1
2
СҮРЬЕЭ : ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШНИЙ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ
Зочин:
Д.Нямхүү
Байгууллага:
ХӨСҮТ
Албан тушаал:
Захирал
Ажиллах арга барил:


2017 оны 11 сарын 21

Үзсэн: 519

Манай улс сүрьеэгийн төслийн хүрээнд тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн боловч, хангалттай бууруулж чадахгүй байна. Тиймээс бүх шатны шийдвэр гаргах түвшинд хэлэлцэхээр болжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах нартай ярилцсанаа хүргэж байна.

Ярилцсан сэтгүүлч:

НЭГ. Д.НЯМХҮҮ : ЦАЛИН БАГА, ЭРСДЭЛ ӨНДӨР УЧРААС СҮРЬЕЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА

Сүрьеэгийн өвчлөлөөр хамгийн өндөрт ордог дэлхийн 7 улсын нэг нь Монгол гэсэн судалгаа гарсан байна. Энэ талаар та дэлгэрүүлэхгүй юу?

Сүрьеэ өвчин бол дэлхий нийтэд хамгийн их тархсан халдварт өвчний нэг. Манай улсад ч мөн адил аюулын хэмжээнд хүрсэн. Манайд жилд 4000 гаруй шинэ сүрьеэ оношлогдож, эмчилгээнд орж байна. Тэр дундаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өссөөр байна.  ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 10 гаруй жилийн өмнөөс Монгол улсад эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношилж, эмчилж эхэлсэн. Эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэхэд 2 жилийн хугацаанд 10-40 сая хүртэлх төгрөгийг зарцуулж байна.

Ихэвчлэн дархлаа сул, тодорхой эрхэлсэн ажилгүй, архи их хэрэглэдэг, хоол хүнсний хомсдолтой, амьдралын түвшин доогуур хүмүүс ихээр өртдөг. Гэвч сүрьеэ туссан хүмүүс эмчилгээгээ тууштай хийлгээгүйн улмаас эмэнд тэсвэртэй сүрьеэг үүсгэх гол шалтгаан болж байна.

Нөгөөтэйгүүр эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн хүнээс халдвар авсан хүн шууд хүнд хэлбэр болох олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвддөг. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн шинжилгээний хариуг хоёр сар хүлээдэг байсан бол 2015 оноос шинэ тоног төхөөрөмжтэй болсноор 2 цагийн дотор шинжилгээний хариу гарч байгаа нь дэвшил юм. Гэвч манай улсын хувьд дэлхийн жишигт нийцсэн эм, лаборатори, багаж тоног төхөөрөмж, оношлуурыг хэрэглэдэг боловч өвчлөл буурахгүй байна. Энэ өвчин нь зөвхөн эрүүл мэндийн салбарын биш нийгмийн асуудал болсоор байна.

Сүрьеэ нь нийгмийн өвчлөл, асуудал болсоор байгаа учраас бүх түвшний шийдвэр гаргалтын оролцоог нэмэгдүүлье гэж үзэж байгаа юм байна. Зөв үү?

Энэ удаа ХӨСҮТ, МСЭМХ хамтран “Шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлье” сүрьеэгийн үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг энэ сарын 23,24-ний өдрүүдэд Blue sky зочид буудалд  зохион байгуулах гэж байна. Сүрьеэ нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, нийгмийн асуудал учраас бид бүх талын оролцоо, шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх нь чухал байна. Уг хэлэлцүүлгийг хийснээр энэ өвчний тархалт, авах арга хэмжээг илүү цар хүрээтэй, үр дүнтэй хийгдэнэ гэж найдаж байна.

Тус хэлэлцүүлэгт ЗГХЭГ, ЭМЯ, БСШУСЯ, ХЗДХЯ, БХЯ, ХНХЯ, УУХҮЯ, НЗДТГ, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, ЭМГ-ын дарга, НЭ-ийн дарга, НМХГ, ГИХГ, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМҮТ, МСЭМХ, олон улсын байгууллагууд (ДЭМБ, Глобаль сан, Жайка, ДЗОУБ ) зэрэг төрийн болон төрийн бус байгууллага зэрэг 25 байгууллагын 170 гаруй төлөөлөл оролцоно.

