхсарнай
Байгууллага:
UULEN WORKSHOP
Албан тушаал:
Урлангийн үүсгэн байгуулагч
Ажиллах арга барил:


2020 оны 04 сарын 29

Энэ удаагийн ARSLAN PODCAST-ын маань зочноор UULEN WORKSHOP урлангийн үүсгэн байгуулагч Т.Мөнхсарнайтай ярилцлаа. Бидний ярилцлага үйлчлүүлэгч болон үйлчилгээ үзүүлж байгаа хоёр талын асуудлыг хөндсөн сонирхолтой ярилцлагыг маань хүлээн авна уу.  

Уншигч, сонсогт та зочны маань Facebook хаяг болох  ROSE TUNGALAG хаягыг дагаж түүний сонирхолтой эерэг ертөнцөөс эрч хүч эерэг бүгдийг мэдрээрэй. 
 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Үйлчлүүлэгчээ авч үлдье л гэж бодож байвал тухайн хүнийг гүйцэт ойлгож мэдрэх нь чухал

ШУУД СОНСОХ:

Миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа

Баярлалаа. Сонсогчиддоо ч мөн өдрийн мэнд хүргэе. 

Сүүлийн жилүүдэд дизайнерүүд өөрийн нэрийн брэнд, салон ихээр нээж ажлуулах болсон. Тэд ихэвчлэн ... брэнд,... салон гэж нэрлэж зах зээлрүү ордог. Харин өөрийн тань хувь тэднээс онцлогтой юу гэвэл UULEN WORKSHOP гэж нэрлэсэн. Яагаад Workshop гэж нэрлэх болсон бэ?

Яагаад UULEN brand гэж нэрлээгүй вэ гэвэл брэнд гэдэг нь тодорхой цаг хугацааг туулж, хүмүүсийн хэрэглээнд нийцээд удаан цаг хугацаанд оршин тогтнож байж бий болдог зүйл л дээ. Иймээс брэнд гэх үгнээс татгалзсан. Яагаад салон гэж нэрлээгүй вэ гэхээр би Урлах-Эрдэм дээд сургуулийг хувцас зохион бүтээгч мэргэжлээр суралцаж төгссөн.  Мэргэжлийнхээ хүрээнд киноны зураач, киноны хувцасны зураач гэх мэт ажлууд хийдэг болохоор салон гэдэг үгнээс татгалзаад WORKSHOP гэж нэрлэсэн.  Workshop гэдэг нь урлан гэсэн үг. Урланд дизайнер  захиалгын дагуу бүтээгдэхүүнээ урлана, нийтэд зориулсан бэлэн бүтээгдэхүүн худалдаалж болдог тул энэ нэршлийг сонгосон.

Манайхаар миний нүүр номын найзууд ихээр ирдэг л дээ. Би шинэ бүтээгдэхүүн гаргаад тухайн бүтээгдэхүүний зургыг нүүр номондоо тавьхад ирж бэлэн бүтээгдэхүүн авна эсвэл өөрийнхөө биеийн онцлогт тааруулаад хийлгэе гэдэг санал тавьдаг. 

Захиалга хүлээн аваад хаана нь ямар загварчилгаа оруулах уу, хаана нь ямар хэсгүүдийг нэмж хасах уу гэдгийг бодоод захиалагчтай ярилцаж дизайнаа гаргаад бүтээгдэхүүнээ урладаг.

Ер нь хүний беийн хэлбэр бүр өөр, дахин давтагдашгүй байдаг бөгөөд тухайн захиалагчийн биенээс хэмжээ авч захиалагчийн нэр дээр суурь гангаж урладаг бөгөөд манайд нэг л удаа л биенээс хэмжээ авхуулсан бол тухайн үйлчлүүлэгчийн нэр бүхий суурь манай дээр хадгалаатай архивлагдаж үлддэг. 

Та олон нийтэд үйлчилгээ үзүүлж байгаа хүн. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид ямар зан чанар, сэтгэл, зүтгэлийг өөрөөсөө гаргах шаардлагатай тулгардаг вэ? 

Үйлчилгээний ажил хийж байгаа хүмүүс үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн байдлыг их анхаарч байх хэрэгтэй. Үүнээс гадна тухайн хувцасыг юунд, ямар арга хэмжээнд хэрэглэх, мөн санхүүгийн боломжийг нь ч мөн харгалзан үзэх шаардлагатай.

