1
Д.НАРАНЗУЛ: Азид өндөр настай хүмүүсийн дотор СҮРЬЕЭ их байдаг бол манайд ЗАЛУУЧУУДЫН дунд өвчлөл их байна
Зочин:
Д.НАРАНЗУЛ
Байгууллага:
ХӨСҮТ
Албан тушаал:
Тархвар судлаач
Ажиллах арга барил:


2017 оны 11 сарын 14

Үзсэн: 1557

“Бид нэг агаартай”  сүрьеэ өвчний  өнөөгийн байдал  тархалтын  судалгааны  үр дүнг танилцуулах  сургалт семинарыг ХӨСҮТ-ээс зохион байгууллаа. Судалгааны үр дүнгийн талаар ХӨСҮТ-ийн тархвар судлаач, анагаах ухааны доктор  Д.Наранзултай ярилцлаа.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Залуучууд, тэр дотроо оютнуудын 50 хувь нь шууд эмийн сангаас эм авдаг  байдал ажиглагдсан

Сүрьеэгийн өвчлөл, тархалт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна уу?

Сүрьеэгийн өвчлөл,  тархалт нь хоёр өөр төрлийн ойлголт юм. Сүрьеэгийн өвчлөлийг хоёр талтай тайлбарлаж байгаа. Учир нь насны ангилалаас хамаарч өөр өөр байна. Өнөөдрийн байдлаар  сүрьеэгийн өвчлөл онц аюултай хэмжээнд  бол өсөөгүй. Дунджаар жилдээ 4000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн жилүүдэд тогтвортой нэг түвшинд байгаа ч бага зэргийн  бууралт бол ажиглагдаж байна.

Монгол улсын хэмжээнд  сүрьеэ өвчний тархалт ямар байгаа вэ гэдгийг анх удаа өнгөрсөн 3 жилийн хугацаанд бодит тархалтыг тогтоож гаргасан томоохон хэмжээний судалгаа хийгдсэн. Судалгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй  хамтарч  хийж байсан тооцооллоос сүрьеэ өвчний тархалт 3 дахин өндөр гарсан. Эндээс хүн амын  дотор сүрьеэгийн халдвар нэлээд тархалттай байгаа нь харагдсан. Тиймээс  бид  сүрьеэг эрт илрүүлэхэд чиглэсэн арга хэмжээгээ нэлээд эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд  хүрсэн.

Судалгаанаас харахад залуучууд эмчээс илүү эмийн санд хандах хандлага нь их байна гэж танилцууллаа?

Энэ удаагийн судалгаанаас нэг зүйл ажиглагдсан. Азийн орнуудад өндөр настай хүмүүсийн дотор сүрьеэ их байдаг бол манайд залуучуудын дунд сүрьеэ өвчлөл их байна. Ялангуяа 15-44 насны  хөдөлмөрийн болоод нөхөн үржихүйн, бүтээлч насны залуус их өвчилж байна.

Энэ үзүүлэлт дээр үндэслэн судалгааны  явцад сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрч  буй хүмүүс хаана илүү хандаж байна гэдгийг гаргасан. Ихэнх нь  шууд эмийн санд хандах хандлага ажиглагдсан. Энэ бол буруу  хандлага. Өөрт ойрхон анхан шатны эмнэлэгт очиж үзүүлэн сүрьеэ мөн үү үгүй юу гэдгийг тогтоож байж, эмчийн зааврын дагуу эмийн сангаар үйлчлүүлж болно.

Залуучууд, тэр дотроо оютнуудын 50 хувь нь шууд эмийн сангаас эм авдаг  байдал ажиглагдсан.  Энэ нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм.  Хэрэв сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн бол буруу эм хэрэглэснээс болоод түр хугацаагаар дарангуйлагдаж болно. Харин эдгэрчихлээ гэж андуурснаар улмаар хүндрүүлж, эмчилгээ авах боломжгүй нас бардаг тохиолдол байдаг. Мөн энэ хугацаанд гэр бүл, найз нөхөддөө халдвар  тараах эрсдэлийг бий болгодог.

Сүрьеэгээр өвчлөх томоохон хүчин зүйл юу вэ?