ОХУ-ын Москва хотноо “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ”-нд манай улс мөн оролцсон. Энэ талаар?

Сүрьеэ өвчний асуудал дэлхий нийтийн асуудал болж байгаа талаар 11 сарын 19, 20-ны өдрүүдэд Москва хотод “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ” сайд нарын бага хурал боллоо. Энэ уулзалтанд дэлхийн 114 орны төлөөлөл 74 орны сайд нар оролцсоны дотор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, “Эрсдэлт бүлгийн хүн амын дунд сүрьеэгийн тандалт, хяналтыг сайжруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, эрсдэлт бүлгийн, орон нутгийн түвшинд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон сүрьеэгийн тандалтын тогтолцоог сайжруулах нь чухал болохыг онцолсон” илтгэл тавилаа. Мөн энэ үеэр Москвагийн тунхаглалыг баталсан. Үүнд:

- Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлснээр хүн төвтэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг бий болгох
- Сүрьеэ өвчнийг бууруулахад чиглэсэн гадаад дотоод хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Сүрьеэг оношилох, эмчлэх, судалгаа шинжилгээний ажлыг нэмэгдүүлэх
- Сүрьеэгийн тусламж үйлчилгээний явцыг хянахдаа хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх гэсэн үндсэн асуудлыг тусгасан байна.Сүрьеэ өвчин дэлхий дахины тулгамдсан асуудал болсоор байгааг харж болохоор байна.

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Сүрьеэг эрт илрүүлэх нь чухал байдаг. Илрүүлгийн шинжилгээ, судалгааг тогтмол явуулж байна. Тухайлбал, БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран их, дээд сургуулиуд болон нийслэлийн Чингэлтэй дүүрэгт илрүүлгийн шинжилгээ хийсэн. Одоо Баянзүрх дүүрэгт илрүүлэг хийгдэж эхлээд байна. Мөн техник тоног төхөөрөмжийн хувьд илрүүлэг шинжилгээний 7 ширхэг зөөврийн рентген аппаратыг БНСУ-аас авсан. Үүнийг хамгийн өвчлөл өндөртөй Дорнод, Ховд зэрэг аймгуудад өгсөн. Нөгөө талаар сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг хэрэглэж чадаж байгаа боловч, хүртээмж бага, хүний нөөц муу хангалтгүй байна. Сүрьеэ өвчин хүн олон цугларах тусам халдварлах эрсдэл өндөр болно. Тийм учраас нягтрал ихтэй хотуудаар энэ халдвар их байдаг. Нөгөө талаар энэ халдвар нь амьсгалын замаар дамждагаараа аюултай. 

Мөн “Бид нэг агаартай” сэдэвт нөлөөллийн сургалтыг энэ сарын 10-ны өдөр сэтгүүлчдийн дунд зохион байгуулж, Монгол улсын сүрьеэ өвчний өнөөгийн байдал, бусад улс орны сүрьеэ өвчний байдал, Монгол дахь сүрьеэгийн тархалтын анхны судалгааны үр дүн зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, үр дүнг танилцуулсан. Түүнчлэн ЭМЯ, БСШУСЯ, БХЯ-дын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, ЕБС-ын хүүхдүүдийн дунд сүрьеэгийн дэгдэлт гарах үед авах арга хэмжээ, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар асуудлыг шийдвэрлэх бодлогын бичиг баримтыг бүрдүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нөлөөллийн уулзалт, сургалтуудыг хийснээр олон нийтэд зөв мэдээллийг хүргэх, иргэд өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх, хаана хандах ёстой гээд анхан шатны ойлголтуудыг өгөхийн тулд бид тогтмол мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Ер нь сүрьеэгийн чиглэлийн боловсон хүчнээ хэрхэн бэлддэг вэ? Хүний нөөц хангалттай  юу?

