1
2
ARSLAN PODCAST: Гудамжинд яваа хүнд гар хүрчихээд шалгуулдаг байж гэр бүлийн хүнээ зодчихоод хэнэггүй зогсох нэгэн байна
Зочин:
Э.Баярбаясгалан
Байгууллага:
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтэс
Албан тушаал:
Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч
Ажиллах арга барил:


2019 оны 12 сарын 04

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ ШИНЭЧЛЭГДСЭНЭЭР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮРЭГ ТОДОРХОЙ БОЛСОН 


 

ШУУД СОНСОХ: 

ARSLAN.MN сайт нь уншигч та бүхэнд илүү их мэдээллийг, илүү хялбар аргаар хүргэх зорилгоор ARSLAN PODCAST буланг нээгээд байна. Бидний анхны зочноор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан уригдсан бөгөөд нийгэмд хамгийн их сэтгэл эмзэглүүлдэг асуудлын нэг болох "Гэр бүлийн хүчирхийлэл"-ийн талаар ярилцсан юм. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль сүүлд шинэчлэгдсэн. Тэгвэл энэ хуулийн талаар ярилцлагаа эхлүүлье.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэж байсан ч тэр хуулийн хэрэгжилт сул байсан. Хэрэгжилтийн явц нь удаан хойрго, хуулийн байгууллагууд ямар үүрэгтэй оролцох нь ойлгомжгүй хууль байсан. Тэгээд энэ хуулийг шинэчилсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яагаад шинэчлэх шаардлагатай болсон бэ, яагаад гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг, зөрчил гэж үзэх болсон бэ гэдэг хууль батлагдах шаардлага, шалтгаан хамгийн түрүүнд яригдах байх. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр дотор, хаалттай хаалганы цаана, хайртай хүмүүсийн дунд үйлдэгдэж байдаг. Хамгийн гол нь хохирогч өөрийн нэр төр болон гэр бүлийнхээ  нэр төрөө хэзээ ч сэвтүүлэхийг хүсдэггүй учраас хуулийн байгууллагад ханддаггүй. Монгол улсад жилдээ 30 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгддэг. Үүний 10 мянга гаруй нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу бие биенээ зодох, гэмтээх хэргүүд байдаг. Ийм гэмт хэргүүдийн 40 орчим хувь нь гэр бүлийн дотор үйлдэгдсэн гэсэн судалгаа байна. Тэгэхээр гэр бүл дотор байгаа энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох боломжтой. Гэр бүл дотор үйлдэгдэж байгаа энэ үйлдлийг гэмт хэрэг, зөрчил мөн гэж харах ёстой юм байна гэдэг утгаараа энэ хууль батлагдсан. Хуулинд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эрх мэдэл давамгай байдал тогтоохыг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ гэж заасан. Гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст эхнэр, нөхөр, төрөл садан, хамаатан саднууд, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, тухайн айлд ямар нэгэн шалтгаанаар амьдарч байгаа тэр хүмүүс ордог. Тэгэхээр энэ бол маш өргөн хүрээг хамарсан асуудал гэсэн үг. Бие мах бодийн хүчирхийлэл гэж бие эрхтэнд нь гэмтэл учруулах, сэтгэл санааны хүчирхийлэл нь хамт олных нь өмнө гутаан доромжлох, мөрдөн мөшгих, тагнаж, чагнах, заналхийлэх, айдас сүрдүүлэх хэлбэрээр илэрдэг. Бэлгийн хүчирхийлэл нь бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орох, орохыг шаардах үйлдэл, эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь хувиарт болон дундын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд хязгаарлалт хийх, өөрийнхөө эд хөрөнгийг захирах эрхийг нь хязгаарлах, амьдралын наад захын хэрэгцээгээр нь хангахгүй байх зэрэг үйлдлийг хэлнэ. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь маш олон хүнийг хамарсан маш олон үйлдлийг багтаасан үйл явдал юм. 

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсанаас хойш зөрчлийн тухай хуулинд зөрчил гэж үзэж хариуцлага тооцох, эрүүгийн хуулинд гэмт хэрэг гэж тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа. 

