1
2
3
Ё.Лхамаа: “ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ“ зорчдог жолооч нар “ОЮУТОЛГОЙ” компанид ажилладаг
Зочин:
Ё.Лхамаа
Байгууллага:
“Оюутолгой” компани
Албан тушаал:
Хамтын ажиллагаа, мэдээлэл, харилцааны газрын гадаад харилцааны мэргэжилтэн
Ажиллах арга барил:


2019 оны 10 сарын 24

Сүүлийн үед зам тээврийн ослоор жилд 500-600 эрдэнэт хүний амь нас эрсдэх болсон. Тэгвэл ЦЕГ-аас уг тоог бууруулах зорилгоор үе шаттай ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд “Оюутолгой” компани сүүлийн төслүүд дээр хамтран ажиллаж байгаа юм. Ингээд энэ ажилтай холбогдуулан “Оюутолгой” компаний Хамтын ажиллагаа, мэдээлэл, харилцааны газрын гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаатай ярилцлаа.

Гэрэл зургийг:
MPA.MN
Ярилцсан сэтгүүлч:
Б.ПҮРЭВ-ОД

НЭГ. “ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ“ зорчдог жолооч нар “ОЮУТОЛГОЙ” компанид ажилладаг

Нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг тогтмол, тогтвортойгоор дэмжиж явдаг танай хамт олонд талархал илэрхийлье.  Тэр тусмаа сүүлийн үед ЦЕГ-аас зохион байгуулж байгаа олон аяныг дэмжиж ажиллаж байгаа нь харагддаг. Яагаад зам тээврийн асуудалтай холбоотой аян дээр дэмжиж ажиллах болсон юм бэ?

Баярлалаа. Та бүхэнд бас энэ аяныг дэмжиж хэвлэл мэдээллээр хэрэгтэй мэдээлэл түгээж ажиллаж байгаад баяртай байгаагаа хэлмээр байна. “Оюутолгой” компани олон хүнд улбар шар өнгө,  аюулгүй ажиллагаагаар төсөөлөгддөг. Бид үнэхээр аюулгүй ажиллагаа, хүний амь насыг нэгдүгээрт тавьж ажилладаг. Монгол Улс зам тээврийн ослоор жилд 500-600 иргэнээ алдсаар байна. Энэ тоог багасгахад ганцхан цагдаагийн байгууллага зүтгээд хүч хүрэхгүй шүү дээ. Оюу толгой ч дангаараа  хүчрэхгүй нь тодорхой. Тиймээс бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  2018 онд зам тээврийн аюулгүй байдлыг хамгаалах төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд ойр орчимд нь зам тээврийн осол их гардаг 10 ерөнхий боловсролын сургууль сонгож, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт явуулж эхэлсэн юм. Эцэг эхчүүд багш, сурагч гээд 30 мянга гаруй хүмүүст уг сургалтыг явуулсан. Сургалтаар дамжуулж, хүүхэд багачуудыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх нь нэг арга зам байсан, үр дүнгээ ч тодорхой хэмжээнд өгсөн ажил байсан. Гэхдээ энэ нь олон нийтийг хамарч, нөлөөлөл түгээх талаасаа нэг хэсэг л газрыг хамарсан ажил байсан.

Зам тээврийн осол хаа сайгүй гардаг, хөгшин залуу гэлтгүй хэн ч өртдөг, бас үйлддэг болохоор төслийн цар хүрээгээ тэлж, орон даяар явуулах ёстойгоо ойлгосон. Ингээд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай очиж уулзаж, хамтран ажиллах санал тавьж, төлөвлөгөөгөө гаргасан.

Манай компанийн хамт олон, удирдлагууд маш их дэмжсэн.  Энэ төсөл дээр урт хугацаанд хамтран ажиллаж байж, үр дүнгээ өгнө гэж үзсэн учраас ЦЕГ-тай Харилцан ойлголцлын санамж  бичиг байгуулаад, ажилдаа ханцуй шамлан орсон. Чадварлаг хамт олонтой хамтран ажиллахад цаанаасаа л өөр байдаг. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олон нөлөөллийн аянуудыг хэрэгжүүлэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ үнэхээрийн сайн ажилласан одоо ч ажилласаар байна. Тэднээсээ их ч зүйл сурч байна. Гар нийлнэ гэж байдаг даа, яг л тэр. Нэг ч гэсэн хүний амь нас аврахын төлөө өдөр шөнөгүй ажилладгийг нь нүдээрээ харж байна. Баргийн байгууллага ийм цар хүрээтэй ажлыг, энэ түвшинд хүртэл хийхгүй юм. Урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олонд талархаж явдгаа хэлэх нь зүйтэй. Бидний гол зорилго Монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, нийгэмд сайн сайхан зүйлээр үлгэрлэх юм. Бид ч энэ хүрээнд ажлаа хийж, хэрэгжүүлж байгаа гэж ойлгож болно.