Манай улсад цалин бага, эрсдэл өндөр, халдвар авах магадлалтай учраас залуу ажиллах хүчин сүрьеэгийн чиглэлээр ажиллах сонирхолгүй байдаг. Тиймээс сүрьеэгийн эмч, мэргэжилтний цалинг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй суралцуулах зэрэг хүний нөөц дээр анхаарах шаардлагатай байна.  Одоогийн байдлаар сүрьеэгийн эмчийн хүний нөөцийн хомсдол 40 хувьтай байна.

Улсын хэмжээнд 550 сүрьеэгийн эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа нь дэгдэлт өндөртэй, тархалт их байгаа үед маш бага тоо юм.

Мөн Япон, Автрали, БНСУ зэрэг орнуудад эмч нараа сургагч багшаар бэлтгэн суралцуулж, тасралтгүй сургалтаар хангадаг. ДЭМБ-ын зөвлөхүүд хувиарын дагуу манай улсад ирж ажилладаг.


ХОЁР. Д.ЭНХМАНДАХ : АМЬДРАЛЫН БУРУУ ДАДАЛ ХЭВШИЛ СҮРЬЕЭ БОЛОН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨР ӨВДӨХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

 

СҮРЬЕЭ : ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШНИЙ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ Arslan.mn

Манай улс сүрьеэгийн өвчлөл дээр донор, олон улсын байгууллагын тусламж, дэмжлэгийг хэр авдаг вэ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

Сүрьеэ өвчин нь агаараар халддаг, тархалт өндөр учраас нийгмийн өвчин болоод байна. Бид сүрьеэгүй болох, бууруулах зорилготой ажиллаж байна.

Гэхдээ энэ өвчлөлийг дан эрүүл мэндийн салбар, 550 эмч, мэргэжилтэн дангаараа дийлэхгүй учраас Олон улсын Глобаль сан, ДЭМБ зэрэг гадны байгууллагууд санхүүгийн болон олон талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Сүрьеэ өвчний эмчилгээ, оношлогоонд маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг Глобаль сангийн ХДХВ/ДОХ Сүрьеэгийн төслийн санхүүжилтын гэрээ 2018-2020 он хүртэл сунгагдаж хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Гэвч гэрээ дуусахад энэ их ачаалал улсын нуруун дээр ирнэ. Тиймээс одооноос шийдвэр гаргалтын түвшинд асуудлуудыг шийдвэрлэх, сүрьеэ өвчний өнөөгийн байдал ямар түвшинд байгааг олон нийтэд зөв ойлгуулах нь чухал байна.

Сүрьеэ өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс сүрьеэгийн өвчний тархалтын талаар үндэсний хэмжээний судалгаа хийгдсэн. Судалгаанаас ямар үр дүн гарав?

Монгол улсын хэмжээнд сүрьеэ өвчний тархалт ямар байгаа вэ гэдгийг анх удаа өнгөрсөн 3 жилийн хугацаанд бодит тархалтыг тогтоож гаргасан томоохон хэмжээний судалгаа хийгдсэн. Судалгааг ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн. Тооцооллоос сүрьеэ өвчний тархалт 3 дахин өндөр гарсан. Тиймээс бид сүрьеэг эрт илрүүлэхэд чиглэсэн арга хэмжээгээ нэлээд эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Манай гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан болох нь судалгаагаар нэгэнт тогтоосон.

Манайд жил бүр 4000 гаруй хүн сүрьеэтэй гэж шинээр оношлогддон, эмчилгээнд ордог бөгөөд 10 хувийг нь хүүхэд багачууд эзэлж байна . Түүнчлэн манай улсад сүрьеэгээр жилдээ 260 хүн нас барж байна. Нөгөө талаас ард иргэдийн сүрьеэ өвчний талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагаас өвчнийг эрт илрүүлж, оношлох үйл явц их удаашралтай явагдаж байгаа тул нянгийн тархалт улам хурдацтай газар авч, даамжирах гол шалтгааны нэг болж байна.

Сүрьеэ өвчнийг эмчлэхэд хугацаа их ордог гэсэн. Сүрьеэ эдгэрдэг өвчин мөн үү?