Үйлчлүүлэгчээ авч үлдье л гэж бодож байвал тухайн хүнийг гүйцэт ойлгож мэдрэх нь чухал. Урлан угаасаа л ийм л байх ёстой.

Үйлчлүүлэгчид зарим тохиолдолд загвар таалагдаад худалдан авалт болон захиалга өгөх гээд ирдэг. Зарим үед үйлчлүүлэгч бэлэн бүтээгдэхүүнд шинэ санаа нэмэх, зарим зүйлсийг хасах гэх мэт янз бүрийн хүсэлтэй хүмүүс орж ирдэг л дээ. Миний үүрэг бол үйлчлүүлэгчээ бүх талаас нь сайн мэдэрч ойлгоод, харилцан ярилцан яг тухайн хүнд таарсан, сэтгэлд нь 100 хувь нийцсэн бүтээгдэхүүнийг урлах юм. .

Зарим тохиолдолд үйлчлүүлэгч тань зөвөлгөөг тань сонсохгүй өөрийнхөөрөө зүтгэх тохиолдол гардаг л биз?

Гарнаа. Би энэ оруулга ийм учиртай, ийм биеийн хэлбэртэй хүнд илүү зохимжтой. Таны биеийн онцлогт энэ деталь илүү зохимжтой гэж зөвлөсөөр байтал өөрийнхөө зүтгэдэг. Зарим нь мэдээж ононо. Зарим нь онцгүй л болдог. Заримдаа хүмүүс нэг зураг үзүүлээд ийм л болмоор байна гээд ороод ирдэг л дээ. Яг тэр загвараар нь хийгээд өгөхөөр би зураг дээрх шиг харагдахгүй байна гэж уурлах ч тохиолдол гардаг. Үйлчлүүлэгчийг ийм байдалд оруулахгүйн тулд маш эвтэйхэнээр ойлгуулахыг их хичээж ажилдаг даа.

Жишээлбэл мяраалаг хүн ганц хувцас өмсөөд туранхай харагдаж чадахгүй шүү дээ. Магадгүй хуниас, нугалаа, деталь хэсгүүдийг нэмж өгсөнөөр цэгцтэй харагдуулж чадна.  Миний хувьд мяраалаг хүмүүсийг цэгцтэй харагдах тал дээрээ л төвлөрөх хэрэгтэй гэж боддог. 

Arslan.mn

Мяраалаг хүмүүс маань цэгцтэй харагдахын тулд ямар өнгийг сонгох хэрэгтэй вэ?

Хувцасны өнгө сонгоход тухайн хүний арьсны, үсний өнгө, юунд зориулж хийлгэж байна гэдгээс маш их шалтгаална. Жишээ нь оройн хүндэтгэлийн арга хэмжээнд зориулж байвал би хэт хурц тод өнгөтэй, эрээн мяраан биш илүү төв хар, хар хөх, хар ногоон гэх мэт өнгийг сонгоно. Би сонголтоо зөв гэдгийг үйлчлүүлэгчдээ итгүүлнэ. Үүн дээр үйлчлүүлэгчийн хүсэл, санаа орж ирээд нэг бүтээл гарна даа.

Бэлэн бүтээгдэхүүн зөндөө л байна. Гэвч захиалгын бүтээгдэхүүн байсаар байгаагийн нууц нь юу вэ? 

Хүмүүс ер нь яагаад захиалгийн хувцас хийлгэдэг вэ? гэхээр өөрийн уран сэтгэмж, санаагаа оруулахыг л хүсдэгт нууц нь байдаг. Бэлэн бүтээгдэхүүн авахгүйгээр над дээр ирдэг гэдэг нь хүслээ гүйцэлдүүлэхийн тулд л над дээр ирж байна гэсэн үг.  Энэ хүн л миний хүслийг биелүүлнэ гээд л зорьж ирдэг. Итгэл  алдахгүйгээр хүслийг нь гүйцээгээд тухайн арга хэмжээнд нь тохирсон бүтээгдэхүүнийг урлан үйлчлэх  нь л миний зорилго болдог. 

