Д.Оюун:  Томчууд хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд энэ муу хүүхэд болчихлоо гэж ялгаварлан гадуурхдаг Д.Оюун: Томчууд хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд энэ муу хүүхэд болчихлоо гэж ялгаварлан гадуурхдаг

1
2
Д.Оюун: Томчууд хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд энэ муу хүүхэд болчихлоо гэж ялгаварлан гадуурхдаг
Зочин:
Д.Оюун
Байгууллага:
НЦГ
Албан тушаал:
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн
Ажиллах арга барил:


2019 оны 12 сарын 18

ARSLANPODCAST энэ удаагийн дугаарт НЦУГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн дугаараар Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо сэвдийн хүрээнд ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Хүүхдүүд зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэддэггүй

ШУУД СОНСОХ: 

Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх чиглэлийн аяныг ихээр зохион байгуулж байна. Тэгвэл хамгийн сүүлд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн бэ?

Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамаардаг хамгийн чухал ажил үүргийн нэг нь Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил байдаг. Энэ оны хувьд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой Unfriend, хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хамгаалах чиглэлээр “Зөв тусгал” гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулсан. Зөв тусгал аяныг би онцолмоор байна. Учир нь эцэх эхчүүд томчууд хүүхдийнхээ “Зөв тусгал” нь байя гэсэн үндсэн агуулгатай аян маань ард иргэдийн дунд нилээд сайн дэмжлэг авч, нийгэмд хүрсэн сайн ажил болсон.

-Хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгааныг та хэрхэн харж байна?

-Нийтлэг байдлаар гэмт хэрэг ямар орчинд үйлдэгдсэн бэ? Ямар цагт хаана үйлдэгдсэн бэ? гэдгийг харуулсан статистик судалгаа байдаг. Үүнд гэр бүлийн байдал, ажилгүйдэл, архидалт гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Гэвч хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг олон төрлийн онцлогтой. Зарим тохиолдолд санхүүгийн байдлаас буюу өөрт хэрэглэгдэх мөнгөн хэрэглээгээ өсгөх, мөн бусдын дарамтанд өртөн  дээрэм, танхайн гэмт хэрэг үйлдэх тохиолдол байдаг. Гэхдээ, зарим тохиолдолд бусдын анхаарлыг татах гэж эдгээр үйлдлүүдийг хийх ч тохиолдол байдаг. Яг суурь шалтгаан нь эцэг, эхийн анхаарал халамж сулаас үүдэлтэй. Нийт гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 80 орчим хувь нь эцэх, эх буюу асран хамгаалагчдийн хайхрамжгүй байдлаас үүдэн гарсан байдаг. Анх тухайн хүүхэд гэмт хэрэг үйлдэхгүй боловч буруу зан үйлд хэвшчихсэн, буруу байдлаар бусадтай харилцдаг, маргалддаг гэх мэт зан үйл ажиглагддаг байж байгаад дараа нь хэн нэгэн анзаарахгүй тухайн буруу үйлдлийг нь засах талаар хэлж зөвлөхгүй, туслаагүйгээс мөн бусдад хүлээн зөвшөөрөгдөх, анхаарлыг нь татах гэх мэт янз бүрийн шалтгаанаар үйлддэг.

Зонхилох шалтгаан гэхээс илүүтэй зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй ч тохиолдол байдаг.

-Хүүхдэд гэмт хэрэг гэж ямар үйлдлүүдийг хэлдэг, гэмт хэрэгт өртөхөөс хэрхэн урьчилан сэргийлэх талаарх мэдээллийг хэрхэн, ямар хүрээнд хэр далайцтай хүргэдэг вэ? ЕБС-иуд дээр энэ талын мэдлэг мэдээлэл хангалттай өгөгдөж чаддаг болов уу?