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Сүрьеэ өвчин нь 6 сараас 2 жил хүртэлх  хугацаанд эмчлэгддэг. Манай улсад өвчтөнийг 100 хувь хяналтандаа авч чадахгүй байна. Хамгийн гол нь хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Нэн түрүүнд сүрьеэ өвчин туссан хүмүүсийг албадан эмчилгээ хийх хууль шаардлагатай. Учир нь олон төрлийн эм уудаг, эм нь гаж нөлөө ихтэй, эмзэг бүлгийхэнд эмээ даруулж уух хоол хүнс дутмаг, эмээ ууж байгаад дундаас нь тасалдаг зэрэг нь эргээд эмэнд сүрьеэгийн халдвар, тоог нэмж байна. Өвчнөө эмчлүүлэхгүй яваад өгдөг, хаяг байршил тодорхойгүй, холбогдох боломжгүй болдог. Ингээд автобус, олон нийтийн газруудад өвчнөө тараагаад,  хүндэрсээр эцэст нь уушигнаас цус алдаад эцсийн шатандаа орж эмнэлэгт ирээд нас барж байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн бол зайлшгүй эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Эмчилгээ хийлгээгүй бол 2-5 жилийн дараа амь насаа алддаг гэдгийг ДЭМБ-ын судалгаа болон манай орны туршлага харуулж байна.  Тийм учраас эмчилгээг нэмэгдүүлэх, эмчилгээ хийсэн хүмүүсээ хяналтанд бүрэн авч,  жилийн хугацаанд эмчилгээ хийлгээд гаргадаг байх хэрэгтэй. Гэр бүлийн хүмүүсийг нь давхар хяналтанд авч,  6 сар тутам үзлэгт хамруулдаг эмчилгээнд хамруулдаг байх хэрэгтэй. Тэгж байж сүрьеэ өвчний эсрэг тэмцэж чадна.

Олон нийт Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлж чадах вэ?

Нэн тэргүүн барилгын агааржуулалтын асуудал маш чухал. Өрөө тасалгаа, байранд агааржуулалтыг маш сайн хийдэг байх ёстой. Ажлын өрөөнд 2 цаг тутамд 15 минут агаар оруулах шаардлагатай.Сургууль, цэцэрлэгүүдэд тогтмол агааржуулалтыг хийх, мэргэжлийн эмч ажиллуулах, эмч нарыг тогтмол сургалтанд хамруулан хүүхдүүдэд анхнаас нь зөв дадал хэвшүүлэх нь хамгаас чухал. Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэ ихсэж байгаа нь биднийг түгшээж байна.

Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг сургууль, цэцэрлэгүүдэд тогтмол оруулмаар байна. Энэ тал дээр манай БСШУЯ анхаараасай. Нусны алчуур нь жинхэнэ нян тээгч болон хувирсан. Одоо үед дэлхий нийт нэг удаагийн амны цаас хэрэглэдэг болсон байхад манайх л боловсролын хөтөлбөрт нь нусны алчуур хэрэглэхийг зааж байна. Хүн нус, цэрээ арчсан л бол шууд хаях ёстой.

Дахин хэрэглэх ёсгүй. Дахин хэрэглэснээр давтан халдвар авах нөхцөл бүрдэж байна. Тиймээс бид энэ удаагийн хэлэлцүүлэгт БСШУЯ, БХЯ, НЗДТГ гэх мэт олон талын шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.

Мөн олон нийтэд зөв дадлыг хэвшүүлмээр байна. Ядаж л амаа нэг удаагийн алчуураар дарж юмуу эсвэл хувцасруугаа найтааж, ханиаж хэвших. Хэн нэгэн таны өөдөөс хараад гараараа дарахгүй ханиалгах, найтаах тохиолдолд шаардлага тавьж сурах, олон нийтийн газар, автобусанд зорчиж байгаа тохиолдолд цонх онгойлгох, агааржуулалт оруулахыг шаардаж байх, нэгэнт оношилогдсон бол эмчилгээг дуустал хийлгэх хэрэгтэй. Энэ нь таныг аливаа амьсгалын замын, тэр дундаа сүрьеэгийн халдвараас сэргийлэх болно. Өөрөө өөртөө, гэр бүлдээ хяналт тавьж, хамгаалах нь маш чухал. Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа.


keyboard_arrow_up