Зарим иргэд өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгаа гэдгээ мэддэггүй тохиолдлууд байдаг уу.

Гэр бүлийн хүчирхийлэл өөрөө асар их хор уршигтай байдаг. Байнга хаалттай хаалганы цаана, гэр бүлдээ тайван, амгалан байх тэр орчинд үйлдэгддэг учраас хэн ч эхнэрээ, нөхрөө, хүүхдээ, эцэг эхээ хуулийн байгууллагад хандаж, хариуцлага тооцуулахыг хүсдэггүй. Зарим хүмүүсийн хувьд хүчирхийлэлд өртөж байгаагаа ч мэдэхгүй байх тохиолдол байдаг. Эхнэр, нөхрийн харилцаа ийм л байдаг гэсэн буруу ойлголтоос болоод буруу хэвшил, хандлага тогтож байна. Бид гэр бүлийн хүчирхийллийг маргаанаас нь ялгах шаардлагатай. Маргаан, хүчирхийлэл хоёр тэс өөр ойлголт. Маргаан бол ямар ч гэр бүлд байдаг. Маргалдаж байгаа хүмүүс нэг асуудлыг шийдэхийн тулд эрх тэгшээр маргалдсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол хэн нэгэн нь илүү их айдаст автуулах, хэн нэгэн нь илүү давамгай эрхтэйгээр оролцож байдаг. Энэ бол эрх мэдлийн тэнцвэртэй биш харилцаа.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа зарим хүмүүс мэдэгдэхийг хүсэхгүй байх тохиолдол байна. Хань минь учраас хуулийн байгууллагад хандаад яахав, санхүүгийн хувьд дарамтанд орох, хамаатан саднуудын дарамтанд орох, эсвэл хуулийн хариуцлага хүлээлгэсний дараа дахиад надад гар хүрвэл яана гэсэн айдсаасаа болоод хууль хяналтын байгууллагад хандах нь бага.

Гэтэл энэ айдастай амьдрал урт удаан хугацаанд үргэлжилсээр байгаад хүчирхийлэлтэй харьцаа, хайрлуулаад байгаа гэдгээ ялгахаа больчихдог. Харин ч намайг гурав биш хоёр цохилоо, юмаар цохисонгүй гараараа цохилоо гэж бодож эхэлдэг. Өөрөөр хэлбэл хохирогч өөрөө энэ байдлаа хүлээн зөвшөөрч эхэлдэг гэсэн үг юм. Энэ нь өөрөө асар их хор уршгийг дагуулж байдаг. Магадгүй хүчирхийлэл даамжирвал эрүүл мэнд, амь насаараа хохирох, хүүхдүүд нь хамгийн буруу хүмүүжлийг авах үр дагавартай.

-Хүчирхийлэлтэй гэр бүлд өсч байгаа хүүхэд хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг гэсэн судалгаа байдаг.

-Хүчирхийлэлтэй гэр бүлийн орчинд байгаа хүүхэд хамгийн том хохирогч. Хүүхэд гэр бүлдээ тайван амгалан, дураараа байх ёстой орчинд хүчирхийлэл үйлдэгдээд ирэхээр хэний зөв, хэний буруу вэ гэдгийг огт ялгадаггүй. Энэ байдлыг хараад үлгэр дуурайлал авч байдаг. Том болоод багадаа гаргаж байсан гэр бүлийн суурь хүмүүжлээ нийгэмд гаргах магадлал өндөртэй. Эмэгтэй хүүхэд бол амьдрал ийм  байдаг, үүнийг би тэвчих ёстой гэсэн үзлээр хандаж, ирээдүйдээ итгэх итгэлгүй бие хүн болно гэсэн үг юм.

Олон улсын байгууллагаас гаргасан судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өссөн хүүхдийн 72-80 хувь нь хүчирхийлэл үйлдэгч болдог тоон үзүүлэлт байна.

Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг мөн харахад хүчирхийлэл үйлдэхэд хамгийн том нөлөөлж байгаа хүчин зүйл нь гэр бүлийн суурь хүмүүжил байдаг. Ажил мэргэжилтэй, хувийн бизнес эрхэлж байгаа, боловсролтой иргэн ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Үүний цаад учрыг судлахаар багадаа хүчирхийлэлтэй орчинд өссөн, гэр бүлийн харилцаа таагүй байсан гэх мэт шалтгаанууд гарч ирдэг.

 


ХОЁР. ГЭР БҮЛИЙН МАРГААНИЙГ ЦАГ ТУХАЙД НЬ ШИЙДВЭРЛЭВЭЛ ЭНЭ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРНА 

-Гэр бүлийн хүчирхийлэл ямар шалтгааны улмаас үүсээд байна вэ? Бид энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн бууруулах ёстой вэ?

-Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэл залуу хосуудын дунд буюу 25-39 насны хүмүүсийн дунд их үйлдэгддэг. Хохирогчийн 90 хувь нь эмэгтэйчүүд, таван хувь нь хүүхэд, таван хувь нь эрэгтэйчүүд байдаг. Судалгаанаас харахад анх үерхэж эхэлж байхдаа л хүсээгүй үйлдлийг нь хийдэг, тулган шаарддаг түүнийг нь хайртай учраас л тэгсэн байх гэж хүлээж авдаг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байдаг. Гэр бүл дотор маргаан бол байдаг л асуудал. Харин энэ маргааныг шийдвэрлэхгүй, ямар нэгэн гарц гаргалгаа хайхгүй байх тусам даамжирч хүчирхийлэл болох магадлалтай. Тэгэхээр гэр бүлд нь маргаан байгаа л бол түүнийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хамгийн аз жаргалтай гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлэх вэ гэхээр хоорондоо ярилцдаг гэр бүлийг хэлнэ гэсэн томъёо байдаг. Ярилцдаг гэр бүлийн дунд маргаан бага гардаг. Энэ нь зөрчилдөөнөөнөөс гэр бүлээ хамгаалж байгаа хэлбэр юм. Мөн бие биенээ ойлгож, хүндэтгэх явдал мөн хамгийн чухал. Эмэгтэй хүн гэдэг онцлог, эрэгтэй хүн гэдэг онцлог, гэр бүл гэдэг онцлогийг эхнэр, нөхрүүд маш сайн анзаарч байх хэрэгтэй. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхдээ ямар арга хэрэглэж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэл даамжрах уу, зогсох уу гэдэг нь шийдэгддэг.

-Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд байгаа хүн үүнийг хэрхэн өөрчилж болох вэ? Хуулийн болон төр захиргааны ямар байгууллагуудад хандаж тусламж, туслалцаа авах боломжтой вэ?

