1
2
Л.Баясгалан: Цахим орчноос хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах нь эрсдэл ихтэйг анхаарах хэрэгтэй
Зочин:
Л.Баясгалан
Байгууллага:
НМХГ
Албан тушаал:
Ажиллах арга барил:


2019 оны 12 сарын 13

ARSLANPODCAST-ын ээлжит дугаар хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай зочноор "НМХГ-ын хүнсний аюулгүй байдал, ХАА хяналтын хэлтсийн хүнсний чанар стандартын улсын байцаагч, мэргэжилтэн Л.Баясгалан хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв ,"Хүнсний үйлдвэрлэл". Хэрвээ та шинээр хүнсний үйлдвэрлэл эрхлэхийг зорьж байгаа бол бидний ярилцлагыг заавал сонсоорой.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТУХАЙ

 

 

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар хичнээн үйлдвэрлэл ажиллаж байгаа юм бол ?

-Нийслэлийн хэмжээнд 631 хүнсний үйлвэрлэл бүртгэлтэй байдаг. Эндээс тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа нь 360, бусад нь үйл ажиллагаа нь тогтворгүй явдаг үйлдвэрүүд байгаа.

-Эдгээр үйлдвэрийн дийлэнхи нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ?

-Ихэнх үйлдвэрлэл нь мах, махан бүтээгдэхүүн болон гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг. Мөн ус ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, зайрмаг, давс зэрэг савласан бүтээгдэхүүний үйлдвэрүүд эзэлдэг.

-Импортоор түүхий эд оруулж ирээд монголдоо савлаж байгаа үйл явц хүнсний үйлдвэрлэлдээ ордог уу ?

-Жижиглэн савалгаа эрхэлж байгаа үйлдвэрүүд үйлдвэртээ ордог. Яагаад гэвэл хаяг шошго наагаад, боловсруулалт хийхгүй ч гэсэн түгээлт хийдэг гэдэг утгаараа үйлдвэрлэл гэж үзэж байна. Үүнд нь давс, цай, амтлагч зэрэг бүтээгдэхүүнүүд орно. Ургамлын гаралтай жижиг 48 үйлдвэр байдаг.

-Бидний яриаг сонсож байгаа хэн нэгэн өнөөдөр хүнсний үйлдвэрлэл эрхлэх ойрын зорилго тавьчихсан сууж байгаа бол та хамгийн түрүүнд ямар зөвлөгөө өгөх вэ ?

-Шинээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол та Хүнсний тухай хууль болон, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай хуулин дээрээс хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч ямар шаардлагуудыг хэрэгжүүлэх ёстой гэдгийг үзэх нь зүйтэй. Энд тухайн үйлдвэрлэрлэл эрхлэгч хүнсний үйлдвэрийн чиглэлээр мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу батлагдаж, баригдсан байранд үйл ажиллагаа явуулах хэмээн заасан байдаг. Мөн тухайн үйлдвэрлэлийн байр маань стандартын дагуу баригдсан барилга байгууламжтай, агуулах, түгээлт хийх тээврийн хэрэгсэлтэй байх ёстой гэж заасан байдаг бөгөөд хүнсний хуулинд мэргэшсэн болон мэргэжлийн хүний нөөцтэй байх ёстой гэж заасан байдаг. Мөн тухайн үйлдвэрлэл эрүүл ахуйн зохицуулалттай, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн байх ёстой гэх мэт энэ бүхнийг та юун түрүүнд хэрэгжүүлж байж үйл ажиллагаа эхлэх нь зүйтэй.

-Энэ бүх шаардлагыг хэрэгжүүлчихээд мэргэжлийн байгууллагад хандах ёстой юу? Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө ер нь хэдийд хаанаас авах вэ?

-Холбогдох дүрэм, журам, стандартаа үзэж судлаад үйл ажиллагаа явуулъя гэсэн шийд гаргасан тохиолдолд мах, махан бүтээгдэхүүн ,сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний үйлдвэрлэл зэрэгт та мэргэжлийн хяналтын газарт шалгуулах хүсэлтээ явуулж дүгнэлт гаргуулах ёстой. Бусад чиглэлд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа бол тухайн харьяа дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байгууллагад хандаад цахимаар болон цаасаар бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болно.

-Түргэн хоолны газрууд хүнсний үйлдвэрлэлдээ ордог юм болов уу ?

-Түргэн хоол гэдэг нь хэрэглэгч өөрөө халуунаар нь 24 цагийн дотор хэрэглэх ёстой байдаг болохоор тээвэрлээд, түгээдэг биш хоол үйлдвэрлэх үйлчилгээндээ орно. Хүнсний үйлдвэрлэл гэдэг нь тодорхой байранд үйлдвэрлэсэн хаяг, шошготой борлуулалтанд гардаг зүйл. Тэгэхээр түргэн хоолнууд нь буфетээр зарагддаг хүнсний бүтээгдэхүүндээ ордог.


ХОЁР. ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ, БОРЛУУЛАЛТ

-Хүмүүс өөрсдийнхөө хүсэл сонирхол, сайн хийдэг зүйл дээрээ тулгуурлан үйлдвэрлэл эрхлэх нь их байдаг. Нэн ялангуа цахим орчинд гэрээрээ захиалга аваад хийдэг хүмүүсд тусгай хуулийн зохицуулалт байдаг уу ? Эдгээр хүмүүс хаана хандах ёстой вэ ?

