1
2
Б.ЭНХ-УЧРАЛ : ЭМЧ ХҮН ЭМЧИЛЖ Ч ЧАДДАГ, СУРГАЖ, СУДАЛЖ Ч ЧАДДАГ БАЙХ ЁСТОЙ
Зочин:
Б.ЭНХ-УЧРАЛ
Байгууллага:
УНТЭ
Албан тушаал:
Эмнэлзүйн сургалт судалгааны төвийн дарга
Ажиллах арга барил:
Хариуцлага зарчимч цаг баримталдаг


2018 оны 02 сарын 07

Үзсэн: 11015

Эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч, мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын эмнэлэг чухал үүрэгтэй. Манай улсад сургалтын эмнэлгийн загварыг одоогоор УНТЭ сонгодог загвараар нь хэрэгжүүлж буй. Тэгвэл энэ талаар УНТЭ-ийн Эмнэлзүйн сургалт судалгааны  төвийн  дарга Б.Энх-Учралтай ярилцлаа. 

Гэрэл зургийг:
Гэрэл зургийг Mpa.mn
Ярилцсан сэтгүүлч:
Өдрийэ сонин

НЭГ. Чадварлаг эмнэлзүйч багшаар удирдуулсан сайн боловсон хүчин бэлдэх нь манай эмнэлгийн зорилго

Сургалтын эмнэлгийн загварыг хэрэгжүүлнэ гэхээр ямар чиг үүргийг баримтлана гэсэн үг вэ?

Дэлхийн жишигт энэ сургалтын тогтолцоог ашиглан олон чадварлаг, туршлагатай эмч, мэргэжилтэнүүд бэлтгэгдэж байна. Сургалтын эмнэлэг гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлавал “хүнээр хүн хийх” тогтолцоо юм. Манай улсад одоогийн байдлаар төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 16 байгууллага ажиллаж байгаагаас УНТЭ энэ загварыг сонгодог утгаар нь хэрэгжүүлээд явж байна. Ингэснээр стандартад нийцсэн суралцагч эмч бэлтгэх, нэгдсэн эмнэлгүүдээ чадварлаг хүний нөөцөөр хангах,эмнэлэг өөрөө чадварлаг эмч-багш нартай болох, тухайн байгууллага төдийгүй салбарын эмч мэргэжилтнүүдийн чансааг сайжруулж, хөгжүүлэх өндөр ач холбогдолтой юм. Сургалтын эмнэлгийн загвараар ажилладаг эмнэлэгт л сайн эмч бэлтгэгддэгийг дэлхийн жишгээс харж болно. Ер нь мэдлэгийн хаан болохын тулд хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй гэдэг шиг олон тохиолдол, олон удаагийн давталттайгаар чадварлаг багшаар удирдуулан сурах нь хамгийн давуу тал бөгөөд ирэх ондоо Сургалтын эмнэлгийн соёлыг төгөлдөршүүлэх зорилго тавин хичээж байна.

ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ гэсэн ойлголт их яригдаж байна. Эмч нь хүнээ ч эмчилнэ, эмч нартаа ч зааж сургана гэсэн үг үү?

Тийм. Өөрөөр хэлбэл хүний боловсрол эзэмших үйл явц, ур чадварын ахиц нь мэдсэн сурснаа бусдад заах хэлбэрээр илэрдэг талаар Миллерийн зарчимд тусгагдсан байдаг. Тиймээс багшилж буй эмч нь ч тэр, шавь нь ч тэр практик дээр илүү сайн суралцдаг болох нь өнөөдөр манай эмнэлэг энэ загварыг хэрэгжүүлэх явцад харагдсан. Манай эмнэлэг жилдээ улсын хэмжээнд төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдийн 1/4 хувийг дангаараа элсүүлж сургадаг. Манай эмнэлгийн эмч ,сувилагч  нар эмч, багш,судлаач гэсэн 3 үүрэгтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл 60:20:20-н харьцаа буюу 60% нь эмнэлзүй ,20% нь сургалт,20% нь судалгаа гэсэн зарчмыг баримталдаг .Тиймээс эмнэлэг өөрөө чадварлаг эмч-багш нарыг бэлтгэх нь чухал юм. 