-Үүнийг ярихаасаа өмнө хүчирхийлэл үйлдвэл ямар хариуцлага үүрдэг вэ гэдгийг ярих хэрэгтэй байх. Зөрчлийн тухай хуулинд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэдэг зөрчил байдаг. Гэр бүлийн хамаарал бүхий хүнээ зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийхийг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарит болон дундын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэнд нь хязгаарлалт үүсгэсэн бол шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг. Нэгэнт ийм арга хэмжээ авагдсан бол баривчлагдах төвд байх хугацаандаа албадан сургалтанд хамрагдаж байдаг. Яагаад энд ирэх болов, яаж энэ үйлдлээ засах ёстой вэ гэдгийг албадан сургана гэсэн юм үг. Дээрх үйлдлийг байнга үйлдээд байвал үүнийг гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулинд 11,7 буюу гэр бүлийн хүчирхийлэл гэдэг гэмт хэргээр зүйлчилдэг. Энэ нь гэмтлийн зэрэг, гэмтэл учирсан байхыг шаарддаггүй. Иргэн хүн хуулинд мэдээллэх үүргийг хүлээдэг. Яагаад гэвэл дээр дурдсан хүчирхийлэлд өртсөн этгээд хэзээ ч хуулийн байгууллагад өөрөө ханддаггүй. Тэвчээд, итгээд хүлээгээд байдаг. Энэ даамжирвал хохирогч амь насаа алдах, нэг бол хүчирхийлэл үйлдэгчийн амь насыг егүүтгэдэг, гэмтэл учруулдаг асуудал байгаад байна. Тэгэхээр иргэн таны ойр хавьд, найз нөхдөд, хамаатан садан, хөршид тань хүчирхийлэл үйлдэгдэж байгаа бол мэдээллэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол иргэнийг 200,000 төгрөгөөр торгох хуультай. Мэдээлж байгаа үүрэг нь хүний амь насыг аварч байгаа үйлдэл юм. Тиймээс та бүхэн торгуулийн арга хэмжээнээс төвөгшөөлгүй мэдээлж байх хэрэгтэй. Энэ нь эргээд урьдчилан сэргийлэх хамгийн том арга.  Иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл урьд нь хэд хэдэн удаа болж байсан, энэ дахиад цаашдаа болно, амь насаа алдах, түүнээс ч илүү хор уршиг тарьж, хүүхдүүдийнхээ ирээдүйд муугаар нөлөөлж байгаа гэдгийг бодож хуулийн байгууллагад хандаж, эрхээ хамгаалуулах хэрэгтэй. Хэн ч, хэзээ ч, хаана ч хүчирхийлэлд өртөх ёсгүй гэдгийг бодох ёстой. Бидний биенд хэн ч халдаж, хэн ч зовоох ёсгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Хүчирхийлэл үйлдэж байгаа л бол энэ нь гэмт хэрэг.

Зарим тохиолдолд би гэр бүлийнхээ хүнтэй хэрэлдсэн, гар хүрсэн, зодсон гэж ярьдаг. Гэтэл гэр бүлийн хүн гэдэг бол Монгол улсад хуулиар хамгаалагдсан бие хүн, тэр хүн халдашгүй дархан байх ёстой. Гэтэл гэр бүлдээ үйлдсэн хэрэг нь гэмт хэрэг биш болоод гудамжинд гараад агсан согтуу тавих, зодолдох нь гэмт хэрэг гэсэн зүйл огт байхгүй. Өнөөдөр гудамжинд хоёр хүн зодолдоход аль аль нь хуулийн байгууллагад шалгагддаг. Тиймээс сайн дураараа энэ зүйлээс татгалзах, гэмээ ухаарах хэрэгтэй. Ингэж чадвал гэр бүлийн хүчирхийлэл буурах магадлалтай.

Зарим тохиолдолд хохирогч нар би гэр бүлийн хүнээ цагдаагийн байгууллагад шууд баривчлагдаад явчихаасай гэж бодохгүй байна, энэ байдал дөнгөж эхэлж байгаа учир засаад авмаар байна, гэр бүлээ бүрэн бүтэн үлдээмээр байна гэж ирдэг. Энэ бол хамгийн зөв шийдвэр.

Ингэж байгаа тохиолдолд хорооны Хамтарсан багаас зөвлөгөө, мэдээлэл авах хэрэгтэй. Хамтарсан баг гэдэг бол тухайн амьдарч байгаа хорооны Засаг даргаар ахлуулсан мэргэжлийн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг. Энэ багт хорооны Засаг дарга, халамжийн ажилтан, нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гэх мэт мэргэжлийн хамт олон тэр гэр бүлд тохирсон урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Иргэнд хамгийн ойр байгаа төрийн мэргэшсэн байгууллага тэр гэсэн үг. Мөн маш олон төрийн бус байгууллагууд байдаг. Эдгээр байгууллагаруу ч гэсэн хандах боломжтой. Манай цагдаагийн байгууллагын хувьд 107 гэдэг тусгай дугаарын утсыг ажиллуулдаг. Тухайн утсанд хандаж мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө, мэдээлэл авах, түр хамгаалах байранд байж болно. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харъяа хүүхдийн 108 дугаар ажилладаг. Хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн бүх асуудалд дээрх утсанд хандаж болно.  Хүчирхийллээс гарах маш олон арга зам байдаг шүү гэдгийг хэлмээр байна.

-Баярлалаа


keyboard_arrow_up