Оюу толгой компани ер нь жилийнхээ төсөв орлогынхоо хичнээн хувийг нь нийгэмрүү чиглэсэн үйл ажиллагаанд зориулдаг вэ?

Оюутолгой компаний хувьд нийгэмрүү чиглэсэн ажил Өмнөговь аймаг болон Улаанбаатар, бусад аймгууд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Өмнөговь аймагт Хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр таван сая ам.долларын санхүүжилт олгож, тухайн төсөвлөсөн мөнгөөр нийгмийн асуудлууд, дэд бүтцийг хөгжүүлэх гээд бүс нутагт хэрэгцээтэй зүйлд нь зарцуулдаг. Үүнийг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан хариуцдаг.

Улаанбаатар хот болон бусад орон нутагт нэлээдгүй төсөл хөтөлбөр хэрэгжсэний дотор Яараад яахав дээ, Дураараа биш ээ дүрмээрээ аянууд маань ч мөн багтаад явж байгаа.

ХОЁР. Зам дээр байгаа ихэнх асуудал бидний хандлага, соёлд л байна

Нийгэмрүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг юм байна. Тэгвэл дотоод ажилчидруугаа чиглэсэн ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

Оюу толгой компани нь Монголын хамгийн их хүн ажилладаг томоохон компани. Энд үндсэн ажилчид, туслан гүйцэтгэх компаний ажилчид гээд  арав гаруй мянган хүн ажиллаж байна. Энэ олон хүнийг мэдээллээр хангаж ажиллах нь чухал. Бид дотоод сувгуудаа ашиглан аливаа мэдээллийг түгээдэг. Уурхай дээр телевизийн нэг суваг, хамгийн олон уншигчтай уурхайн сонин, хоёр долоо хоногт нэг удаа гардаг видео, мэдээлэл дамжуулах самбарууд зэрэг олон суваг байдаг.  Эдгээр сувгуудаар дамжуулан аянуудын маань мэдээлэл олон хүнд хүрч байна. Нийгэмд байгаа чухал асуудал руу орсон болохоор ажилтнууд маань аянд нэгдэж, сайн дураараа видео хийх зэрэг олон байдлаар дэмжиж оролцсон, одоо ч оролцсоор байгаа.

Өнгөрсөн зун ЦЕГ, Оюу толгой компани, Мобиком корпораци, хамтран хоёр жилийн Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд ЦЕГ-аас зохион байгуулж байгаа аянуудыг дэмжин ажиллаж байгаа гэж ойлгож болох уу.

Тийм ээ. Эхний аян маань цаг хугацааны хувьд зун цаг таарсан, ер нь бол тааруулсан гэж ойлгож болно.  Зун бид бүгдээрээ амралт зугаалгаар хөдөө явдаг. Зуны улиралд орон нутгийн зам дээр зам тээврийн осол гардаг юм билээ. Бид орон нутгийн замд гарч байгаа ослыг бууруулахад гол анхаарлаа хандуулан “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч орон нутгийн замд гардаг байсан осол тодорхой хувиар буурсан. Яараад яахав дээ гэхээр хурдаа хасч болдог юм байна, сануулаад, ухуулаад хэлэхээр хүлээж авдаг юм байна гэдгийг аяны маань үр дүн харуулсан. Зөв байдлаар сануулаад хэлэхээр ойлгодог л юм билээ. Харин Улаанбаатар хотод Яараад яахав дээ аяныг үргэлжлүүлэхэд учир дутагдалтай байсан. Бүгдээрээ түгжрээд, яараад ч явахгүй байхад нь Яараад яахав дээ гээд байвал хүний дургүй хүрнэ шүү дээ.  Тийм болохоор бид дараагийн аянаа Улаанбаатар болон төв суурин газарт чиглэж эхлүүлсэн юм. Энэ бол хандлагаа өөрчлөх, соёл түгээх, түгжрэлийг бууруулах, хамгийн гол нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аян юм.