-ЕБС-ын орчинд цагдаагийн байгууллагын алба хаагчид сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулдаг. Сүүлийн жилүүдэд сошиал сүлжээ ашиглан контент бэлдэн мэдээлэл түгээж байна. Гэвч боловсролын системдээ хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон байдлаар гэмт хэрэг гэж юу юм, гэмт хэрэг хүртэл нь даамжруулахгүйгээр буруу зан үйлийг нь засч залруулах, энэ зан үйл нь гэмт хэрэг хийхэд хүргэж болзошгүй гэдэг мэдээллийг хууль эрх зүйн мэдлэг гэхээсээ илүү хүүхдэд зөв дадал зуршилтай болгох талаас нь сургалтын хөтөлбөрт нь оруулах шаардлагатай байгаа гэж хардаг. Мөн ямар үйлдэлд өртөж эхэлвэл гэмт хэрэгт өөрийгөө хохирч байгаа гэж мэдэх вэ?гэх мэдээллийг бүр цэцэрлэгийн наснаас нь байнга тогтмол мэдээлэл хуваалцаж ойлгуулах нь маш зөв.

-Олон жил хүүхэдтэй ажилласан хүний хувьд хамгийн их сэтгэл өвтгөж байсан тохиолдолоо бидэнд хуваалцаач. Магадгүй хэн нэгэнд дохио болох болов уу?

-Би урьд нь хүүхдийн байцаагчаар ажилладаг байсан. Тухайн үед хөнгөн хэргүүдээ авч шалгахаас гадна хүүхдүүдээ хяналтанд авдаг байсан. Хяналт гэдэг нэртэй боловч гар картандаа бүртгэн тухайн хүүхдээ хэрхэн засаж залруулах вэ, ар гэр, сургуультай нь хэрхэн хамтран ажиллах вэ? Чиглэлээр төлөвлөгөөт хуваарь гарган уулзалтуудыг хийн ажилладаг бөгөөд шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйчийн зөвлөгөөг хүүхэддээ үзүүлдэг үйлчилгээ байсан.  Миний хяналтанд байсан нэг хүүхдийн жишээг татвал гэр бүлийн салалтын улмаас эмээ дээрээ байдаг. Эцэг эхийн анхаарлыг татах маш сонирхолтой, Томчуудын санааг л зовоож байвал намайг тоох байх гэсэн бодолтой болчихсон айлын ганц хүүхэд байсан. Энэ хүүхэд сургуулийн орчинд танхайрдаг, хүүхэд дээрэлхдэг байж байгаад олон улсын эмэгтэйчүүдийн баяраар найз охиндоо бэлэг авах гэж яваад мөнгө дутсан шалтгаанаар бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Тухайн хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээх насны хязгаарт хүрсэн тул хорих ял шийтгэгдээд явсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ үед ажиллаж байсан байцаагчийн хувьд их хүнд хэцүү мэдрэмжийг авч байсан.

Хүүхдийн эмээ нь их сайн анхаарал тавьдаг байсан. Дараа нь хүүхэд  хорих ял хойшлон алдаагаа ухамсарлан маш сайн хүүхэд болсон. Одоо заримдаа гадуур таарахаар Сайн байна уу байцаагчаа гээд мэндлээд л явдаг юм.

Хэдийгээр хүүхэд харамсалтай байдлаар алдаа гаргадаг боловч маш сайн залруулж чаддаг . Тэгэхээр хүүхдийг багаас нь зөв үлгэр дуурайллаар зөв хүмүүжүүлээд явбал илүү сайн. Тэгэхдээ алдаа гаргасан ч засаж залруулж болдог, боломж байгаа гэдгийг ойлгуулж маш сайн хамтран зүтгэгч нь байх нь томчуудын гол үүрэг.

-Муу хүүхэд гэсэн нэр яваад байдаг. Муу ч гэсэн тэр бас л хүүхэд гэдгийг мартаад байх шиг.

