1
Г.АНАР-ЭРДЭНЭ: Монголчууд өдөрт 2,6 кг ХОГ ХАЯГДАЛ үүсгэдэг нь ДЭЛХИЙД ДЭЭГҮҮРТ ордог
Зочин:
Г.Анар-Эрдэнэ
Байгууллага:
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба
Албан тушаал:
Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч
Ажиллах арга барил:


2020 оны 04 сарын 25

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас “НОГООН ДУУ ХООЛОЙ” аяныг орон даяар зохион байгуулж байна. Энэ удаад Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Г.Анар-Эрдэнэтэй хог хаягдлын менежментийн талаар ярилцлаа. 

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “НОГООН ДУУ ХООЛОЙ“ аяныг зохион байгуулж байна

ШУУД СОНСОХ:

Танд өдрийн мэнд хүргэе. Урилгыг маань хүлээн авч мэдээлэл хуваалцахаар ирсэн танд баярлалаа. 

Баярлалаа. Нийт сонсогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе. 

Юуны өмнө “Ногоон дуу хоолой” аяны зорилгоос яриагаа эхэлье.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг олон нийтэд таниулах, иргэдийн экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "НОГООН ДУУ ХООЛОЙ" аяныг зохион байгуулж байна. 

Монгол орны хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал болон бусад улстай харьцуулахад ямархуу байгаа вэ?

Хог хаягдлыг энгийн, аюултай, ахуйн хэмээн гурав ангилдаг. Монгол улсад жилд дунджаар 2,3 сая тонн хог хаягдал үйлдвэрлэгддэг. Үүний 1,4 сая тонныг Улаанбаатар хотоос гардаг тэгэхээр хувьчлаад авч үзэхэд.

  • Барилга байгууламж 15%
  • Уурын зуух гэр хорооллын үнс 25%
  • Ахуйн хэрэглээний хувь 60% 
  • Нийт хог хаягдлын 70% -ийг ландфилийн аргаар булж байна.

Жишээ нь: АНУ-ын оршин суугчид жил бүр 11 сая тонн шил хаядаг. Энэ нь "Титаник"-ийн жингээс 440 дахин их юм. Дэлхий дээр секунд тутам 694 ширхэг хуванцар сав хаягддаг бөгөөд энэ нь өдөрт 60 сая ширхэгт хүрдэг гэсэн тоо баримт бий.

Мөн 2019 оны дэлхийн банкны судалгаагаар Монгол иргэн 1 өдөрт 2,6 кг хог хаягдал үүсгэдэг нь Дэлхийд 12 дугаар байр эзэлж байгаа нь харамсалтай тоо баримт байна.

Хог гээд ярихаар л хог боловсруулах, дахин ашиглах талыг дурдахгүй байж болохгүй. Энэ тал дээр төрөөс ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

Хог хаягдлын тухай хуульд эдийн засгийн зохицуулалт гэсэн бүлэг орсон байдаг. Тухайлбал, хог хаягдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,3-т “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь дахин боловсруулсан, сэргээн ашигласан бүтээгдэхүүн худалдан авах замаар ногоон худалдан авалтыг дэмжинэ” хэмээн заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40,4-т “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуй нэгжид эдийн засгийн урамшуулал олгоно” гэж заасан байдаг. 

 

Эдийн засгийн урамшуулал олгодог гэлээ. Яг энэ дэмжлэгийг авч байгаа аж ахуй нэгжүүд байдаг уу?

Мэдээж байгаа. Жишээлбэл бидний сайн мэдэх Царцаа ногоон хэмээх байгууллага байна.

 Хог хаягдлыг хэрхэн багасгах вэ? Хамгийн ойр энгийн аргуудаас дурьдвал ?

Хог хаягдал үүсгэхгүй байх хамгийн энгийн бөгөөд эхний алхам бол шаардлагагүй худалдан авалт, хэрэглээнээс татгалзах юм.