Зам дээр байгаа ихэнх асуудал бидний хандлага, соёлд л байна. Замыг муулаад суух биш, дор бүрнээ дүрмээрээ явчихад их олон асуудлаас зэрэг салах боломжтой санагддаг.

  Нийгмийн хариуцлагаа ухамсарласан ийм том компанид дэмжлэг хүссэн өргөдөл, саналууд их ирдэг байх даа.

Бид хоёрыг дөнгөж сая уулзаад сууж байхад л дөрвөн хүсэлт ирсэн байна. Өнгөрсөн жил албан бичгээр гэхэд л 100 гаруй хүсэлт хүлээж авч байсан. Бизнесийн нэг байгууллага хүсэлт бүрийг биелүүлэх боломжгүй юм. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд ямар чиглэл, стратеги барьж ажиллах вэ гэдгээ тодорхойлчихсон. Үүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын төсөл маань багтаж байгаа. Цаашид ч хэрэгжүүлнэ. Саяхан манай компани болон Мобиком корпорацийн санхүүжилтээр  Дорноговь-Говьсүмбэр аймгийг холбосон анхны дундаж хурд хэмжих, зөрчил илрүүлэх, дугаар бүртгэх хүчин чадал бүхий хяналтын камерийн системийг хүлээлгэж өглөө. Аян бол ойлголт, мэдээлэл өгөхөд чухал түлхэц болдог ч чимээгүй болчихвол хэсэг хугацааны дараа хүмүүс мартчихдаг. Харин хяналтын систем болж байж л байна. Үндсэндээ анхны замын хяналтын цогц системийг 145 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  бий болгосон. Бидний хувьд бүх аймгийн авто замыг ингэж тохижуулах боломжгүй учраас аж ахуй нэгж байгууллагуудад энэ ажлыг үргэлжлүүлж, нийгэмрүү чиглэсэн сайн сайхан ажилд оролцоосой гэж хүсч байна.

Оюу толгойн уурхайд хөдөлгөөн зохицуулагч ажилдаг уу?

Манай уурхай дээр замынцагдаа байхгүй, тэгсэн ч гэсэн манайхан яг дүрмээрээ л хөдөлгөөнд оролцдог. Яг замын хөдөлгөөний дүрмэнд заагдсан тэмдэг тэмдэглэгээг ягштал барьдаг газар бол манай компани гэж би нүүр бардам хэлнэ.

Яаж ингэж хэв журманд оруулж чаддаг юм бэ? Өчигдөр гэхэд л ганцхан өдрийн дотор 12 хүн зам тээврийн осолд өртсөн байна. Ганцхан өдрийн дотор 12 гэдэг бол үнэхээр өндөр тоо.  Тэгэхээр танай компани яаж дүрмийг мөрдүүлж чадаад байна вэ? Нийгэмд ямар арга замаар үүнийг хэвшүүлэх боломжтой гэж бодож байна вэ?

Манай компани шулуухан хэлэхэд муухан сургалтын газраас илүү байдлаар хүмүүсээ сургадаг. Аюулгүй ажиллагааны сургалтанд бүх хүн заавал хамрагддаг. Дарга байлаа гээд суухгүй өнгөрнө гэж байхгүй.  Юмыг дахин дахин давтаж хэлж, ойлгуулах тусам тухайн хүний амьдралын нэг эд эс болдог юм байна лээ. Би дээр дурьдсан манай компани аюулгүй ажиллагааг нэг номерт тавьдаг гэж. Энгийн жишээ хэлэхэд хоёроос дээш хүн хуралдахад хурал аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар эхлэх жишээтэй. Ер нь анзаараад байхад хүн нийгмийн амьтан тул масс юу хийж байна түүнийг л дуурайдаг. Иймээс эхлээд соёлыг бий болгох нь чухал. Шинээр ажилд орсон хүн соёл бий болсон газарт дорхноо уусаад шингэдэг. Манайд тэр соёл нь бий болчихсон учраас шинэ хүн олноо дагаад амархан сурдаг байх. Дээрээс нь хяналтын систем сайн ажилладаг нь нөлөөлдөг байх.

Оюутолгой компаний үйлчлэгч хүртэл ажил зогсоох эрхтэй гэж сонсож байсан. Энэ нь нэг бодлын тухайн ажилтанг бодсон маш том шийдвэр мэт.  