-Сургуулийн орчинд хүүхдүүдийн нийлдэг, нөхөрлөдөг байдлаар нь тэр муу хүүхэд, чи тэрэнтэй нийлээд л сурлагадаа муудаж байна, буруу үйлдэл гаргаад байна гэх эцэх эхчүүдийн явцуу хандлагаас үүсэлтэй. Муу хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд анхан шатандаа гэр бүлээс дараа нь цэцэрлэг, сургуулийн орчноос хүмүүжил зуршлыг олж авч байдаг. Томчууд бага насны хүүхдийн сахилгагүйтэлийн буруу үйлдэлтэй нь хамаатуулан тухайн хүүхдэд муу хүүхэд гэсэн тодотголыг зүүлгээд, хүүхэд тухайн тодотголд итгээд том болчихдог. Энэ хүүхэдтэй нийлж болохгүй муу хүүхэд болно гээд л хажууд нь ярьдаг, багш нь анги дотроо нийтэд хэлдэг. Энэ хүүхдийг өөр ширээнд суулгаад өгөөч, өөр ангируу шилжүүлээд өгөөч гээд  томчууд л ад үзээд байдаг. Урьд нь эцэг эхийн зөвлөл хуралдаад хүүхдийг сургуулиас хөөх шийдвэр гаргуулчихдаг байсан. Эргээд л багш тухайн хүүхдийн ар гэрт мэдээлэл дамжуулахдаа танай хүүхэд болохгүй байна гэсэн ойлголт мэссэжийг өгчихдөг. Гэтэл эцэг эх маань хүүхэдтэй хэрхэн харилцах уу, хүүхдэд маань муу хүүхэд гэсэн нэр зүүсэн учир бид ямар арга хэмжээ авах уу гэж бодохгүйгээр чамаас л бүх зүйл боллоо, чи муу байна гэж эхэлдэг. Гэтэл хүүхэд өөрөө буруу зүйлийг санаатайгаар хийгээгүй байж магадгүй, зүгээр л бяцхан дэггүйтэл байсан ч байж болно. Үүнээсээ болоод муу гэдэг тодотголын авчихаараа би угаасаа л муу хүүхэд юм байна, юу ч хийсэн муу л хүүхэд байх юм байна гэсэн бодолтой болдог. Магадгүй хүүхэд муу зан үйлээ үргэлжлүүлэн хийсээр байхад нь томчууд анзаарч засахад нь туслахгүй л бол илүү буруу зүйлрүү бид хүчээр түлхэж оруулаад байгаа гэсэн үг юм . Муу гэдэгт нь итгүүлээд байна гэсэн үг. Тэгэхээр ингэж ялгаварлан гадуурхахгүйгээр хүүхэд нэг удаа алдаа гаргасныг муу гэдэг тодотголд оруулж болохгүй. Хэзээ ч төрмөл муу хүүхэд гэж байдаггүй. Хүүхдийг томчууд муу хүүхэд болгож хүмүүжүүлчээд энэ муу хүүхэд гэж ялгаварлан гадуурхдаг.
Иймээс хүүхдэд буруу зүйл хийсэн бол тэрийг нь буруу гэдгийг нь ойлгуулж засах боломж олгох, дахин тухайн үйлдлийн давтахгүй байх ухамсар ойлголтыг өгөх нь л хамгийн чухал.


ХОЁР. Хүүхэд анхаарлыг тань татахыг тулд буруу үйлдэл хийдэг

-Эцэг эхчүүд би энэ хүүхдээ дийлэхээ больлоо, яах ётойгоо мэдэхгүй байна гэсэн асуудлыг их ярьдаг. Ийм эцэх эхчүүдэд өгөх таны зөвлөгөө.