Ингээд бодохоор хүмүүст үйлчилгээ үзүүлж байна гэхээр би бол үйлчлэгч гэсэн үг. Өнгөрсөн таван жилийн хугацаанд олон төрлийн үйчлүүлэгчтэй болсон. Энэ хугацаанд би өөрөө харилцааны ур чадварын хувьд боловсорч л байна. Зарим үед хүнд хүмүүс орж ирдэг л юм. Орж ирэхдээ л хүний сэтгэл зүйрүү дайралт хийнэ энэ бүхийг даах нуруутай болж л үлдэж байна даа /инээв/. Жишээ нь “ямар үнэтэй юм” гэж хэлж харилцаагаа эхлүүлж байгаа хүн тухайн хөдөлмөрлүү маш хүндээр хатгат өвтгөж байгаа гэдгээ ойлгодоггүй. Энэ тохиолдолд хөдөлмөрөө сайн ойлгуулаад тайлбарлаад гаргах нь миний үүрэг болсон. Өнөөдрийн Сарнайг таван жилийн өмнөх Сарнайтай харьцуулбал харилцаа, хандлага дээр нилээд нуруутай болсон шүү. 

Тэгэхээр шинээр үйлчилгээний бизнес эрхлэхээр зэхэж байгаа, эсвэл удаагүй байгаа хүмүүс маань маш тэвчээртэй хүлээцтэй байх хэрэгтэй байх нь ээ?

Тэгэлгүй яахав.

Асуудлыг тайван хүлээн авч өөрийгөө гол нь зөвөөр ойлгуулж таниулж чадах нь чухал. Тэгэхдээ ирж байгаа үйлчлүүлэгч бүрт шинэ санаа байдаг гэдгийг мартаж болохгүй.

Тухайн шинэ санааг шингээсэн бүтээгдэхүүнийг надаар урлуулахаар ирж байгаа шүү дээ. Тэгэхээр миний зорилго дизайнер хүнийхээ хувьд тухайн санааг шингээсэн, үйлчлүүлэгчид таалагдсан бүтээгдэхүүн урлаж өгөх нь л миний зорилго шүү дээ. Зорилгыг биелүүлэхийн тулд тэвчээртэй, хатуужилтай байх хэрэгтэй болдог доо. 

Бизнест хоёр тал байдаг тийм үү. Дээрх хэсэгт хоёулаа үйлчлэгч буюу үйлчилгээ үзүүлэгчид тулгардаг асуудал бэрхшээлийн талаар ярьлаа л даа. Одоо нөгөө талаа дурдах хэрэгтэй.  Таван жилийн өмнө бизнесээ эхлүүлж байх үеийн үйлчлүүлэгч, өнөөдрийн үйлчлүүлэгч хоёрын дунд ялгаа байна уу? 

Эерэг өөрчлөлтүүд ихээр гарч байна. Үйлчлүүлэгчийн сэтгэл зүй нь ч маш өөр тэнгэр, газар шиг зөрөөтэй болсон. Анх бизнесээ эхлүүлж байхдаа цагаан сарын шинийн нэгний өглөө бүх захиалгаа дуусгаад ажлаасаа гэрлүүгээ явж байхдаа ямарч ашиггүй явж байлаа. Одоо эргээд бодохоор хүмүүс ч үйлчлүүлж сураагүй байж, би өөрөө ч үйлчилгээ үзүүлж сураагүй л байсан байгаам. Үүн дээр шантрах зүйл ерөөсөө байхгүй. Би алдаагаа ойлгоод л цааш алхсан. Мөн хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа нь надтай өөртэй минь ч холбоотой байх. Би өөрөө илүү сайжирсан учраас надаас сайн үйлчилгээ авахаар хүмүүс зорьж ирдэг болсон байна. 

Arslan.mn

Өөрт тань урам хүч өгч байсан захиалгынхаа талаар дурсвал?