Сургалтын эмнэлгийн загварт хэдэн төрлийн сургалт,ямар төрлийн эмч нар хамрагддаг вэ?

Монгол улсын хэмжээнд Эмнэлзүйн сургалтыг  эрхэлж байгаа хамгийн том  эмнэлэг бол УНТЭ.Би яагаад ингэж хэлж байна вэ гэвэл: Төгсөлтийн өмнөх сургалт буюу Анагаахын их сургуульд суралцагчид сургалтын хамгийн чухал хэсэг болох эмнэлзүйн дадлагаа манай эмнэлэгт хийдэг бөгөөд зөвхөн 2016-2017 оны хичээлийн жилд 3 сургуулийн 2510 суралцагч нийт 13 тасагт 239816 цагийн дадлага сургалтанд хамрагдсан байна.Төгсөлтийн дараах буюу Анагаах ухааны сургуулиа төгсөөд эмнэлэгт суурилсан сургалтын хувьд ЭМЯ-ы харьяа ЭМХТ/ эрүүл мэндийн хөгжлийн төв/-ийн 2017 оны 10 сарын 18-ы А/185 тоот тушаалаар сургалт эрхлэгч 16 орчим байгууллагаас үндсэн нарийн мэргэжлийн сургалтын чиглэлд 477 элсэгчээс115-г нь дангаараа сургаж байна.Харин төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн сургалтаар 99 суралцагчийг бэлтгэж  байгаа нь салбарын хэмжээнд чадварлаг мэргэжилтэн бэлтгэх нөр их үйлсэд өргөн хүрээг хамруулан шантралгүй зүтгэж байгаагийн илрэл гэж ойлгодог. Монгол хүний эрүүл мэндийн хэрэгцээ, тусламж үйлчилгээг сайжруулахад мэргэжлийн хүмүүсийн судалгаа, нотолгоонд тулгуурласан мэдлэг, зөв гарцыг тодорхойлсон үндэслэлтэй шийдэл зайлшгүй шаардлагатай.

Таны хувьд багш хүн гэж ямар хүн байгаасай гэж боддог вэ?

Би "Хамгийн сайн багш бол шавиасаа муу байдаг" гэдэг үгийг хэрэглэх дуртай.Өөрөөсөө ч илүү шавиа хөгжүүлж боловсруулж чадсан багш хамгийн буянтай үйлстэн.Эмч хүн өөрийнхөө сурсан,мэдсэн,эзэмшсэн,гаршсан мэдлэг,ур чадвар,хандлагаа бусдад харамгүй сэтгэлээр өгснөөрөө өөрөө илүү чадваржихаас гадна түвшин дээшилж байдаг.


ХОЁР. Эмнэлэг зөвхөн өвдсөн хойно нь эмчилдэг газар биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж эрүүл мэндийн боловсрол олгодог соён гэгээрүүлэгч байгууллага

Arslan.mn

Сургагч багш нарын хамгийн гол үүрэг нь юу вэ?

Эмчлэгч эмч байх нь анхан шатны үзүүлэлт. Зөвхөн хүн эмчилдэг эмч бол нэгдүгээр шатны эмч. Өөрийн мэдлэгээ хүнд ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан, тухайн суралцагчийнхаа онцлогийг тодорхойлж, тэр хүнд тохирсон мэдлэг, мэдээлэл ур чадварыг олгож чадаж байгаа бол дунд түвшнийх.  Тогтолцоогоор нь тэр хүнийг өөрчилж тухайн ажлын байран дээрээ өөр шигээ хүнийг бий болгож байгаа бол энэ нь жинхэнэ эмч юм.