Худалдан авалт хийх бүртээ Би үүнийг хэр удаан хэрэглэх вэ? Энэ надад зайлшгүй хэрэгтэй юу? Үүнийг дахин боловсруулах боломжтой юу? гэх мэтээр асууж хэвшээрэй.

Дэлхийн нийт хог хаягдлын 30%-г гялгар уут эзэлдэг иймээс иргэн бүр даавуун тор хэрэглэж хэвших нь хамгийн зөв юм. Хог хаягдал нь зөвхөн сав, баглаа боодлоор хязгаарлагддаггүй. Ус, цахилгаан, хоолны үлдэгдэл гээд байгалийн нөөц бүхнийг хэмнэж байж бид хог хаягдлыг бууруулж чадна.

Дахин ашиглах хог хаягдалд ямар төрлийн хог хаягдал орох вэ?

Дахин ашиглагдах боломжтой хог хаягдалд цаас сонин, хуванцар төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, хөнгөн цагаан, метал, зэс,гууль төрөл бүрийн шилэн сав, модон эдлэлийн хаягдал, гялгар уут зэрэг ордог байна. Тэгэхээр Монгол улсын хувьд нийслэлд хог хаягдлын хэмжээ өнгөрсөн онд 800 тонн байсан бол энэ онд 2.4 сая тонн болон нэмэгджээ. Бид хог хаягдлыг ангилж хаях буюу хуванцар сав, цаас, лааз, шил, металл, гялгар уут гэх мэтээр ангилж хаях дадалтай болох хэрэгтэй юм.

Эдгээр төрлийн хог хаягдлыг ангилахгүйгээр шууд хаях нь нэг талаар байгальд шингэхгүй олон жил булшлагдах хог хаягдлын “үйлдвэрлэгч” болж байгаа юм. Төрлөөр нь ангилах эсвэл, хог хаягдал хүлээн авах цэгт аваачиж өгөх нь бидний хойч үедээ зөв зуршлыг таниулж, байгаль орчинд ээлтэй үйлдэл хийх боломжтой.

Хогийг дахин боловсруулах хамгийн эхний шат бол гэрээс гарч буй хогоо ангилж, ялгах юм. Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулах 20 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: хаягдал төмөр, хөнгөн цагаа, гялгар уут, хуванцар сав, цаас, шил зэргийг дахин боловсруулдаг. Мөн Хогоо багасгая фэйсбүүк групп, Царцаа ногоон дахивар хогийг тээвэрлэх үйлчилгээ зэрэг иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болгосон нэгдлүүд ч бий. Сошиал медиа, телевиз, сонин сэтгүүлээр дүүрэн буй зар сурталчилгаа нь бидний шуналыг хөдөлгөж, чухал шаардлагагүй зүйлсийг худалдан авахыг уриалдаг. Бодоод үз л дээ. Ердийн чанар, эдэлгээтэй хувцсыг хүн дунджаар 50 гаруй удаа өмсөж, нэг жил хадгалдаг бол загвар нь хуучирсан хувцсыг ердөө таван удаа өмсөж 35 өдөр л хадгалдаг гэх судалгаа бий. Бид иймэрхүү чанаргүй, хямд хувцсыг худалдан авахаас татгалзсанаар юунаас ч хоцрохгүй, хэнээс ч дутахгүй. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо удаан хэрэглэх, эдэлгээ сайтайг нь сонгож байх нь хамгийн зөв шийдэл.

Мөн хэрэглээд дууссан сав, баглаа боодлыг хог руу хаяхаас өмнө өөр зориулалтаар дахин ашиглах боломжтой эсэхийг судлан амьдралдаа хэрэглэх нь бас л ухаалаг арга юм.

Хог хаягдлыг байгалийн аргаар эсвэл химийн бодис ашиглан ялзмаг болгох боломжтой. Тухайлбал, зарим нэг байгууллага, айл өрхүүд чийгийн улааныг үржүүлэн ахуйн хог хаягдлыг бордоо болгох гэх мэтээр хогыг дахин боловсруулж ахуй амьдралдаа хэрэглэж байна.

