Г.ГАНБАЯР: АЮУЛТАЙ АЧААГ зорьсон газартаа саадгүй хүргэх нь БИДНИЙ ҮҮРЭГ Г.ГАНБАЯР: АЮУЛТАЙ АЧААГ зорьсон газартаа саадгүй хүргэх нь БИДНИЙ ҮҮРЭГ

2
Г.ГАНБАЯР: АЮУЛТАЙ АЧААГ зорьсон газартаа саадгүй хүргэх нь БИДНИЙ ҮҮРЭГ
Зочин:
Г.Ганбаяр
Байгууллага:
Дотоодын цэргийн 805 дугаар анги
Албан тушаал:
Харуул хамгаалалтын салбарын эргүүлчин ахлах ахлагч
Ажиллах арга барил:


2020 оны 02 сарын 17

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 85 жилийн ой энэ онд тохиох гэж байна. Тус ойтой нь холбогдуулан энэ албаны хамгийн эрсдэлтэй салбарт үүрэг гүйцэтгэдэг Харуул хамгаалалтын салбарын эргүүлчин ахлах ахлагч Г.Ганбаяртай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ.

-Сайн байна уу. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ ангид хэдэн оноос эхэлж ажилласан бэ?

-Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие Булган аймгийн Тэшиг суманд 1985 онд Ганбатын ууган хүү болон мэндэлсэн. Эцэг эхээс гурвуулаа, бага насаа тус сумандаа аав ээжтэйгээ өнгөрүүлсэн. 2005 онд Булган аймгаас хугацаат цэргийн албанд татагдаж ирээд Дотоодын цэргийн 805 дугаар ангид албаа хааж, 2006 оны намар Дотоодын цэргийн ахлагч бэлтгэх дамжаанд элсэн ороод тэр үеэс хойш тус ангидаа 13 жил ажиллаж байна.

Хугацаат цэргийн албанд татагдан ирэхэд салааны захирагч, дэслэгч Н.Мөнх-Илтгэл /ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа/ анх цэрэг эх орон ч хүмүүжил олгон, цэргийн хүн болгож байлаа. Салааны захирагчаасаа үлгэр дуурайлал авч цэргийн хүн болох шийдвэр гаргаж байсан. Салааны захирагч маань надад цэргийн суурь хүмүүжлийг маш сайн тавьж өгсөн учраас би өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог.

-13 жилийг энэ баг хамт олонтой өнгөрүүлжээ. Хамт олныхоо тухай.

Манай 805 дугаар анги дөрвөн салбартай. Миний хувьд зорчигч, ачаа тээш тээврийн замд харгалзан хүргэх дөрөвдүгээр салбарт ажилладаг. Энэ салбараас гадна хамгаалалтын салбар, ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах 1, 2 дугаар салбарууд үйл ажиллагаагаа явуулдаг.

Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор “Улсын онц чухал обьект”-ын жагсаалтад орсон Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, стандарт хэмжил зүйн төвийн байр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораториудын хамгаалалтыг зохион байгуулахаас гадна нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг нэр төртэйгээр амжилттай биелүүлж байна.

Манай салбар нь зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын ажиллагааг орон нутгийн цагдаагийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг.

Хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй дээрх ажлыг хамтран гүйцэтгэдэг олон сайхан залуучуудыг эгнээнд ажиллаж байгаа минь нэр төрийн хэрэг юм.

-Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг юм байна. Тэгвэл алба хаагчдын аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

-Бидний хувьд хөдөө орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж аюултай ачаа, тээшийг хүргэдэг. Орон нутгийн цагдаагийн байгууллага А цэгээс Б цэг хүртэлх бүх аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж, дэмжлэг үзүүлдэг.

Манай удирдлагууд нийт ажилчдын аюулгүй ажиллагааг хангах, тэдний эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ар гэрт нь байнга л анхаарал хандуулж ажилладаг.

Мөн үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис хүргүүлж буй компаниудтай хамтран тээврийн хэрэгсэл, техникийн аюулгүй байдлыг хангуулах тал дээр их анхаардаг.

Харин алба хаагчдын хувьд өөрийн албан үүрэг гүйцэтгэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, батлагдсан маршрутын дагуу аюулгүй байдлыг хангаж үүрэг гүйцэтгэх шаардлагатай байдаг.

-Таны хувьд энэ хугацаанд хэчнээн аймагт очиж ажиллаж байсан бэ? Хөдөө орон нутагт ажиллах хугацаанд хамгийн их хүндрэл учирч байсан үе.

-Монгол улсынхаа 21 аймагт очиж үзлээ. Энэ хугацаанд хүнд хэцүү гэхээсээ илүүтэй харгалзаж яваа ачааныхаа аюулгүй байдлыг хангах талаар л бодогдож байдаг. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл л гэхээс биш нэг их хүндрэлтэй зүйл гардаггүй. Нэг удаа Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд ачаа хүргэж өгөх үеэр цасан шуурга тавьж машин саатсан. Таван километрийн цаана уурхай нь харагдаад байдаг. Гэтэл бид цасан шуурганаар явж чадахгүй болчхоод хэсэг саатаж байлаа. Тэр үед л энэ ачааг бүрэн бүтэн хүргээд өгчих юмсан гэх хүсэл хамгийн ихээр төрж байсан. Тэгээд цасан шуурга намдаж бид ачаагаа амжилттай хүргэж өгсөн.