-Ер нь бол хүнсний чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх гэж зорьж байгаа бол хүнсний аюулгүй байдлын  чанарын шаардлагыг хэрэгжүүлж үйлдвэрлэл явуулах ёстой. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэл эрхлэх нь зөрчил байдаг. Эдгээр хүмүүс хэрэглэгчдэд хоолоо халуунаар нь хүргэх ёстой учир тусгай газарт борлуулалтаа хийж үйлдвэрлэл эрхлэх хэрэгтэй. Тусгай шаардлагад нийцэхгүй бол хүнсний үйлдвэрлэл гэж үзэхэд учир дутагдалтай. Мөн бялуу бялуун бүтээгдэхүүнийг гэрээр хийхийг зөрчилд авч үздэг. Энэ нь хүнсний аюулгүй байдалтай шууд хамаатай учир эргээд хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлөхөд хэн хариуцлага хүлээх гээд асуудлууд үүсдэг учир зөрчилд тооцон хариуцлага нь ч өндөр байдаг шүү.

-Тэгэхээр хэрэглэгч гэрээр хийсэн бүтээгдэхүүнээс хордсон тохиолдолд мэргэжлийн байгууллагад гомдол гаргах үйлчилгээ авах боломжгүй гэж ойлгож болох уу ?

-Хэрэглэгч өөрөө сонгох эрхтэй. Мөн тухайн бүтээгдэхүүнийг хаяг шошгон дээрээс харах хэрэгтэй. Хэрвээ цахим орчноос бүтээгдээхүүн сонгож байвал та өөртөө эрсдэлтэй бүтээгдэхүүн сонгож байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай  заалтанд тухайн хэрэглэгч өөрөө хүнсний бүтээгдэхүүнээ сонгох бүрэн эрхтэй байдаг учир гарах үр дагаврыг ч бас өөрөө тооцон хариуцна. Аль нэгэн мэргэжлийн хяналтын газар хариуцна гэсэн ойлголт байдаггүй. Мөн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж өөрсдөө хариуцлага бүрэн хүлээх ёстой гэж заасан байдаг.

-Хүнсний бүтээгдэхүүнд зайлшгүй яригдах нэг зүйл бол шошго, сав баглаа боодол. Жижиг дунд үйлдвэрүүд сав баглаа, боодол дээр ямар алдааг түлхүү гаргадаг вэ ?

-Хүнсний бүтээгдэхүүний шошгонд тавигдах MNS6648 2016 оны стандарт байдаг. Энэ стандарт дээр тухайн бүтээгдэхүүний шошгон дээр ямар мэдээллүүд байх ёстойг нэг бүрчлэн зааж өгсөн. Ямар мэдээллүүд туссан байхыг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4 т заасан. Энд тухайн бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн хаяг байршил, тухайн бүтээгдэхүүний орц найрлага, илчлэг, үйлдвэрлэсэн хугацаа, нөөшлөгч бодистой эсэх, гаж нөлөө хориглох заалт, хэрэглэх заавар зэрэг орно. Мөн  жин хэмжээ гэхэд л цэвэр жин, бохир жинг яаж бичиж тэмдэглэх зэрэг дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг. Жишээ нь л гэхэд цэвэр жин нь тухайн бүтээгдэхүүний савалгаа ороогүй, бүтээгдэхүүний өөрийнх нь жин байх жишээтэй. Тэжээллэг чанар гэхэд зуун грамм бүтээгдэүүний илчлэг хэдэн грамм байх. Мөн нүүр ус, өөх тосны хэмжээ, давсны хэмжээ ямар байхыг нэг бүрчлэн заасан шаардлагууд байдаг. Мөн MNS6648 стандартад тосон дээр ханасан болон ханаагүй тосны хэмжээг мэдээллэх ёстой гээд зааж өгсөн. Тэгэхээр үйлдвэр эрхлэгч өөрөө бүтээгдэхүүнээ лаборатороор шинжлүүлж, ямар орц найрлагатай, ямар тэжээллэг чанар байгаа гэдгийг тодорхойлуулаад шошгон дээрээ мэдээллэх үүрэгтэй.

-Сүүлийн үед цахим орчинд хүнсний бүтээгдэхүүний худалдаа их болж ,хэрэглэгчид хэрэглэснээр гарах сөрөг үр дагавруудыг та бидэнд нэг сануулаач ?

-Энэ нь зөрчлийн тухай хуулиар илүү арга хэмжээ авна. Ер нь түргэн хоолыг гэртээ хийж байна гэдэг эрсдэлтэй.  Үйлдвэрлэгч хүн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж ямар нэгэн халдварт өвчингүй байх ёстой. Хэрвээ ямар нэгэн халдварт өвчинтэй бол үйлдвэрлэл явуулахыг хориглодог. Иймд гэрийн нөхцөлд үйлдвэрлэл явуулах нь нэн буруу зүйл юм. Мөн хэрэглэж байгаа түүхий эд материал лаборатороор шинжлэгдсэн байхаас гадна орчин нөхцөл хадгалалтын хугацаа нь ямар байна гэдгийг мэдэх боломжгүй учир гэрийн нөхцөлд үйлдвэрлэл явуулахыг хориглож, хэрэглэгчид цахимаас сонгохгүй байх нь зүйтэй.

-Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн таньд баярлалаа. Бид дараагийн дугаараараа тусгайлсан хүнсний бүтээгдэхүүний мэдээллийг таньд хүргэх болно. Баярлалаа.


keyboard_arrow_up