Инновацид тулгуурласан шинжлэх ухааны интеграци улам эрчимтэй хөгжиж байна. Олон талын хөрвөх чадвартай, 8-15 жил ажилласан эмч нь өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад хангалттай заах хэмжээнд хүрсэн байдаг. Манай орны хувьд  нэг хүнд ноогдох эмч ,эмнэлгийн мэргэжилтний  тоо дундаж түвшинд  боловч  хүн амын нягтралаас шалтгаалан Улаанбаатар хотод  нэг эмчид ноогдох өвчтөний тоо илүү байна. Хөдөө орон нутагт ажиллах УНТЭ-н чансаагаар бэлтгэгдсэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, түгээх  залуу эмч нараа  мэргэжилтний хувьд эксперт болгох нь сургагч эмч нарын үүрэг юм.

Саяхан танай эмнэлгийн зүгээс Боловсролын салбар дахь эмч нарын  анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөн зохион байгуулснаар гарсан үр дүнгийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

Эмнэлэг зөвхөн өвдсөн хойно нь эмчилдэг газар биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж эрүүл мэндийн боловсрол олгодог соён гэгээрүүлэгч байгууллага юм.

Бага нас  нь хүний амьдралын нийт хугацааны 10 орчим хувийг эзэлдэг. Энэ үед хүүхдэд төлөвшсөн эрүүл мэндийн боловсрол,амьдралын зөв дадал хэвшил,хүмүүжил нь насан туршид нь хадгалагдан үлддэг.Хүн амын дундаж наслалт,эрүүл мэндийн байдал нь хүүхэд,өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой.  Архаг өвчний эх суурь нь энэ насанд тавигддагийг судлаачид тогтоосон. Ирээдүйн эрүүл монгол хүнийг бий болгохын тулд үр хүүхдээр нь дамжуулан урт удаан амьдралын эх үүсгэл,хэм хэмнэл,дадал зуршлыг бий болгох хэрэгтэй. Үүний тулд хүүхдүүдтэй хамгийн ойрхон ажиллаж буй сургууль,цэцэрлэгийн эмч нараараа дамжуулан нотолгоонд суурилсан мэдлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьсон юм. Хүүхдээсээ суралцах, үр хүүхэдтэйгээ эрүүл амьдрах,эрүүл дадалтай удмыг бий болгоход багаас нь эхлэх хэрэгтэй.

Зулзган модыг өнөөдөр тарихад 50,100 жилийн дараа сайхан ой болдогтой адил боловсрол ч мөн адил их хугацаа шаарддаг зүйл.

Зөвлөгөөн  хэдэн үе шаттай  явагдаж өндөрлөсөн бэ, ямар ямар байгууллагуудтай хамтран  зохион байгуулав.

Зөвлөгөөн маань хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан. Эхний үе шат нь “ Сургууль, цэцэрлэгийн эмч нарын өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудал” сэдвээр лекц,дараагийн үе шат нь “ Өртөөчилсөн “ хэлбэрээр явагдсан нь илүү үр дүнтэй болсон.

Уг анхдугаар зөвлөгөөнийг ЭМЯ,БСШУСЯ,Нийслэлийн боловсролын газар,НЭМҮТ,СЭМҮТ,ЦЕГ,Гэр бүл хүүхэд хөгжлийн газар,Эмнэлзүйн АУ-ы академи дэмжин ажилласан. Тус сургалтанд  250 гаруй сургууль, цэцэрлэгийн эмч нар хамрагдсан.Бид  мэргэжлийн эмч нарынхаа оролцоог нэмэгдүүлэх, өөр салбарт ажиллаж байгаа эмч нартайгаа  хамтын ажиллагаагаа сайжруулан санал бодлоо хуваалцах, хүүхэд өсвөр үеийн эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээг санаачлан зохион байгуулсан.

Тус зөвлөгөөнөөс хойш сургууль, цэцэрлэгийн эмч нартайгаа холбоотой байв уу, хэрхэн эргэх холбоотой ажиллаж байна вэ.