ХОЁР. Монгол улсын цэргийн баг ямар ч газар, оронд очсон  ч үүрэг гүйцэтгэх чадвартай

-Зорчигч, ачаа тээшийн тээвэрлэлтийн хамгаалалтад яваагүй үедээ ямар ажил хийдэг вэ?

 Цагдаагийн ерөнхий газрын төв архив, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн анхан шатны шүүхийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна.

-Таны хувьд тээвэрлэлтийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэх, энд хамгаалалтад гарах хоёрын аль нь амар байдаг вэ?

Цэргийн хүнд биеийн амрыг харж ажил үүргээ сонгон гэж байдаггүй. Бидний хувьд цэргийн алба хаагчид өгсөн үүрэг, тушаалыг л биелүүлнэ шүү дээ. Ямар ч үүрэг даалгавар өгсөн түүнийг биелүүлэх чадвартай байх ёстой. Бидний ажил мэргэжлийн хүнд хэцүүг хүмүүс их гайхдаг юм. Гэхдээ надад бол огт тэгж санагддаггүй. Харин ч энэ мэргэжлээрээ бахархаж, бахдаж явдаг. Анх цэргийн албанд татагдаж ирэхдээ л энэ мэргэжлээрээ бахархсан.

-Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үеэ дурсвал.

Бүгд найрамдах Сьерра-Лион улсад энхийг сахиулах ажиллагаанд 2010 онд Монгол Улсын цэргийн багт орж үүрэг гүйцэтгэ үедээ цэргийн хүн болсноороо маш их бахархсан. Олон аавын хүүхдүүдтэй эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж ажиллах болсон нь миний хувьд хамгийн сайхан дурсамж. Олон улсын тусгай хамгаалалтад гарч ээлжээр обьектын аюулгүй ажиллагааг хангах үүргийг зургаан сарын хугацаанд гүйцэтгэж байлаа.

Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч  маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд “Бригадын генерал” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм. Энэ үйл явдал нь цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн болон чөлөөнд байгаа ахмад буурлуудын баярт мөч байлаа. Энэхүү үйл явдал нь Цэргийн хүнд мөрдэс дээрээ зүүх цол эрхэм хүндтэй байдгийн илэрхийлэл юм. Бид бүгд Генералтай боллоо гэж маш их баярлаж байлаа /инээв/.

-Танай байгууллагаас 2020 онд зохион байгуулж байгаа онцлог ажлуудаас дурдвал?

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд “Өнгө-Нэмье-2020” нөлөөллийн аяны хүрээнд Дотоодын цэргийн штабаас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2020 онд дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангах, удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил бий болгож, алба хаагчдын албандаа хандах хандлагыг өөрчлөх зорилго бүхий “Зөв-Алхам”, “Хувь хүний төлөвшил” аянуудыг Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд зохион байгуулж, алба хаагчидруу чиглэсэн олон ажил, арга хэмжээг явуулж байна.

-Бусад орны цэргүүд ч гэсэн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Тэгвэл Монголчуудын тэднээс ялгарах хамгийн чухал зүйл нь юу вэ?

-Монгол цэрэг дасан зохицох чадвар маш өндөр байдаг, Монгол улсын цэргийн баг ямар ч газар, оронд очсон  ч үүрэг гүйцэтгэх чадвартай гэдэг нь ажиглагдсан.

- Цэргийн амьдрал бас хэцүү шүү дээ. Тэгвэл таны ажлыг ойлгодог гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач.

Би ханьтайгаа 2010 онд танилцаж байлаа. Миний ханийг Э.Азжаргал гэдэг. Одоо хоёр хүүхэдтэй. Хань минь миний ажлыг хэн хүнээс илүү ойлгож дэмжиж ажилладаг. Миний ажилдаа дуртай байгаа шалтгааны нэг бол миний хань юм. Миний хань чинь надаар, миний мэргэжлээр их бахархдаг. Энэ дашрамд ханьдаа баярлалаа, үргэлж миний талд бат зогсож байдаг чамаараа би бахархдаг, хайртай шүү гэж хэлмээр байна.

-2020 онд танай байгууллагын 75 жилийн ой тохионо. Анги хамт олондоо мэндчилгээ дэвшүүлбэл.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 75 жилийн ойг угтаж бүтээлч ажил, алба хаагчидруу чиглэсэн ажлыг түлхүү зохион байгуулж байгаа. Энэ дашрамд мөр зэрэгцэн алба хааж байгаа нийт алба хаагчид, үе үеийн ажилтан, ахмад дайчид, хугацаат цэргийн алба хаасан мянга мянган цэрэг эрчүүдэд түүхт 75 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

 


keyboard_arrow_up