- Үндсэн шалтгаан нь бага наснаас нь хүүхдэд муу хүүхэд гэсэн ойлголтыг төлөвшүүлсэнтэй л холбоотой. Буруу гэдгийг нь мэдэхгүйгээр дэлгүүрээс машин аваад гарчихаж. Аав нь тэр үйлдлийн хүндээр хүлээж аваад энэ багаасаа хулгайч болох гээд байсан байхгүй юу. Бүр бага байхдаа л дэлгүүрээс машин аваад гарч байсан. Сүүлд бас ангийнхаа хүүхдийн юмыг авчихсан байна лээ гээд хүүхдээ цагдаагийн байгууллага дээр дагуулаад ирдэг. Хажууд нь дээрх үгнүүдээ хэлсээр байдаг. Тэгэхээр хүүхэд өөрийгөө би хулгайч юм байна. Намайг цагдаа дээрээ дагуулж ирээд шийтгүүлэх гэж байна гэсэн ойлголтыг авдаг. Гэтэл тухайн хүүхдэд анх л дэлгүүрээс машин мөнгө төлөлгүйгээр авч болохгүй гэдгийг л зөв ойлгуулсан бол, хулгайч гэсэн нэр зүүхгүйгээр бүх хийсэн зүйлд нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу чанга гарааг шийтгэх гээд үзээд байдаг. Олон эцэг эхчүүд цагдаагийн байгууллагад ингэж ханддаг. Манай хүүхэд үгэнд орохгүй байна, дийлдэхгүй байна гээд айлгах гэж ирдэг. Бүр бага наснаас нь хэлдэг. Тэр хардаа чамайг цагдаад өгнө шүү гээд айлгаад байгаа маань хүүхдэд хамгийн ойр дотно туслах ёстой цагдааг буруугаар ойлгуулж хэлээд байгаа юм. Багаасаа хүүхэд цагдаа бол шийтгэдэг гэдэг ойлголт авчихаар цагдаагаас тусламж асууж ирэхгүй, тэгтэл тэдэнд аав ээжтэйгээ ярихгүй, багштайгаа ярихгүй, зөвхөн цагдаагаас туслалцаа авах шаардлага бол байдаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойлголцох гэхээсээ илүү хатуу ширүүнээр хандаж шийтгэх, хүүхдээ дийлэх нь зөв байдалруу засаж байна гэж ойлгоод байдаг. Миний ойлголтоор хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцож чаддаг байх ёстой. Дээр хэлсэн гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн 80 хувь нь анхаарал халамж сул байдагаас болсон. Гэр оронтой байх, хүүхдээ хооллож, өмсөх хувцастай байлгасанаа анхаарал тавьж байна гэж ойлгоод ярилцахаа мартдаг. Хүүхэддээ цаг гаргахгүй, хүүхдэд тань юу тохиолдож байна гэдгийг мэдээгүйгээс хүүхэд ямар нэг зүйлд уруу татагдаж, буруу үйлдэл хийхэд шийтгэх арга замыг түрүүлж сонгодог. Магадгүй хүүхэд ярилцахыг хүсэхгүй байвал нууц байна гэсэн үг. Тэр нууцыг мэдэхийн тулд эрмэлзэл хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Мөн хүүхэд анхаарлыг тань татахыг тулд буруу үйлдэл хийдэг. Өөртөө хайр,анхаарал халамж хүсээд байгаа хэлбэр байж болно.

Хүмүүжил олгох явцад насны зөрүү нийгмийн зөрүү их гардаг. Бид багадаа ингэдэг байсан гээд л ярьдаг. Гэвч хүүхдүүд маань бидний үед байгаагүй учраас эцэх эхээ худлаа ярьж байна гэж бодон бидний ярианд итгэдэггүй. Бид хүүхэд байж үзсэн учираас бид хүүхдийг ойлгох ёстой, харин хүүхэд том хүн байж үзээгүй тул биднийг ойлгох албагүй. Гэсэн үг ч байдаг.

Үүнтэй адил бидний туулж өнгөрүүлсэн цаг хугацааг одоогийн энэ цаг хугацаатай заавал эвцэлдүүлэх гээд дайраад байдаг. Хүүхдийн сэтгэхгүйд тэр цаг хугацаа байхгүй учираас итгэл үнэмшилгүй байдаг. Эндээс нь хүүхдүүд аав ээжийн хэлсэн үг худлаа юм шиг бодож эхэлдэг. Өнгөрсөн цаг үерүү очих гэхээсээ илүү яг одоогийн цаг мөчдөө л хүүхэдтэйгээ харьцах нь зөв.

Хүүхдийг шийтгэж болно. Шийтгэлийнхээ хэлбэрийг зөв сонгох хэрэгтэй. Жишээлбэл шууд зодоод л, хориод цагдаад байх нь буруу. Магадгүй хамгийн дуртай зүйлийг нь шагналын хэлбэрлүү шилжүүлэх, хугацаа тавьж хязгаарлах гэх мэт сонголтыг хэрэглэх нь зөв.