Түүхээсээ хуваалцъя л даа. Хамгийн анх би нэг бүтээгдэхүүн хийгээд л зараад л, зарсан мөнгөөрөө дараагийн 2 бүтээгдэхүүн хийх материалаа аваад зараад гээд л хийдэг байлаа л даа. Тэгж явахад нэг материал аймар гоё харагдаад энүүгээр л дээл хийвэл аймар гоё харагдана даа гэж бодоод л аваад дээл хийлээ. Тэгсэн нүүр номоор нэг танихгүй хүн холбогдоод би одоо мөнгөө өгчий, турахаараа очоод захиалгаар хийлгүүлье гэв ээ. Би ч за гээд л авлаа. Тэгтэл тухайн хүн маань мөнгөө өгчөөд бүтэн жил хийлгэдэггүй ээ. Би ч байн байн л эгчээ та хэзээ ирэх вэ? гээд асууна, эгч нь турж байна аа гээд л тэгэж явсаар нэг жил болсон. Тухайн үед тэр эгч маань надад 400 мянган төгрөг бэлнээр нь өгсөн байсан л даа. Тэр 400 мянган төгрөг миний бизнесийн эхлэх мөнгө болсон гэж хэлж болно. Нэг дээл маань хоёр, гурав болж өсөөд надад урам, итгэл оруулсан хөрөнгө оруулалт болсон. Би тэр үйлчлүүлэгч эгчдээ аймар хайртай. Бас бид хоёрийн анх уулзсан учрал хүртэл их сонирхолтой. Би ажлаа тараад гадаа явж байлаа. Тэгсэн чинь нэг хүн маш дотноор Сарнай гээд л чангаар дуудаад л хүрээд ирлээ. Би ч гайхаад царайг нь харсан чинь ямар ч таньдаг хүн биш би юу билээ? Та чинь хэн билээ гээд л тэгсэн чинь би дээл захиалсан хүн байна аа гэж билээ.  Эгч маань бас өөрөө бизнес эрхэлдэг хүн байсан. Намайг дэмжихийг хүссэн гэж хэлж байсан эгчдээ маш хайртай.

Хүн сонсоход дөрвөн зуунхан мянга, ганц дээл гээд жижигхэн сонсогдож болох ч дөнгөж эхлэж байгаа хүмүүст маш том хөрөнгө оруулалт болдог.  Хүний амьдралд урам, амт нэмсэн гоё хүмүүс байдагт баярладаг. 

Тухайн үйлчлүүлэгч эгч өөрт чинь их том итгэлийг өгсөн байна шүү дээ. 

Итгэл мөн цагаа олсон хөрөнгө оруулалтыг өгсөн л дөө. Надад тухайн дээлийг зараад 3 дээл болгоно гэсэн итгэл байсан. Өнөөдөр хүмүүс их гоё болсоор байна. Биендээ итгэдэг, урамшуулдаг, зорилго хүсэл тэмүүлэлтэй болсон нь мэдрэгддэг. Өнөөдөр би 19, 20 той охидуудтайгаа ажлаад явдаг. Эд нар маань ч гэсэн эерэг хандлагатай, мөрөөдөлтэй, зорилготой охидууд. Мөн сурч байгаа процесоо үнэлэж чаддаг. Зарчимч, ажилдаа эзэн болдог, альваа зүйлийн ноён нуруу болж чаддаг, чадвартай охид байдаг. Ийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээдэг.  Охид маань надаас сурах зүйлээ сураад шувуу далавчаа гүйцэхээр нисдэг гэдэг шиг явбал би үнэхээр баярлана. Тухайн хүний амжилтын шат байж чадсанаараа өөрөө бахархаж баярланаа. 

Тэгэхдээ зарим хүмүүс эсрэгээр нь ярьдаг ш дээ. Надаас миний санааг хулгайлаад явлаа гээд л? 

Анх надад тийм сэтгэгдэл төрдөг л байсан. Итгэл аваад хамтдаа бүхнийг хийгээд надаас сурах зүйлээ сурчаад гэнэт явна. Хамгийн гол нь яг миний хийдгийг давтаж хийгээд арай бага үнээр захиалга авна гээд л. Тухайн үед надад муухай онцгүй санагдаж л байсан. Ядаж үнээ ижил тавьчихгүй гэж бодсон. Сүүлдээ цаг хугацаа өнгөрөөд уужраад бодоход яахав дээ би нэг хүнд хоолоо олж идэхэд нь туслаа л биз, заагаа л биз, би өөрөө шинэ зүйл бодож олоод л хийхэд болох зүйлийг заавал би үүнд ингэж бухимдах ямар шаардлагатай юм гэж өөртэйгээ ярьдаг. Ингэж олон бодож өөртэйгээ ярилцхаар би нэг хүнд тус болсон нь сайн зүйл юм байна гэсэн мэдрэмж өгдөг болсон. 

Ярилцлагын эхэнд кинонд ерөнхий зураачаар ажилладаг гэж ярьсан. Энэ талаараа дэлгэрүүлбэл?

