1
Б.Мөнхбат: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн эзлэх хувь бага ч байгальд учруулж буй хохирол, хор уршиг нь их
Зочин:
Б.Мөнхбат
Байгууллага:
ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба
Албан тушаал:
Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч
Ажиллах арга барил:
Хариуцлага зарчимч цаг баримталдаг


2018 оны 06 сарын 06

Үзсэн: 3005

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг тэр дундаа Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч Б.Мөнхбаттай   ярилцлаа.

Гэрэл зургийг:
mpa.mn
Ярилцсан сэтгүүлч:
arslan.mn

НЭГ. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн эзлэх хувь бага ч байгальд учруулж буй хохирол, хор уршиг нь их

Хүрээлэн буй орчин тэр дундаа Монгол Улсын  нутаг дэвсгэрийн хэдэн хувийг ой эзэлдэг вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрийн 8 орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд ихэвчлэн нутгийн хойд хэсгээр тархсан. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойн түймэр, ойн хөнөөлт шавж өвчний тархалт ихэсч ойн тархалт, нөөцөд ихээхэн хохирол учруулж байна. Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавжийн хор хөнөөл болон хууль бус олголтоос шалтгаалан 1.2 сая га ойн талбай хорогдсон гэсэн судалгаа гарсан байдаг.Манай орны ойн сангийн газарт түймэр ихээр гарах, өвчин, хөнөөлт шавжинд нэрвэгдэх ашигт малтмалын олборлолтод өртөх, зөвшөөрөлгүй мод огтлох зэрэг шалтгаанаар ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтолд орсоор байна. Ойн сан бүхий газарт 513214.21 га талбайд хохирол учирснаас түймэрт нэрвэгдсэн 16.1 буюу 82798.82 га, өвчин, хортон шавжид идэгдсэн 78.8 хувь буюу 404186.19 га, ашигт малтмалын олборлолтод өртсөн 0.01 хувь буюу 33.30 га, мод бут, сөөг, загийг устгасан 3.7 хувь буюу 19047.65 га газар байна.

Аль аймгийн нутаг дэвсгэрт түймэрт шатсан ойн талбай илүү их өртсөн байдаг вэ?

Түймэрт шатсан ойн талбайгаараа Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Завхан, Булган аймаг буюу хангайн бүс илүү өртсөн байдаг. Харин өвчин хортон шавжинд идэгдсэн ойн талбайн хэмжээгээрээ Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Завхан аймагт тэргүүлж байна.

Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг жилд дунджаар хэдэн тохиолдол бүртгэгддэг вэ. Сүүлийн жилүүдийн байдлаар гэмт хэрэг ямар үзүүлэлттэй гарсан вэ?

-Улсын хэмжээнд жилд 25-30 мянган гэмт хэрэг бүртгэгддэгээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 0,7 хувь эзэлж гэмт хэргийн эзлэх хувь бага байгаа хэдий ч байгаль экологид учруулж буй хохирол, хор уршиг нь их.

Мод бол урт удаан хугацаанд ургадаг учир нөхөн сэргээгдэх цаг хугацаа ихээхэн шаардагддаг байгаа

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 2016 онд 72 буюу урьд оноос 35.1 хувиар буурч, илрүүлэлт 85 хувь,2017 онд 128 бүртгэгдэж,56 нэгжээр буюу 43.7 хувиар өсөж, илрүүлэлт 64 хувь,2017 оны эхний 04 сард 30 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний дөрвөн сартай харьцуулахад 63 гэмт хэрэг бүртгэгдэж,33 нэгжээр буюу 52.3 хувиар өмч, илрүүлэлт 26.7 хувьтай байна.

Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилд өсөх хандлагатай байгаа нь иргэд хуулийн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдлээр үйлдэж энэ гэмт хэргийн холбогдогч болж байна.

Хууль бус мод бэлтгэлийн хор уршиг асар их байдаг байх. Хохирлын хэмжээг хэрхэн тогтоодог вэ?

Манай хэлтсийн хувьд Улсын ерөнхий прокурорын2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяалал тогтоох тухай тушаалд заасан Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан 9 төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Хүлээн авсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн №394 дугаар тушаалаар ойн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоодог. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулдаг.

-Зөрчил гаргасан хүмүүсийг торгосон болоод л явуулдаг нь хулгайн гэмт хэрэг буурахгүй байгаагийн гол шалтгаан юм биш үү. Ер нь энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдогч этгээдийг нэг удаа саа­туулахад хэчнээн төгрөгөөр торгодог юм бэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг хуульчилж өгсөн.

Үүнд:

1. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан. Харин энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд

2. Энэ гэмт хэргийг:

2.1.Байнга тогтвортой;

2.2.Бүлэглэж;

2.3.Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд;

2.4.Төрийн албан хаагч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус тус заасан.

Эцэст нь хэлэхэд, байгалийн өөрөө өөрийгөө нөхөн сэргээх том үйлдвэрлэл болсон ой мод, байгалиа хамгаалах  ажилд жирийн иргэд идэвх санаачлагатай оролцох хэрэгтэй байна.

keyboard_arrow_up