Зөв оновчтой арга хэрэглэснээр хүүхэд буруу зүйл хийсэн бол алдаагаа засах ёстой, зөв зүйл хийвэл шагнуулна гэсэн ойлголтыг өгөх нь хамгийн том хүмүүжил төлөвшлийг өгч үр дүнтэй арга.

Зарим тохиолдолд хүүхэд юуг буруу хийснээ мэдэлгүй загнуулах үе байдаг. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгодог. Тиймээс хүүхдийг зэмлэх шийтгэхтэй хийсэн үйлдэл бүрийг нь ойлгуулж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ үйлдэл нь ийм хор уршигтай учир буруу болдог гэх мэтээс ойлгуулж хэлээд хүүхэд буруу зүйл хийсэн гэдгээ ойлгоход нь шийтгэх хэлбэрээ зөв сонгон шийтгэх нь хамгийн үр дүнтэй.

Аав нь ээж нь чиний энэ үйлдэлд их гомдлоо, чамд миний итгэл хугарлаа гэх мэтээр үгийн сонголтоо ч зөв хийх хэрэгтэй . Магадгүй дараа чи энэ үйлдлээ хийхгүй байх юм бол аав нь, ээж нь чамаар бахархах болно. Гэх мэтээр үгийн сонголтондоо хүртэл анхаарах шаардлагатай .

-Хүүхэдтэй харьцахдаа өөр юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Хүүхэдтэй харилцахдаа хүүхдийн өндөрийн түвшинд очиж ярилцах ёстой гэсэн олон улсын жишиг байдаг. Бид байнга дээрээс нь хүүхдийг харж байдаг. Загнахдаа, задрахдаа, альваа зүйлийг хэлэхдээ үргэлж дээрээс нь харж ярьдаг. Гэтэл хүүхэдтэй харьцахдаа өндрийн ижил түвшинд нүд нүдээ харан ярилцах нь хоёр хүний хоорондын харилцааны маш үр дүнтэй хэлбэр гэж үздэг. Магадгүй та үнэхээр хүүхэдтэй ойлголцох, ярилцахыг хүсвэл бүр өмнө нь өвдгөлж сууж байгаад хүүхдийнхээ өндрөөс өөрөө намхан болж байгаад ярилцвал таны хүүхэд таны яриаг илүү сайн ойлгож сонсох магадлал нь өндөр байдаг.

-Хүүхэд гэмт хэрэг үйлдээд л байна. Эцэг эхчүүд хүүхдээ гэмт хэрэг үйлдэх магадлалтай болж байна шүү гэх дохиог ямар үйлдлээр нь мэдэх боломжтой байдаг вэ?

-Зарим тохиолдолд хүүхдүүд маань анхны удаагийн тохиолдлоор гэмт хэрэгтэн болчихдог. Зарим үед болгоомжгүй үйлдэл нь гэмт хэрэгтэн болгочихдог.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд мөнгө олох, айлгах гэх мэт  зорилготой байгаа боловч энэ үйлдээ гэмт хэрэг байсан гэдгийг сүүлд ойлгож ухаардаг.

Хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн дийлэнх хэлбэр нь бусдын биед гэмтэл учруулах байдаг. Энэ тохиолдлыг харахаар гэр бүлдээ ойлголцож чадахгүй байгаа хүүхэд бусадтай ойлголцохдоо хүндрэлтэй байдаг. Магадгүй багаар ажиллахгүй, бусдад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бусдыг цохьдог. Цохих гэдэг нь гэмт хэрэг гэдгийг мэддэггүй. Цохих зодох хоёрын ялгаа юу юм бэ гэж хүртэл хүүхэд асуудаг. Цохино л гэдэг нь зодох гэдгийн л нэг хэлбэр.

Би зодоогүй. Ганцхан цохиод л хэрэгтэн болчихож байгаам уу гээд гайхаад байдаг.