Кино зохиол бэлэн болсон үед кино гурван ноён оргилоос бүтдэг л дээ. Найруулагчийн баг, зураглаачийн баг, зураачийн баг.  Үүнд зураачийн баг ямар үүрэгтэй оролцох вэ? гэхээр киноны ерөнхий атмосфер, имидж, хувцас хэрэглэл, обьект нь ямар байх уу гэдгийг зураг гаргаад сонгоод найруулагчийн багаар батлуулдаг. Тэгэхээр кинонд харагдаж байгаа бүх дүрс зураачийн ажил байдаг гэж ойлгож болно.  Үүнээс гадна дүрийн характер гэж юм байна. Ийм дүртэй хүн ямар хувцас өмсөх үү? Ямар спортоор хичээллэдэг байх уу? Хаана чөлөөт цагаа өнгөрүүлэх үү? гэх мэт зүйлс бүгд зураачийн ажлын судалгаа байдаг. Тэгэхээр киноны зураач нь дүрийн гаднах байдал болон дотоод сэтгэл зүйг нь хүртэл судлаж ажилдаг. Өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн кинонд явсаны гуравт нь ерөнхий зураачаар явах аз тохиогоод ажиллаж үзсэн. Өөрийнхөө яг харсаныг хийлгэхийн тулд их зүйлийг даван туулдаг. Сайн зураач өөрийн санасанаа бүтээл болгоод л аваад л гардаг юм.  Кино хийх явцад баг хоорондоо маш сайн мэдээллээ солилцдог, ойлголцдог байх хэрэгтэй байдаг л даа. Зорилгоо, киногоо л бодоод ажиллавал сайн кино гарна гэдгийг бүгдээрээ ухамсарлаж ойлгосон байх шаардлатай байдаг. Тэнд хувийн амбиц явж болдоггүй. 

Arslan.mnБуцаад үйлчлүүлэгч гэсэн сэдэврүүгээ ормоор байна л даа.  Дээр бид үйлчлүүлэгчийн эерэг хандлагыг ярилаа. Мэдээж сөрөг зүйлс ч байсаар л байгаа энэ тухай?

Хүмүүсийг анзаараад байхад хүмүүс ярианыхаа өнгөнөөс л их алдаа гаргадаг. Хүслээ хэлж байгаа хандлага нь орчноо үнэлэхгүйгээр шууд л доош нь хийх, мяалах, хорвоо ертөнц дээр ганц би л байдаг гэсэн шиг хандлагатай хүмүүс байдаг. Тэр хүмүүс орж ирээд миний сэтгэлрүү маш их муу зүйл хийж байгаагаа ч мэддэггүй. Би ийм л хүн, миний эргэн тойрныхон үүнд маань дассан, хүлээж аваад сурцан. Чи ч гэсэн сур гэсэн өнгө аястай харьцдаг. Мэдээж би орж ирсэн үйлчлүүлэгчид муухай зан үйлдэл үзүүлж болохгүй учир эелдэгээр тайлбарлахыг хичээж хүлцэнгүй байдаг. Гэвч зарим нь улам давраад асуудлыг хүндрүүлээд  байдаг хүмүүст үнэнийг нь хэлээд л зарим үед гал ассан харилцаа ч болдог. Энэ тохиолдол цөөхөн л дөө. Ихэнхтэй нь ойлголцоод цааш харилцаа үргэлжилдэг. Гал гарсан нэг эвгүй тохиолдол байдаг. Энэ нь нэг оюутан охин байсан. Ирээд л загвар, үнэ, хугацаагаа тохироод л явлаа.  Захиалга долоо хоногийн дараа гарах байсан чинь өдөр бүр л чат бичээд энийг нь ч ингээд өөрчилье ингэмээр байна, тэгмээр байна гээд засвар нь дуусдаггүй ээ. Би ч за гээд л байлаа. Сүүлдээ хугацаа богино болоод за та сүүлийн өөрчлөлтөө хэлээрэй, би яг сүүлийн эсгүүрээ хийх гэж байна. Олон удаа загвар өөрчилсөн болохоор үнийн дүн дээр нэмэгдэл орноо гэж хэлээд л бүтээгдхүүнээ хийгээд дуусгаад хүлээлгэж өгөх мөч ирвээ. Үйлчлүүлэгч маань найз залуутайгаа ирээд л өмсөж үзээд аймар гоё болж гээд сэтгэл өндөр байв аа. За үнийн хувьд ийм өөрчлөлт орсон шүү гэсэн чинь шууд л луйварчин энэ тэр гэхээр шоконд ороод асуудал ширүүсвээ. Тэгээд эцсийн дүндээ мөнгөө өгөөд л явсан л даа. Үүн дээр эвтэйхэн ойлголцоод эгчээ мөнгө маань хүрэхгүй байна гээд үнэнээ хэлсэн бол би өгөөд явуулчих сэтгэлтэй байсан. Учир нь үнэхээр гоё болоод үйлчлүүлэгчийн сэтгэл хангалуун байдал л надад урам зориг аль хэдийн өгсөн байсан боловч яриа эхлүүлж байгаа хандлагаас л сөрөг үр дүн гарчихсан. 