Тиймээ. Хэн ч бай тухайн ажлыг аюултай гэж үзсэн л бол тэр даруйд нь мэдэгдэж, ажлыг зогсоох эрхтэй байдаг. Ганцхан даргын үгийг хүлээгээд амь насаа дээсэн дөрөөн дээр байлгаж болохгүй шүү дээ. Аюулгүй ажиллагаанд хүн болгоны оролцоо хэрэгтэй. Дээрээс нь би зөвхөн энэ компаний төлөө биш өөрөө өөрийнхөө төлөө, өөрийнхөө гэр бүлийн төлөө л ажиллаж байгаа учир өөрийнхөө аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих ёстой гэж бодож ажиллах ёстой. Аюулгүй ажиллагаа бол маш том сэдэв, бид дураараа биш дүрмээ дагаж ажилладаг болохоор олон улсын аюулгүй стандартыг хангасан уурхайнуудын нэгт ороод байгаа юм. Хэдхэн жил үйл ажиллагаа  явуулж байгаа компаний хувьд энэ бол бахархал. Ийм соёлыг мөнгөөр хэмжих боломжгүй юм.


ГУРАВ. Оюутолгойн автомашины тоноглол, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийг үзүүлэхийг хүсч байна

Одоо би та нартаа уншигчидаа Оюутолгойн автомашины тоноглол, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийг үзүүлэхийг хүсч байна.

Сайн байна уу та бидэнд автомашиныхаа аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийг танилцуулаач:

Жолооч н.Болдбаатар: Аюул осол тохиолдох, техникт гэмтэл учраад зогсох шаардлагатай үед хамгийн эхэнд хэрэг болдог зүйл нь ослын гурвалжин шүү дээ. Яг одоо бидний харж байгаа энэ машинд л гэхэд ослын гурвалжин 3 ширхэг байдаг. 45 хүний суудалтай автобусанд галын хор 3 ширхэг харин энэ машинд 2 ширхэг байх жишээтэй. Мөн бүх машинд дугуйн ивээс байдаг бөгөөд машины дугуй сольж байхад урагшаа хойшоо өнхрөхөөс сэргийлдэг. Машин бүр урд болон хойд талдаа камертай, дээд камер нь гадна орчны нөхцлийн хянадаг бол доод талын камераараа доторх зорчигчдыг хянадаг.  Хойд талдаа ухрах явцыг харуулдаг камер байгаа. Мөн хурд хэмжигч, GPS, богино долгионы станц гэх төхөөрөмжүүдтэй. Бас нэг чухал зүйл зорчигчийн сандал бүр суудлын бүстэй ба хэрэв зорчигч суудлын бүсээ бүслээгүй бол хөдөлгөөн эхлэх хориотой байдаг.

Техник л болсон хойно эвдэрнэ. Эвдрэл гэмтлээс хэрхэн хамгаалдаг вэ?

Бид нар ажилд гарахын өмнө болон машин сольж унах бүртээ шалгах хуудас бөглөдөг. Шалгах хуудаст тэнцсэн машин л тухайн өдөр хөдөлгөөнд оролцдог гэсэн үг. Мөн бүх автомашин, автобусаа  5000, 8000 км-ын үзлэгтээ оруулаад явдаг болохоор эвдрэл гэмтэл харьцангуй бага байдаг.

Гэнэтийн осол аваар, тусламж хэрэг болоход тусгай хэрэгслийн багаж, холбооны хэрэгслүүд байдаг уу?

Ослын  дуудлагын товчлуур машин бүрт байдаг. Мөн хөдөө орон нутагт явах машины ачаанд сансарын Iridium утас ч байдаг.  Эдгээр хэрэгслээр төв рүүгээ цаг алдалгүй холбоо барьж тусламж дуудах боломжтой. Мөн манай жолооч нар бүгд жилдээ 2 удаа тогтмол мэргэжил ур чадварын сургалтанд хамрагддаг.

Сонирхуулж хэлэхэд манай машинууд Drager буюу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хэмждэг багажийг асаалтын системдээ холбоод туршиж байна. Энэ нь яадаг вэ гэвэл эхлээд төхөөрөмжрүү үлээх ба хэрэв согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байвал машин асна, хэрэглэсэн гэж дохио өгвөл машин асахгүй. Гэх мэтчилэн манай Оюу толгойн жолооч болон зорчигч нар замын хөдөлгөөнд оролцохдоо системийн бүрэн хяналт доор оролцдог юм. Бид бол “Дураараа биш Дүрмээрээ” жолоочид.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn


keyboard_arrow_up