Хүнийг цохих, зодох нь гэмт хэргийн нэг хэлбэр юм шүү гэдгийг ойлгуулахгүй аав ээж нь багаас нь цохиод, зодоод шийтгээд байхаар цохиж болдог гэдэг ойлголтыг хүүхдэд өгдөг. Энэ зан үйлээсээ эцэг эхчүүд татгалзахгүй бол хүүхэд хэзээ ч цохих нь буруу зодох нь буруу гэж ойлгохгүй Хүүхэд ойлгоогүйгээсээ болоод хэн нэгний биед гэмтэл урчуулахаар чи багаасаа л ийм муу хүүхэд байсан хэмээн дахиад л эцэх эхийн зүгээс буруутгагдаж байдаг.

Бас өөр нэг тохиолдолд багаасаа хөдөлгөөнтэй байсан хүүхэд байдаг. Мөн бүх зүйлд манлайлж үүрэг оролцоотой байхыг хүсдэг атаман гэж хэлэгдэх хүүхдүүд ч байдаг. Аматан хүүхдийн хувьд удирдан зохион байгуулдаг, манлайлагч хүүхэд  болгон чиглүүлэх ч боломжтой. Тухайн хүүхдийн сонирхолд түшиглэн ямар нэг ажлыг даалгаж хийлгэн үүрэг даалгавар өгөх ажиллах нь бас үр дүнтэй.

Зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхэд хэт мөнгөтэй болоод, өөрийн биш зүйлийг хэрэглэдэг болох,  оройтож ирдэг болоод байгааг анзаараагүй байдаг. Хүүхдийг анзаарч харвал бүх зүйл нь илт мэдэгддэг. Сонирхол, дуртай өнгө, зурж байгаа зураг, сонсож байгаа дуу зэргийг нь зайлшгүй анзаархч анхаарч байх хэрэгтэй байдаг. Гэмт хэрэгтэн болсон хүүхдийг ажиглаад тухайн хүүхэд ангийнхантай муудалдцдаг, сургууль орчимд танхайрдаг, эсвэл үе тэнгийнхний дарамтанд орсон, өртэй болсон гэх мэт асуудлууд үүссэн байдаг. Эдгээр асуудлыг хүүхэд өөрөө шийдэж чадахгүй болсон үедээ хүүхэд асуудлаа томчуудад хэлж чадахгүй тусламж авч чадахгүй явсаар асуудал нь томордог. Энэ үед эцэг эхчүүд ярилцах боломж олгохгүйгээр хаалт тавиад буюу юундаа уурладаг юм, бид чамайг юугаар дутаасан юм, чиний төлөө л ажиллаж байна гэх мэтээр зандардаг. Тэгээд битгий уурлаад бай, зүгээр хичээлдээ яв, зүгээр л томоотой бай гэдэг шаардлагыг тавихаар хүүхэд бүхэн өөр өөрийн онцлогоор хүлээж аван уур уцаараа бусад хүүхдүүдэд гаргаж эхэлдэг. Гол нь суурь шалтгааныг нь эцэх эх сонсох ойлгохыг хүсээгүйгээс л үүдэлтэй болдог.

Таны хүүхэд гэмт хэрэгт холбогджээ гээд цагдаагийн байгууллагаас залгаж хэлэхээр яагаад тэгсийн бол, би юугаар ч дутаагаагүй, манай хүүхэд хүн зохиж зодож байгаагүй ш д гээд гайхаад байдаг. Гэтэл хүүхэд сургуулийн орчинд шал өөр буюу аав ээжийн ярьж байгаагаас өөр хүүхэд болсон байдаг. Дээр хэлсэн хүүхэд өөрт тулгарсан асуудлыг найз нөхөддөө хэлсэн байдаг. Эцэх эхдээ хэлэхийг оролдсон боловч тэд сонсохыг ярилцахыг хүсээгүй байдаг.

Тэгэхээр эцэг эхчүүдийн анхаарал халамж нь хаана байгаам бол, эд хөрөнгөөр дутаахгүй байна гэдэг нь таны 100 хувь анхаарал халамж гэж ойлгох нь буруу.

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа 


keyboard_arrow_up