Олон төрлийн үйлчлүүлэгч орж ирэхэд тэднийг зөөллөж харилцаагаа авч үлдэх нь л үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн хамгийн том нууц юм шиг байгаам аа. 

Үйлчлүүлэгч хаан гэсэн үг байдаг ш дээ. Тэгвэл тухайн үйлчлүүлэгч үйлчилгээ авахдаа хааны ёс суртахуун, үйлдэл, характаертай байх ёстой ш дээ. Надаас үйлчилгээ авах гэж байгаа бол надтай хааны дизайнер мэт харьцаж байж хаан ёсоор үйлчилгээгээ хүртэнэ ш дээ. 

Таны facebook хөтлөлт чинь их өвөрмөц байдаг л даа. Би дагаад найз болоод нилээдгүй хугацаа өнгөрсөн байна. Зарим үед еерэг сайхан зүйлс байхаас гадна, зарим үед их өөр ертөнцтэй хүн шиг санагддаг. Ер цахим ертөнцөө ямар зарчим баримталж хөтөлдөг вэ?

Хөтлөлтийн хувьд аль болох гэгээлэг байхыг л эрхэмлэдэг. Инээгээд л альваа зүйлийг эерэг талаас нь хараад явж байхад сөрөг зүйлтэй ч нээх учраад байдаггүй л дээ. Энэ мэдрэмж үйлдлүүдээ хуваалцах их дуртай. Мөн захиалга өгч байгаа хүмүүсийн ихэнх нь миний нүүр номоор дамжин холбогдож ирдэг. Бид найзууд болоод намайг мэдэрсэн, миний бүтээгдэхүүнийг харсан хүмүүс ирдэг тул ойлголцоход илүү хялбар байдаг. 

Хүн хаана ч байсан инээж байх хэрэгтэй, баярлалаа гээд сэтгэлээсээ хэлчихдэг байх, талархаж сурах, хүний итгэл үнэмжлийг услаж байх хэрэгтэй, хүнд итгэл хайрлаж байх хэрэгтэй. Мөн өөрийгөө тайван байлга. Эерэг орчинг ирэхийг хүлээх биш өөрөө яваад оч. Нэг жижиг бялуу байлаа ч гэсэн амтлаад ид, бусад зүйлстэй харьцуул.

Амьдралд, хүмүүстэй сайхан харилцах дуртай. Сүүлийн үед хувийн эгог хаяж байгаа ш д. Танд оногдсон цаг хугацааг жаргалтай л өнгөрөө. 
Цаг хугацааны явцад бид итгэл үнэмшлээ байнга услаж байх хэрэгтэй. Итгэл үнэмшил заримдаа мохдог, зогсдог. 

Би хүмүүсийг гараар хийсэн бүтээгдэхүүнийг өөртөө зориулж авч сураасай гэж хүсдэг. Уран зураг, нэхмэл,оёмол эдлэл гэх мэт. Тухайн бүтээгдэхүүнийг хийж байхдаа урлаач хамгийн сайхан бодол хүсэл мөрөөдлөө шингээсэн амьд бүтээл байдаг. Тиймээс үйлдвэрлэчдийг дэмжиж байх хэрэгтэй. Хүн бүрт бизнес хэрэгтэй байдаг. Хэн нэгний бизнесийг дэмжих бол үндсэн үнээр нь худалдан авалт хийснээр итгэл үнэмшлийг услаж байдаг юм шүү. 

Танд маш их баярлалаа. Амттай сонирхолтой яриаг сонсоч нарт маань хуваалцаж чадлаа. 

Arslan.mnArslan.mn


keyboard_arrow_up