Аюултай хог хаягдал гэж юу вэ? 

Монголчууд бид өнөөдөр аюултай хог хаягдалыг хүний биед болон байгальд маш их хор хөнөөлтэйг мэддэг боловч анхаардаггүй.  Энэ төрлийн хог хаягдал нь үр удмыг минь аажмаар бөхөөх чимээгүй тахал гэдгийг анзаарах сөхөөгүй амьдарч байгаа нь тун харамсалтай. Дэлхийн хөгжил сайтай орнуудын ихэнхи нь ахуйн хэрэглээний хогоо бүгдийг нь ялгаж хаядаг. Ахуйн хэрэглээний хогоо ангилахдаа аюултай хог хаягдлаа ч мөн ангилж хаяна гэсэн үг. Энэ нь хотын өнгө үзэмжээс гадна улс орны эдийн засагт эерэг нөлөөтэй. Эх үүсвэр дээр хог хаягдлаа аюултай болон энгийнээр нь ангилан ялгаагүйгээс болж энгийн хог хаягдал нь аюултай хог хаягдал болдог. 

Монгол улс жилд 10,000 тонн аюултай хог хаягдал гаргадаг. “Аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлдэг.  2018 оны байдлаар УБ хотод 501,934 автомашин бүртгэлтэй байна. Жилд нэг удаа тос, шүүлтүүрээ, 2 жилд нэг удаа аккумулятороо  сольдог гэж тооцвол зөвхөн УБ хотод ойролцоогоор 6000 тн тос, 500,0 мянгаруй фильтр, 300,0 мянга аккумулятор, 3000 гаруй тн хүхрийн хүчил хаягдаж байна. Тэгэхээр 1 л ашигласан тос 1 сая литр  (1000 тонн) усыг бохирдуулдаг тэгэхээр ашигласан тосоо зориулалтын газарт очиж солиулах нэн шаардлагатай.

Мөн электрон хог хаягдал болох хөргөгч, телевиз, угаалгын машин, тоос сорогч, компьютер, хэвлэх хувилах төхөөрөмж гэх мэт хэрэгсэл бүх айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад бий. Улсын хэмжээнд цуглуулах, задлах, ангилах, дахин боловсруулах, устгах гэх мэт електрон хог хаягдлын менежмент байхгүйгээс энгийн, ахуйн хог хаягдалтай хамт хаягдаж, зарим нь агуулах саванд устгах цэг бий болтол хадгалагдаж байна.

Иймээс энэ төрлийн бизнес эрхлэгчид бэлтгэн нийлүүлэгчээс бүтээгдэхүүн худалдан авахдаа эвдэрсэн, хуучирсан электрон барааг буцаан илгээх хог хаягдлын гэрээг хийвэл бид эх орондоо энэ төрлийн аюултай хог хягдлыг булшлахгүй юм. 

Хог хаягдлаа бид хэрхэн багасгах вэ? Энэ тал дээр хүмүүст зөвлөмж хүргээч. 

Нэг удаагийн багаар савалсан бүтээгдэхүүнээс татгалзаж том савлагаатай бүтээгдэхүүн   сонгох   нь   хог   хаягдлыг   багасгана.