Бид сар бүрийн 2-нд  online орчинд санал бодлоо хуваалцаж, асуудлаа хэлэлцэн туршлагаа солилцож,  эргэх холбоотойгоор үйл ажиллагаа идэвхитэй явуулж  байна. Зөвлөгөөнөөс хойш  “Хүүхдийн сандал ширээний ариун цэвэр,стандарт болон анги танхимын агаарын чийглэг,байгалийн гэрэлд тавигдах шаардлага,Сүүн шүдний өвчлөл,урьдчилан сэргийлэлт,Хоол хүнсний тэжээллэг чанар болон чихрийн агууламж,амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэрт байдлын талаар судалгаанд тулгуурласан сургалтын материал боловсруулж хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлоо солилцсон.Цаашид  үе шаттайгаар боловсролын салбарт ажиллаж буй мэргэжил нэгтнүүдээ сургах,хөгжүүлэх,хамтран ажиллахаар төлөвлөж байна.

УНТЭ-ийн эмнэлгийн хувьд залуу эмч нар бас их ажиллаж байгаа нь харагддаг. Танайх залуу эмч нараа чадавхижуулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Манай эмнэлэгт хоёр төрлийн журнал клуб ажилладаг. Эмч нарын журнал клуб буюу эмч нар өөрийн сурч мэдсэн зүйлсээ бусад залуу эмч нартаа зааж сургах , 2 дахь нь суралцагчдын буюу үндсэн мэргэжлийнхний журнал клуб. Энэ клуб дэлхийд гарч буй  эмнэлзүйн ололт, туршилтуудыг гадаад хэлнээс орчуулан бие биендээ мэдээлэх,асуудал дэвшүүлэн хэлэлцэж түгээх төдийгүй тохиолдолд суурилсан сургалт судалгааны идэвхитэй аргыг ашиглан суралцдаг. Ингэснээр бид бие биенээсээ харилцан суралцаж, туршлага судалдаг юм.

ЭМЯ-аас сургалтын шинэчилсэн журам баталсантай холбоотойгоор Сургалтын эмнэлэгт ямар өөрчлөлт гарч байгаа вэ?

Эрүүл мэндийн яамнаас 2017 оны 9 дүгээр сарын 14-нд сургалтын журмыг шинэчлэн баталсан бөгөөд үүнд “ Эмнэлзүйн сургагч багш, чиглүүлэгч багш”-ийн талаар чухал заалт орсон.

УНТЭ нь  ЭМЯ , Эрүүл мэндийн хөгжлийн төв ,Японы Жайка ОУ-н байгууллагатай  хамтарсан “Эмнэлзүйн сургагч багшийн сургалт”-д идэвхитэй хамрагддаг бөгөөд 9 дэх  удаа  амжилттай зохион байгуулагдсан тус сургалтанд манай  эмнэлэг  эмч нараа өргөнөөр хамруулсан.

Монголын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг  чанартай,хүртээмжтэй  хүргэхийн тулд сургагч багш нарыг бэлдэх ёстой.Ялангуяа ажлын байран дээрх сургалтууд илүү ач холбогдолтой байдаг.

Нэг удаагийн сургалтанд хэд орчим эмч нар хамрагддаг вэ?

ТОТ буюу ажлын байран дээрх сургалтыг явуулахдаа нэг удаагийн сургалтаар 24 эмчийг сургаж байгаа. 24 хүнийг сургахдаа нэг сургагч багшид 3-4 суралцагч оногдохуйцаар зохион байгуулсан. Ингэснээр илүү чанартай, бодитой, эргэж хянах боломжтой болж байгаа юм. УНТЭ-ээс тус сургалтанд  өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамрагддаг бөгөөд энэ жилийн сургалтанд манай эмнэлэг дангаараа хамрагдах зорилго тавин ажиллаж байна. Мөн МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Насан туршийн боловсролын тэнхимтэй хамтран Төгсөлтийн өмнөх болон Насанд хүрэгчдэд зориулсан сурган заах аргазүйн “Сургагч багш”бэлтгэх сургалтыг 94 эмч,эмнэлгийн ажилтнууддаа аван амжилттай төгсгөлөө.

БСШУСЯ болон АШУҮИС-тай хамтран Анагаахын салбарын багшийг чадавхжуулах “Training to teachers” /T2T/ хөтөлбөрт манай 7 эмч шалгаран суралцаж байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.


keyboard_arrow_up