Архи, тамхины хэрэглээ Сүрьеэгээр өвчлөхөд чухал нөлөө үзүүлдэг нь судалгаанаас харагдсан. Судалгаанд оролцсон хүмүүсийн дотор  сүрьеэгээр өвчилсөн хүмүүс архи, тамхины хэрэглээ өндөр байсан.

Тиймээс аль болох хорт зуршлаас татгалзах,  хэрэглээг багасгах, эрүүл орчинд ажиллаж амьдрахыг бодох цаг нэгэнт болсон. Хорт зуршил нь цаашид эрсдэл үүсэх боломжийг нэмж байна.

Судалгаанд хэдэн хүнийг хамруулсан бэ?

Монгол улсын  21 аймаг, 9 дүүрэгт нийт 50,300 хүнийг хамруулсан үндэсний хэмжээнд анх удаагаа  хийгдэж  буй томоохон суурь судалгаа болсон. Энэ судалгаа хийгдсэнээр  Монгол улсад ирэх 10 жилд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх суурь үзүүлэлт гарч ирсэн нь ихээхэн ач холбогдолтой. Ер нь Засгийн  газар, хүн амынхаа дунд сүрьеэг эрт илрүүлэх, тархалтыг багасгах, нас баралтаас сэргийлэх чиглэлийн бодлогыг  үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна. Үүн дээр нэмээд хэвлэл мэдээллийн оролцоо маш их чухал.

Тиймээс “Бид нэг агаартай”  сүрьеэ өвчний  өнөөгийн байдал  тархалтын  судалгааны  үр дүнг танилцуулах  сургалт семинарын хүрээнд  сэтгүүлчидтэй уулзаж, тодорхой мэдээлэл өгч, хамтран ажиллахаар төлөвлөсөн чухал арга хэмжээг зохион байгууллаа.

Судалгаанаас харахад анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эмнэлгээс авах нь давамгай байна. Харин өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэг бүрэн оношилж чадах уу?

Нэгдүгээр шатлалын  эмнэлэгт одоогоор сүрьеэгийн эмч ажиллахгүй байгаа. Бусад улс орнуудын адил ерөнхий  мэргэжлийн эмч нар сүрьеэг үзэж оношилгоо хийдэг. Манайд ч гэсэн анхан  шатанд сүрьеэг тогтоох боломжтой. Хоёр дахь шатлалын эмнэлэгт  сүрьеэгийн нарийн эмч, деспансерууд ажиллаж байна.

Бидний зүгээс нэгдүгээр шатлалын эмч нарыг сүрьеэгийн  чиглэлээр сургадаг. Оношилдог, эмчилдэг  заавруудыг гаргаж өгдөг.  Илрүүлэлтээ хийгээд эмчлэх  боломжтой болж байна. Халдваргүй тохиолдолд өрхийн, сумын эмнэлэг эмчилж, халдвартай бол диспансерууд руу шилжүүлдэг.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлах ямар арга хэмжээ авах вэ?

Сүрьеэ өвчнөөр өвчлөх гол шалтгаан нь нойр муутай ядартлаа хэт их ачаалалтай ажиллах, хоол унд муутай явах, хүйтэн чийгтэй байранд ажиллаж, амьдрах зэргээс болдог. Тухайлбал, нарны гэрэлд нэг цагийн дотор сүрьеэгийн нян устдаг, агааржуулагч салхивч сайтай өрөөнөөс агаарын солилцоогоор сүрьеэгийн нян хурдан хөөгдөж гардаг тул ард иргэд эрүүл зөв орчинд ажиллаж, амьдрах нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх маш чухал алхам болно.

Хэрвээ таны ажлын байр нар үздэггүй, чийгтэй подвалд байрладаг бол та өдөртөө үе үе гадаалж, нар салхинд гарч байх хэрэгтэй. Хэдийгээр сүрьеэ нь амьдралын нөхцөл доройтсноос болж үүсдэг өвчин ч гэсэн сүүлийн үед компьютер тоглоомын газар зэрэг нар үздэггүй, харанхуй байранд олон цагаар компьютерын ард сууснаас болж өвчлөх тохиолдол гарч байна.

Нөгөө талаас  14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, цээжээр хөндүүрлэх, шөнөдөө жихүүдэс хүрч хөлрөх, үе үе халуурах, хоолондоо дургүй болж турж эцэх зэрэг шинж тэмдгүүд танд илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.


keyboard_arrow_up