Жишээлбэл  1кг-р савласан 10 уут гурил авсанаас 10 кг-н гурил нэгийг авах нь 10ш гурилын цаасан уут хаягдал болохоос сэргийлнэ. Нийслэлчүүдийн нэг жилийн хог хаягдлын 36% хоол хүнсний хаягдал эзэлдэг. Иймээс хүнсний хэрэглээгээ зөв сонгож зохистой хэрэглэж  сурах нь чухал байна. Мөн пластик ,резин ,хуванцар савнуудыг ангилан түүхий эд дахин боловсруулах газарт тушааж ашигласнаар орчноо бохирдуулахгүй  байх боломжтой. Өмсөж байсан хувцас тань дахин өмсөх боломжгүй болсон бол өөр олон зүйлийг хийж болно. Тухайлбал даавуун тор, бээлий ,зөөлөн тоглоом, малын нэмнээ гэх мэт олон зүйлд ашиглах боломжтой. Мөн дээр дурьдсанчлан дэлхий  дээрх хог хаягдлын 30  хувийг  гялгар  уут эзлэж байна. Гялгар уут газрын   хөрсөнд   100-400   жил   оршиж   байгаль   орчныг   бохирдуулж   байдаг. Иймээс бид   гялгар   уутнаас   татгалзаж     даавуун   уутыг   хэрэглэж   хэвших хэрэгтэй. Бидний амьдралд минимализм, зеро вэйст /zero waste/ зэрэг амьдралын хэв маягыг хэвшүүлэх шаардлагатай байгаа энэ нь эдийн засгын хувьд ч их үр өгөөжтэй хэвшил юм. 

Дахин нэг мэдээлэл хүргэвэл нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд өдөрт 2100-2600 тонн хог “үйлдвэрлэж”, жилд дунджаар 1.4 сая тонн хог хүрээлэн буй орчиндоо нийлүүлдгээс ердөө 24 хувь нь дахин боловсруулах үйлдвэрүүдэд  хүргэгддэг. Улсын хэмжээнд жилдээ 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг. Түүний 10 орчим хувийг нь л дахин боловсруулдаг хэмээн саяхан болсон “Монгол Улсын аюултай хог хаягдлын менежмент, цаашид авах арга хэмжээ” уулзалт дээр яригдсан.

Бид аюултай хог хаягдлынхаа 40-50% хувийг дахин боловсруулж чадвал байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөө мөн хэмжээгээр буурна. 

Arslan.mn

Сэрэмжлүүлэх, анхаарах асуудал ахуйн хэрэглээнд? 

Иргэд маань аюултай хог хаягдлын талаар мэдээлэл дутмаг байдгаас үүдэн өөрсдийгөө өвчлүүлж байдаг. Жишээ нь дууссан зайг үсэндээ үрэх, хазах гэх мэт үйлдлийг ихээр хийдэг. Гэвч хуруу зай нь олон төрлийн химийн элементээс бүрддэг бөгөөд үүнд мөнгөн ус, лити зэрэг хортой металлууд, идэмхий шүлтийг агуулдаг тул хүүхдээс хол байлгах тушаах цэгүүдэд хүргэх мөн цэнэглэгддэг зайг сонгож аюултай хог хаягдлаа багасгах сонголтыг хийж хэвшицгээе. Дахиад нэг жишээ дурдахад суудлын машины аккумляторт ойролцоогоор 8кг хар тугалга, 4кг хүчил, 1кг хуванцар агуулдаг. Хар тугалга төв мэдрэлийн системд нөлөөлж, хүүхдийн өсөлт хөгжилт, сурах чадварыг бууруулдаг. Энэ бүх мэдээллийг иргэдэд хуваалцаж соён гэгээрүүлэхэд манай НОГООН ДУУ ХООЛОЙ аяны маань зорилго юм шүү дээ.

Бас нэг сонирхолтой жишээ дурдвал хүүхдийн живхийг полиакрилат гэх мэт полимер шингээгч материалаар хийдэг бөгөөд тэдгээрийн бүрэн задрах хугацаа нь 500 жил байдаг гэх мэтчилэн бидний хэрэглээнд нилээдгүй хортой хаягдлууд цаг минут дутамд үүссээр байдаг. 

Төгсгөлд нь хэлэхэд Байгалиа хамгаалъя Ногоон дуу хоолой аянд маань иргэдийн оролцоо маш чухал. МУ-ын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бол эл хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгаль орчноо хамгаалах үүрэгтэй гэж тусгаж өгсөн байдаг. Тийм учраас иргэн бүр эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлан НОГООН ДУУ ХООЛОЙ АЯНД нэгдэхийг уриалж байна. 

Баярлалаа. 


keyboard_arrow_up